Нийгэм
“Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндсэн ажилтан илгээх зөвшөөрлийг ХНХЯ-наас ямар ч хуулийн этгээдэд олгоогүй”

Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр “Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилтнаар ажиллахад зуучлана” гэсэн зар ихээр явуулж буйтай холбогдуулан дараах сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргүүлж байна.
Тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд ажиллах хүч гадаадад илгээх нь хуулиар хориглосон үйл ажиллагаа юм. Тус яам нь Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндсэн ажилтан илгээх тусгай зөвшөөрлийг одоогоор ямар ч хуулийн этгээдэд олгоогүй байна.
Тус яамнаас өмнө олгосон ур чадварын дадлагажигч илгээхэд зуучлах тусгай зөвшөөрөл нь үндсэн ажилтан буюу хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх үйл ажиллагаанд хамааралгүй, зөвхөн УР ЧАДВАРЫН ДАДЛАГАГЧ илгээхэд зуучлах тусгай зөвшөөрөл болно.
Иймд Япон Улсад үндсэн ажилтан илгээх, уг агуулгаар олон нийтэд зар түгээх, иргэдийг бүртгэх нь Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих” зөрчил болохыг анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулиас
10.13 дугаар зүйл. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих
1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авч ажиллуулсан, эсхүл ажиллах хүч гадаадад гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.