Улс төр
Ерөнхийлөгч өө, АН-ын авлигачдын талаар цензургүй яри

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш “Ардын дайсан” болцгоов. Олон нийтийн сүлжээгээр тэднийг эхнэр, хүүхдүүдийнх нь зурагтай хамт жагсааж хулгайч, луйварчнаар нь дуудан жирийн ардуудаар жигшүүлэх улс төр эцэс төгсгөлгүйгээр эрчтэй өрнөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хар ПР-ын баг хийгээд АН-ынхан ч ардын дайсан тодруулах “ЖДҮ ажиллагаа”-н дээр хүч, хөг нэмцгээж байгаа харагдана. Хамгийн хоржоонтой нь МАН-ын хэд ч яах вэ. Аав, эхнэр, хүүхдүүд нь аж ахуйгаа хөтөлж хөгжүүлэхийн тулд байдаг бүхнээ барьцаалж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авцгаасан юм байгаа биз. Харин энэ дуулианы үеэр шударга дүр эсгэж, МАН-ынхныг чичлэн суугаа АН-ын дарга С.Эрдэнийн охинд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр зээл өгч албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан нь баримтаар ил болж намынхныг нь улалзуулав. Хэвлэлүүдэд “Хуучин төрийн “хулгайч” сайд”-аараа цоллуулах болсон Д.Эрдэнэбат гишүүн 2015 онд Монгол Улсын Тусгай сангийн хуулийг зөрчиж, санхүүжилт олгох журамд өөрчлөлт оруулан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэрээс дөрвөн аж ахуйн нэгжид 1.327.0 сая, сайдын 108 тоот тушаалаар дөрвөн аж ахуйн нэгжид төсөл хэрэгжүүлэхэд нь 5.028.0 сая, мөн 183 тоот тушаалаар 1.000.0 сая, бүгд 7.355.0 сая төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон талаар Сангийн яамнаас энэ оны тавдугаар сард дүгнэлт гаргасан ажээ. АН-ын удирдлагууд ийнхүү албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нь баримтаар ил болж байхад тэд том хулгайгаа нуухын тулд МАН-ын гишүүдийн хамаарал бүхийн хүмүүсийн компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан тухай дуулианаар улс төр хийж, өөрсдийнхөө булхайг саринуулах оролдлого хийцгээж байна. Үнэн хэрэгтээ УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлж хамаарал бүхий хүмүүстээ зээл авч өгсөн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байгаа шүү дээ!
Ер нь зээл яаж авдаг вэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан төдийгүй арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авахдаа тодорхой хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгөөр тухайн байгууллагатай зээлийн гэрээ байгуулдаг шүү дээ. Дээр нь зээлийн баталгаа гаргаж, эд хөрөнгөө барьцаанд тавина. Ингээд заасан хугацаанд зээлээ хүүгийнх нь хамт төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв зээлээ төлөхгүй юм уу төлж чадахгүйд хүрвэл холбогдох хуулийн дагуу асуудлыг шийддэг гэдгийг АН-ын авлигачид байтугай жирийн иргэд ч сайн мэдэх учиртай. Хамгийн сонирхолтой нь АН-ынхан МАН-ын эсрэг “ЖДҮ ажиллагаа”-г өндөр төлбөртэй, өргөн фронттойгоор явуулж байгаагаас харахад тэд өөрсдийнхөө сурсан зангаар эрх баригч хүчний гишүүдийг харж, хардаад байх шиг. Авлигачид авлигын мөнгийг ямар замаар “угаадаг” вэ, тэр л нүдээр бусдыг харж “Аан, энэ яг тэгэх нь, ер нь тэгсэн байх нь” гэсэн өнцгөөр дүгнэж байгаа нь МАН-ынхан руу чиглэсэн “ЖДҮ ажиллагаа”-аас тодорхой харагдана. Харин аав, эхнэр, хүүхдүүд нь хүмүүсийг ажлын байртай, цалинтай байлгахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш хамаг муугаараа дуудуулж яваа гишүүд АН-ын том авлигачдын дэргэд ердөө л гэнэн туулайнууд. Тэдний гэр бүлийнхний авсан зээл эдний хийсэн хулгай, луйвар, авлигын хэргүүдийн дэргэд ёстой жижигхэн “юм”.
Улстөрчдийн захиалга бүхий “ЖДҮ” ажиллагаа олон нийтийн сүлжээгээр эрчээ авах үед АН-ын гишүүдийн хувийн мэдээллийн хэрэгслүүдээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг нийслэлийн Прокурорын газраас шалгаж эхэллээ” гэсэн мэдээлэл цацагдах болов. Хачирхалтай байгаа биз! Угтаа нийслэлийн Прокурорын газрынхан мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих учиртай. Харин авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгах үүрэгтэй. Гэвч шат алгасч шууд прокурор дээр хаягласан мэдээг олон нийтэд түгээж эхэлсэн нь юуны учир вэ. Ингэхэд прокурор хэний мэдэлд байдаг билээ!? Мэдээж хэрэг, Ерөнхийлөгчийн… Тэгэхээр “ЖДҮ ажиллагаа”-н дээр хар ПР-ын багийнхантайгаа хамт хүч нэмж буй Ерөнхийлөгч арай албан тушаалаараа түрээ барьж, прокуроруудад нөлөөлөөд байгаа юм биш биз. Үйл явдлын өрнөлөөс ийм хардлага эрхгүй төрнө. Гэвч АН эрх барьж байх үед гарсан авлига, албан тушаалын томоохон хэргүүд хаана очиж замхрав. Ерөнхий сайд асан, өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг ба түүний нөхөд, Хөгжлийн банк, бонд, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк барих нэрийдлээр иргэдийн татварын мөнгөөр “тоглосон” хэрэг, “Фортуна” Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргүүд хууль хяналтын байгууллагын аль шатанд очоод замхарч, саринаж “алга болов”. Хэн тэднийг уснаас хуурай гарахад туслав!? АН эрх барьж байх үед хэдэн зуун тэрбум төгрөгийг авлига, хулгайн замаар оруулчихаад “Энэ өрийг ирээдүй үе маань төлнө” гэж иргэдийг доромжилж одсон Н.Алтанхуяг тэргүүтэн өдгөө ч эрх мэдэлтэй, албан тушаалтай байна. Тиймээс яг одоо тэднээс өрөө нэхэж, улсад учруулсан хохирлоо төлөхийг шаардацгаая. МАН-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс авсан зээлээ төлөх нь баараггүй, харин АН-ын авлигачид улсад хэдэн зуун тэрбумаар нь хохирол учруулчихаад улайх ч үгүй улстөржиж суугааг юу гэж ойлгох вэ. Өөрийн мэдлийн телевизээр хүний намынхны тухай цензургүй ярьдаг Ерөнхийлөгчөөр АН-ын авлигачдын тухай яриулъя. Тэдэнд холбогдох хэргүүдийг хэн хаана яаж замхруулсныг мэдэж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Ерөнхийлөгч өө, та АН-ын авлигачдын талаар нэг сайхан цензургүй яриач.
24barimt.mn

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.