Бусад
ЗӨВЛӨГӨӨ: Зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан дасгал, хөдөлгөөн

Зүрх судасны өвчтэй болон артерийн даралт ихтэй хүмүүст зориулсан дасгал хөдөлгөөний тухай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
-Бие халаалт хийх-
5-10 минутын бага хүч шаардах аэроб, хөдөлгөөн (алхах, дугуй унах…,) хийнэ. Бие халаалт нь биеийн булчин үе мөч, зүрх, уушгийг ачаалалт хөдөлгөөнд бэлтгэж байгаа явдал юм. Богино хугацааны бие халаалтын дараа булчин сунгах дасгалыг мөн 5-10 минут хийнэ. Биеийн идэвхитэй хөдөлгөөний үед булчин сунахын зэрэгцээ бүх бие халах байдал үүснэ. Үүний дараа дулаанаа аажим алдах (хөргөх) үйл явц болох бөгөөд энэ нь бие халаалттай адил механизмтай. Энэ нь мөн 5-10 минут үргэлжлэх ба зүрхний цохилтыг хэвийн хэмжээнд болгоход чиглэнэ.
Хөдөлгөөн хийхээс өмнө ус хэрэглэх нь дасгалын явцад жин хасагдаж хөлрөх үед дасан зохицоход нэн шаардлагатай зүйл билээ.
Дасгалын үед ус их чухал бөгөөд усгүйжил нь бие махбодийн глюкозийн түвшинг ихэсгэж улмаар зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Идэвхтэй хөдөлгөөн болон дулаан зарцуулалтын үед ус нь амин чухал хэрэгцээ байдаг. Хангалттай усны хэмжээг бий болгохын тулд идэвхитэй хөдөлгөөнөөс ойролцоогоор 2 цагийн өмнө 0.5 литр орчим ус уусан байвал зохино. Хөдөлгөөн хийхээс өмнө ус хэрэглэх нь дасгалын явцад жин хасагдаж хөлрөх үед дасан зохицоход нэн шаардлагатай зүйл билээ.
-Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөний хувилбарууд-Тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийх нь зүрх судасны өвчний эрсдэл, цусан дахь холестрины хэмжээг бууруулахад туслана. Явган явах нь зүрх судасны өвчтэй хүмүүст хамгийн тохиромжтой хөдөлгөөн юм. Түүнээс гадна бусад төрлийн дасгал хийхдээ эмчийн зөвлөгөөний дагуу ачааллаа зөв тохируулах шаардлагатай байдаг. Дасгалыг бие халаалтаар эхэлж, намдуу зөөлөн хөдөлгөөнөөс аажим эрчимтэй хөдөлгөөнд шилжин, бие махбодод хэт ачаалал өгөхгүй байх нь чухал.
Анхааруулга: Дасгалын зарчмыг зүрх судасны өвчтэй хүмүүст байнга зөвлөж сануулж байх нь зүйтэй. Дасгалын явцад судасны лугшилт хэт түргэсэх, амьсгал давчдах, цээжээр өвдөх буюу ерөнхийдөө ядрах зэрэг шинжүүд илэрвэл дасгалын эрчмийг бууруулах эсвэл зогсоох хүртэл арга хэмжээ авна.
-Дасгалын хэлбэрүүд-
Аэроб дасгал хөдөлгөөн: алхах, гүйх, дугуй унах, усанд сэлэх, шатаар өгсөх,
Аэроб дасгал: Алхах хөдөлгөөн хамгийн чухал. Алхах нь хүний биеийн бүтэц бие махбодын үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой бөгөөд хөгшин, залуу ялгаагүй л бүх хүмүүс сайн муу ямар ч орчинд хийж болох хөдөлгөөн юм.
Биеийн байдалдаа тохируулан удаанаас хурдан дэс дараалалтай алхах хөдөлгөөнийг нэмэгдүүлэх явдал юм. Удаан хугацаанд алхаж дадсан хүн аажимдаа шогших, улмаар гүйж биеэ хөгжүүлж болно.
Дасгалын хэлбэр: Өглөөний цэвэр агаарт алхах,
Давтамж: Өдөр бүр
Эрчим: Багаас дунд эрчимтэй
Хугацаа: 3 минутаас аажмаар 60 минут хүртэл нэмэгдүүлэх
-Цусны даралт ихдэх өвчний үед хийх дасгал хөдөлгөөн-Аэроб дасгал: Өгсөж, уруудаж алхах
Алхалт нь цусны даралт бууруулж тогтмолжуулан цус харвалтад өртөх эрсдэлийг бууруулдаг. Явган алхах нь тусгайлсан тоног төхөөрмж шаарддаггүй мөн жилийн ямар ч улиралд ямар ч цаг агаарт өөрийн тохиромжтой үед хийх боломжтой юм.
Алхалтын хэлбэрүүд:
-Удаанаас түргэн
-Ухарч алхах
-Алхалтан дундаа эргэж алхах
-Алхалтаас аажим зөөлөн шогших
-Түргэн алхалтаас шогших
-Өгсөж, уруудаж алхах
-Агаар салхинд явж байхдаа 4 алхам тутамд амьсгал авч 4 алхам тутамд амьсгал гарган амьсгалж сурах хэрэгтэй.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.