Улс төр
Сайд нарт хариуцлага тооцох “ЧЕЛЕНЖ” үргэлжлэх үү?

Сайд нар хариуцлагаа хүлээж өөрийн хүсэлтээр суудлаа өгдөг жишиг тогтож байгаа нь сайшаалтай. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өчигдөр /2018.10.31/ уучлал гуйж, сайдын албан тушаалаа өглөө. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг өөрийн болон төрийн өндөр албан тушаалтан, түүний хамаарал бүхий компаниудад их хэмжээгээр зээл олгосон шалтгаанаар ийнхүү сайдын суудлаасаа буулаа.
Зээл авсан гишүүдийг тойрсон асуудал өчигдөр үндсэндээ шаргал ордны халуун сэдэв байв. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх “УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн компанид зээл авсан нь тодорхой болсон. Үүнтэй холбогдуулаад уг асуудлыг хариуцдаг салбар яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг огцруулна” гэж мэдэгдэн, МАН-ын бүлэг ч энэ асуудлыг шуурхайлан хэлэлцлээ. Бүлгийн хурлын дараа түүнийг чөлөөлөх болсныг танилцуулж, үргэлжлүүлэн Б.Батзориг хэвлэлийнхний өмнө гарч ирэн, “Би хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа мэдэгдэж байна” гэсэн маш товчхон мэдэгдэл хийсэн билээ.
Юутай ч хариуцлагын тогтолцоо үйлчилж, салбарын сайд нь алдаа гаргасныхаа төлөө ажлаа өгдөг жишиг тогтож байгаа нь сайн хэрэг. Ердөө сарын өмнө Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нарын хооронд өрнөсөн маргааны улмаас хүн амь нас хохирч, Ж.Бат-Эрдэнэ сайдын суудлаасаа мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв. Үндсэндээ ганцхан сарын дотор У.Хүрэлсүхийн Засгийн газраас хоёр ч сайд чөлөөлөгдчихлөө. Сайд огцорсноор тухайн салбарт гарсан алдаа дутагдал арилдаг бол өөр хэрэг. Гэхдээ хариуцлага хүлээх жишиг нь нийгэмд гарч буй томоохон өөрчлөлт гэлтэй.
Харин сайд нарт хариуцлага тооцох “челенж”-ийг цааш үргэлжлэх үү гэдэг асуулт одоо гарч ирж байна.
Хариуцлагын асуудал яригдах дараагийн сайд Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар байж болох юм. Шинэхэн сайд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь илэрсэн. Түүнээс зээл авсан эсэхийг тодруулахад “Манай эхнэрийн компани, эхнэр ч тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа” хэмээн мэлзэж байсан удаатай. Мөн тэр “Манай эхнэр найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод удаж байгаа” гэсэн хариулт өгч байсан юм. Гэтэл тус компани нь түүний өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” ХХК болохыг сөрөг хүчнээс баримтаар дэлгээд байна. Эрхэм сайдын “Эпота Анарваан” ХХК ЖДҮ-ийн сангаас 1.2 тэрбум төгрөг зээлжээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан үйлдэл нь хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдох юм байна.
ЖДҮ-ээс төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал нь Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг өөрөө тарах шаардлага тавихад хүргэж байгаа бололтой. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна” гэсэн. Тэрбээр мөн “Хоёр, гурван гишүүн нийлээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг, нэг тэрбум төгрөгийн зээл аваад банк бус санхүүгийн байгууллага руу хийдэг. Ингээд түүгээрээ дамжуулан мөнгө хүүлээд байна гэх мэдээлэл жилийн өмнө надад ирсэн. Би тухайн үед итгээгүй. Арай ч тийм зүйл байхгүй болов уу гэж бодсон. Тэд тэрбум төгрөгөө бэлнээр аваад, 100 мянга, сая гэх мэт бага багаар нь банк бус санхүүгийн байгууллага руу хийхээр хэн хийж байгаа нь мэдэгддэггүй юм байна” гэжээ.
Тэгэхээр ЖДҮ-ийн зээлийн асуудал ХХААХҮ-ийн сайдыг нь огцруулснаар намжихгүй л болов уу! Салбарын сайдаас гадна энэ асуудалд УИХ-ын олон арван гишүүдийн нэр холбогдоод буй. УИХ дахь МАН-ын бүлгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцно гэдгээ зарласан.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хяналт, шалгалт оруулах ёстой. Үнэхээр хуулийн дагуу зээл, тусламжаа олгосон эсэхийг нь шалгаж тогтоох хэрэгтэй. Хэрэв гишүүдийн нэр холбогдоод байгаа зүйл үнэн бол хариуцлагаа хүлээж, уучлалт гуйх нь зүйн хэрэг. Зээл авсан хүмүүс эргүүлж мөнгөө төлөх ёстой. Хууль, хяналтын байгууллагад долоон гишүүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн. Хариуцлага тооцох ёстой бол тооцно” гэж өчигдөр байр сууриа илэрхийлжээ. Энэ бол МАН-ын бүлгийн байр суурь гэсэн үг.
ЖДҮ-ээс 950 саяас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан гэх УИХ-ын гишүүдийн нэрс сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлагдах болсныг хараагүй хүн үлдээгүй байх. Хууль, хяналтын байгууллагууд ч энэ асуудлыг барьж авснаа, лавшруулан шалгахаа илэрхийлж эхэллээ. Харин одоо хариуцлагын “желленж” хэрхэн үргэлжлэхийг харах үлдэж байна.
ЖДҮ–ээс зээл авсан гэх УИХ-ын гишүүдийн нэрс:
1. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” ХХК-д 1.2 тэрбум төгрөг,
2. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” ХХК-д 1.4 тэрбум төгрөг,
3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
4. УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөг,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК 950 сая төгрөг,
6. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” ХХК 950 сая төгрөг,
7. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 950 сая төгрөгийг тус тус зээлсэн гэгдэж буй.
Үүн дээр нэмээд УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэр дурдагдаж байгаа. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл хэвлэлд гарч, АН-ын зүгээс түүний нэрийг холбогдуулан зарлаад байгаа ч “Нүүдэлчин агро фирм” мэдээллийг үгүйсгэж, шүүхэд хандахаа мэдэгдээд буй.
М.Бүүвэй

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.