Улс төр
Х.Баттулгыг “Хаан” болгохын тулд монголчууд төргүй болох ёстой юу

Ийм нэгэн асуулт гарч ирэв. Төмөр замын хэргээс арайхийн мултарч, Төрийн тэргүүний сэнтийд ам мөлтөс заларсан Х.Баттулга эрх мэдлээ чамлаж эхэлснээс энэ бүхэн үүдэлтэй. МАН олонхи байгаа энэ үед МАН-аас “Хаан” тодруулах тухай яриагүй байхад мань Женко Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засаглалын тогтолцоог шинэчлэн өөрийгөө “Хаан” сэнтийд залах юм гэнэ дээ. Нэг хүний хязгааргүй их шунал, хүсэл тэчъяал шингэсэн хар номлолоо тэрбээр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй хийж, ард түмнийг дахиад л талцуулав. УИХ-ын гишүүн, сайдаар хэд хэдэн удаа ажиллаж байсан атлаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх УИХ дахь олонхид байгааг огт мэддэггүй юү, аль эсвэл мэдсэн ч төрийг шантаажилж сурсан зангаараа ийн авирлаж байна уу, ямартай ч эрх баригчдын эсрэг ганцаарчилсан тоглолт хийж эхэллээ. Гэхдээ…!
Үндсэн хуульд зааснаар, Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Харин УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт улс төр дэх хамгийн том “дайсан”, УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ыг тараах саналыг өөрийн биеэр өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2018 оны нэгдүгээр сард УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Чуулганы ирц муу байна. Гишүүд иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон байтлаа чухал асуудал хэлэлцэх үед оролцохгүй байгаа нь буруу. Ийм байдлаар явбал УИХ-ыг тараах санаачилга гаргахаас өөр арга алга” гэж айлгаснаа ийнхүү албан ёсных болгосон юм. МАН олонхи байх үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хязгааргүй их эрх мэдэл олгохгүйтэй адил парламентыг тараана ч гэж юу байх вэ. Харин Х.Баттулга Төрийн тэргүүний зүгээс “УИХ тарахгүй бол өлсгөлөн зарлах уу, би” гэж сүрдүүлсэн нь аймаар биш гэж үү! УИХ буюу төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэдэг нь “Та нар төргүй болж, намайг хаан болгоодох” гэсний дохио мөн биз. Х.Баттулга “Хаан” болбол энэ улс хэний улс болох вэ…
АН эрх барьж байх үед буюу 2012-2016 онд Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газрыг танхим дотроос нь түйвээж, журмын нөхдөө “Сайн ах”, “Мүүн ажиллагаа” зэрэг хар технологиудаараа намнаж явсан Х.Баттулга “Ерөнхийлөгч болмогцоо шүүх, прокурорыг АТГ-тай хамт атгаж, өс хонзонгийнхоо хэрэгсэл болгоно” гэж эндүүрсэн бололтой. Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараахан АТГ-ын удирдлагуудыг дуудаж “60 тэрбум”-ын хэргийн учрыг ол. Оффшороос мөнгө олж ир. Чадахгүй бол ажлаа өгцгөө” гэх сануулга өгсөн нь албан тушаалтнуудын хэргийг мөрдөн шалгадаг энэ байгууллагыг хяналтдаа авах гэсэн ашиг сонирхлынх нь нэгэн илрэл байв. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга айдастай байна. Тэр нь юу гээч!? Тэрбээр С1 телевизийн нэвтрүүлэгт өнгөрсөн даваа гарагт оролцох үеэрээ “А.Гансүхэд холбогдох хэргийг хаагаагүй, байж л байгаа” гэж хэлсэн нь үүний нэгэн илрэл болов уу. Нэг ёсондоо, улс төр дэх тойрон хүрээлэгчдийнх нь нэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хэргийг хуулийнхан хаагаагүй байна гэдэг нь Х.Баттулгыг хавтаст хэргээр барьцаалснаас өөрцгүй билээ. Тэгэхээр АТГ-ын даргыг солих гэж улайрахаас яалтай. Айдастай хүн хар массын тархийг угааж, өөрийгөө хүрээлүүлэх эцсийн сонголтыг хийдгийн сонгодог жишээ бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм. Тэгэхээр Х.Баттулга Н.Энхбаяр-2 болоход тун ойрхон байна гэсэн үг.
Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг хагаралдуулж талцуулдаг шигээ АН-ыг аль хэдийнэ хэдэн хэсэг болгон хуваасан. Черчиллийн хэлсэнчлэн “Улс төрд мөнхийн эрх ашиг байхаас мөнхийн дайсан үгүй” гэдэг ёсоор АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэн хүссэн ч, эс хүссэн ч Төрийн тэргүүнээр туг хийж, МАН-ын эсрэг улс төр хийж байгаа нь маргашгүй үнэн. Гэвч улс төр дэх тэдний түр зуурын түншлэл хэзээ хэрхэн эцэс болохыг таашгүй юм. Ямар ч байсан Х.Баттулгыг “Хаан” болгохын тулд УИХ-ыг тарааж, улс орноо төр засаггүй болгохдоо тулахгүй юм шүү. Женко ба түүний хар суртал ухуулагчид Ерөнхийлөгчийн засаглалын талаар буруу солгой бурцгаах зуур хэлэмгий доломгой Бат инженер “Энэ УИХ муу муу. Нялайсан факт. Гэхдээ л дараагийн УИХ-ын хажууд бурхны бүрэлбаа шахуу юм уу даа. Учир нь дараагийн УИХ-д зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид, цаазын ялыг сэргээгчид, 37 оныг эхлүүлэгчид орно гээд нэг сайн бод доо, та нар” хэмээн жиргэжээ. Х.Баттулгын бригадийнхны далд ашиг сонирхлыг улстөрчид төдийгүй иргэд ч ийнхүү “уншчихдаг” болж дээ. Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч нь өөрийн мэдлийн телевиз, олон нийтийн сүлжээгээр УИХ, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийж, ард түмнийг талцуулж байгаа нь ёстой л түүний ПР-чдын хэлдгээр үндэсний аюултай байдал юм даа. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга ард түмний эрх ашгаар өнгөлөн далдлалт хийж МАН-ын эсрэг улс төр хийх гэсэн биш Монгол төрийг мохоох хар технологио хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихлээ. Ингэхэд тэр хэний захиалгаар Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг тулгах болов. Сонин биш гэж үү!?
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.