Нийгэм
Популизмын тогоон дахь Монгол

Улстөрчид нийтийн гэхээс илүү хувийн эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьдаг. Харин тэд үүнийхээ эсрэгээр ярьдаг. Үүнийг Жеймс Буханины нийтийн сонголтын онолоор хайр сэтгэлгүй улс төр гэж нэрлэдэг аж. Уг онолд улс төрийн амлалтаар жолоодуулан нэр дэвшигчид, зах зээлд амиа бодон ажиллаж байгаа жирийн бизнесмений хооронд ялгаа байдаггүй гэж үздэг байна. Жирийн бизнесмэн хувийн эрх ашгаа боддогоо хэнээс ч нуухгүй. Харин улстөрчид тэрхүү хувийн сэдлээ бусдаас нууж чадаж байгаагаараа л ялгаатай.
Эндээс улстөрчид амин хувиа бодож улс төрд ордог бөгөөд тэд хоорондоо хуйвалдаж хуулийг өөртөө үйлчлүүлэх замаар өөрсдийн эрх мэдлийг, ашиг орлогыг яг л зах зээлийн арилжаа наймаа эрхэлдэг худалдаачид шиг нэмэгдүүлж байдаг гэсэн агуулгатай Буханины онол өнөөгийн Монголын улс төрд биелэлээ олжээ. Та итгэ, бид зүтгэнэ, бүхнийг чадна гэж гэж амалдаг улстөрчид улс орны нийгэм, эдийн засгийг хэрхэн сүйтгэж байгааг бид хангалттай харж байна.
Тэд улс төр, эдийн засагт ямар ч дүрэмгүй тоглолт хийдэг. Өөрсдийн эрх ашгийн үүднээс, олон нийтэд таалагдахын тулд дүрмээ байнга өөрчилнө. Энэ нь популизмын нэг гол шинж юм. Эх орон, улс үндэсний эрх ашгийг хамгаалсан зүйл ярих боловч алдар хүнд, эрх мэдлээ өсгөхийн тулд ард түмэнд таалагдах зорилгоор биелэх боломжгүй, худал амлалтуудыг өгөх, ийм мэдэгдлүүд хийх нь популист улстөрчдийн гол шинж гэж үздэг.
Үүний жишээг Монголын улс төрөөс төвөггүй олно. Нийгэмд ядуурал газар авч, орлогын тэгш бус байдал нэмэгдсээр байхад эрх баригчид өнгөрсө жил эдийн засаг 6.9 хувиар өссөн гэж мэдэгдэж, асар их гоёчилж, иргэдэд итгүүлэх гэж сурталчилж байгаа нь үүний нэг жишээ. Эдийн засаг тоон үзүүлэлтээрээ бол өссөн. Энэ нь сайн уу гэвэл сайн. Гэтэл дундаж иргэдийн орлого өсөөгүй харин ч багасч байгаа. Тиймээс хар бор ажил хийхээр Солонгосыг зорих монголчуудын цуваа сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт 200 хүн БНСУ-ын ЭСЯ-нд виз хүссэн өргөдөл өгч байгаа ажээ. Тэдний дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн багш нар, төрийн албан хаагчид. Зуны амралтаараа Солонгост очиж ажиллан ахиу цалин орлого олох гэж тэмүүлж байгаа иргэдээ буруутгах аргагүй. Онолоор бол хүмүүсийн хэтэвчинд хэдэн төгрөг байгаагаар л эдийн засаг өсч байгаа эсэх нь үнэлэгддэг. Тэр нь тоо, чанарын хувьд сайжрахгүй байгаагаас л иргэд хэдэн зуугаараа харийн гүрнийг зорьж, хар ажил хийхээр явж байгаа хэрэг. Төр нь хэт популизмд автаж хөрсөн дээр буусан бодлого шийдвэр гаргахгүй болохоор иргэд өөрсдөө амьдралаа аргалах гэж арга чарга хайж байгаа нь энэ.
Харин нөгөө талд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд нь зээл, дэмжлэг олдохгүй аргаа барьж, хаалгаа барихад тулж, том компани, группууд нь биеэ барьсан хүн шиг таг дуугүй. Тэд ямар нэг байдлаар эрх баригчдын бодлого шийдвэрийг эсэргүүцэх юм бол улстөрчдийн хариу үйлдэлд өртөнө гэдгээс болгоомжилж буй нь ойлгомжтой.
Ийнхүү Монгол Улс популизмын тогоон дор хөмрөгдөж орхив. Дэлхийн улс төрд гаж буруу үзэгдэл болсон популизмыг бүр монголчлоод, өөриймшүүлээд авчихсан. Монгол популизм гээч хэдийнэ бий болжээ. Энэ нь маш хортой төрлийн, аюултай популизм гэдгийг нийтлэлч Баабар дөрвөн жилийн өмнө хэлж байв.
Тэрээр Монголын популизмд Латин Америк болон Африкийн популизмын шийдлүүдийн хосолсон загвар харагдаж байна хэмээн тодорхойлсон юм. Африкийн популизмын тод жишээ болсон Нигер улс гэхэд дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгч орны нэг. Нефтийн үнээсээ бүх зүйл нь хамааралтай байдаг. Үүнтэй холбоотой тус улсын популизм нь дээрмийн шинжтэй болж хувирсан байна.
Эрх баригчид нь олон сайхан уриа лоозон дэвшүүлээд эцэстээ тэндээс бий болсон мөнгийг өөрсдөө авдаг гаж тогтолцоо тэнд үүсчээ. Монголд 2004 оноос хойш уул уурхай эрчимжсэнээр Латин Америк, Нигерийн популизмын холимог шинж чанартай үйл явц харагдах болжээ. Популистууд улс орны хэмжээний мега төслүүдийг хойш чангааж, хөгжлийн сангуудыг халаасалж, төрийн албыг наймаалцаж, түрийвчээ түнтийлгэж аваад хэзээ ч биелэхгүй учир хэрхэн хэрэгжүүлэх билээ гэж санаа зовох шаардлагагүй олон амлалтуудаар олон нийтийн тархийг угаасаан суугаа нь хамгийн том эмгэнэл юм. Дээш гарах гэсэн бүхнээ дэгээдэн татаж унагаад байдаг тамын тогооны үлгэр улс орны хөгжлийн төлөө хийж бүтээх эрмэлзэл, санаачилга бүхнийг татаж унагаад, оронд нь амар сайхандаа жаргах аз жаргалтай хотын үлгэр ярьж суудаг популизмын тогоогоор солигджээ.
Нийтлэлч Баабар:
-Олон төрлийн популизм байдаг. Бидэнд популизм хийх ямар суурь бий болсон гэхээр гэнэтийн их баялаг. Богино хугацаанд манай улсын ДНБ-ий хэмжээ 10 дахин өссөн. Богино хугацаанд асар их мөнгөтэй болсон. Үүнийг ард түмний төлөө зориулсан уу гэвэл үгүй. Ард түмэнд тараасан бэлэн мөнгө нь дөрвөн тэрбум ам.доллар болсон. Мөн ашиггүй, хэрэгцээгүй зүйлд хөрөнгө оруулсан зургаан тэрбум ам.доллар бий. Энэ 10 тэрбум ам.долларыг бид хадгалж байсан бол хямралд орохгүй байсан.
Нэг талаас нь харахад мөнгө тараагаад сайхан байгаа мэт. Гэтэл энэ бүхний ард дандаа дээрмийн зорилго байсан. УИХ-ын гишүүдэд 10 сая төгрөгөөс эхлээд хамгийн сүүлд 2012 оны эхний гурван сар гэхэд гурван тэрбум төгрөг өгч байсан. Энэ бүхний цаана хувьдаа мөнгө завших, мөнгө хийх боломж олгосон юм. Тухайлбал, гишүүдэд эхний 10 саяыг өгөхөд өөрсдөө Замын-Үүд рүү яваад эвдэрхий хөгжим гурван саяар аваад долоон саяыг нь өөрсдөө халаасалдаг байсан.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.