Нийгэм
Г.Шагшжав: Түрээсийн орон сууц ашиглалтад орсны дараа иргэдийг бүртгэж эхэлнэ
“Түрээсийн орон сууц” хөтөлбөр батлагдсанаас хойш буюу 2015 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн нийт 1,512 айлын орон сууц ашиглалтад ороод байна. Өнөө жилийн хувьд улсын хэмжээнд нийт 1,542 айлын орон сууц шинээр ашиглалтад орохоос 972 нь нийслэлд буюу “Буянт- Ухаа 2” хороололд бөгөөд тун удахгүй ашиглалтад орох аж. Иймээс энэ асуудалтай холбогдуулж иргэд хэзээнээс бүртгүүлж эхлэх, ямар шалгуур эрэмбээр тэнцэх зэрэг цаг үеийн тодруулгыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ -ийн Гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын мэргэжилтэн Г.Шагшжавтай уулзаж тодрууллаа.
-Түрээсийн орон сууц иргэдийн дунд өндөр хүлээлттэй байна. Иймээс шинээр ашиглалтад орох “Буянт- Ухаа 2” хороолол болон хөдөө, орон нутагт баригдаж байгаа орон сууцнууд хэдийгээр ашиглалтад орох тухай мэдээлэл өгнө үү?
-“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн 972 айлын орон сууцны барилгын ажил 90 хувьтай яваа бөгөөд энэ сараас дулаан холболт, дотор заслын ажил хийгдэж эхэлсэн. Ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Харин орон нутгийн хувьд Хөвсгөл аймагт баригдсан 120 айлын орон сууцыг Улсын комисст хүлээлгэж өгсөн. Говь-Алтай, Орхон аймагт баригдаж байгаа орон сууцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Энэхүү хөтөлбөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар баригдаж байгаа тул өмчлөлийн хувьд ТОСК -д хамааралгүй юм. Иймээс одоогоор манайх хариуцаж ажиллах уу, эсвэл Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/ – руу шилжүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байна.
Мөн баригдсан орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууц болгож, хэдэн хувийг худалдаж борлуулах нь ч шийдэгдээгүй. Эдгээр орон сууц ашиглалтад орсны дараа Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.
-Түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг цахим бүртгэлээр хэзээнээс, хэрхэн бүртгэж эхлэх вэ?
-Эдгээр орон сууц ашиглалтад орж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дараа бүртгэлийг албан ёсоор эхлүүлнэ. Өмнө нь хэлсэнчлэн энэ ажлыг ямар байгууллага хариуцаж ажиллах нь тодорхойгүй учраас цахим бүртгэлийг эрт явуулах боломжгүй байна. Гэхдээ бүртгэлийн программ хангамж бэлэн буюу сайтдаа цахим бүртгэлийн цонхоо байршуулахад бэлэн болсон. Иймээс бүртгэл эхлэх үед бид байгууллагынхаа сайт болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор зарлах болно.
-Цахимаар бүртгэсний дараа тодорхой шалгуураар иргэдийг эрэмбэлнэ гэж байсан. Ямар шалгаруураар, хэрхэн эрэмбэлэх юм бэ?
-Зорилтот 8 бүлэг буюу залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өрх толгойлсон эцэг, эх, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийг халамжилдаг гэр бүл, байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрх хамрагдах ёстой.
Гэхдээ энэ нь хамгийн эхний шалгуур юм. Үүн дээр нэмэгдээд гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй, тогтмол орлоготой байх, орлого нь түрээс болон ашиглалтын төлбөрөө төлөөд өрхийн зардлаа хангахад хүрэлцээтэй байх шаардлагатай. Улаанбаатар хотод хамрагдах бол хотын иргэн, хөдөө, орон нутагт бол тухайн газраа харьяалалтай байх ёстой зэрэг шалгуурыг тавьж байна. Эдгээр шаардлагыг хангасан иргэдээ эрэмбэлэх юм.
-Эдгээр шалгуур, нөхцөлийг хангасан иргэд олон. Иймээс тэднийг хэрхэн эрэмбэлж, жагсаах вэ?
-2017 оноос хойш зорилтот бүлэг тус бүрээр нь эрэмбэлдэг болсон. Тухайлбал, төрийн албан хаагч бол төрд ажилласан жилээр нь, залуу гэр бүлийг хамгийн олон хүүхэдтэйг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадамжаа алдсан хувь хэмжээгээр, байгалийн гамшигт нэрвэгдсэн бол он, цаг, хугацаагаар нь, өрх толгойлсон эцэг эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг хүүхдийнх нь тоогоор, өндөр настнуудыг насных нь байдлаар гэх мэтчилэн эрэмбэлнэ.
-Тогтмол орлоготой иргэд хамрагдана гэж хэллээ. Хэдэн төгрөгийн орлоготой иргэн түрээсийн орон сууцад хамрагдах боломжтой вэ?
-Үүнийг тодорхой хэлэх боломжгүй. Учир нь байрны м.кв – аас шалтгаалаад өөр, өөр үнэтэй байна. Түрээсийн орон сууцыг нийслэлд 1 м.кв нь 6,000 төгрөг, орон нутагт 4,500 төгрөг байхаар 2017 онд шинэчлэн тогтоосон. Жишээлбэл, “Хангай” хотхоны 21м.кв талбайтай 1 өрөө байрны түрээсийн үнэ 138,000 орчим төгрөг байдаг бол “Буянт-Ухаа 2” хорооллын 68 м.кв 2 өрөө байр 415,000 төгрөг байх жишээтэй. Хоорондоо харилцан адилгүй учраас иргэдийн орлогийн чадвараас нь хамаараад ТОСК – аас байрыг хуваарилдаг.
-Эхний шалгуурт тэнцсэн иргэд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Дээрх шалгууруудыг хангаад дээгүүр эрэмблэгдсэн иргэд дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт, өргөдөл, өөрийн хувийн орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын лавлагаа, хөгжлийн бэрхшээлдээ иргэн хөдөлмөрийн чадамжаа алдсан акт, байгалийн гамшигт нэрвэгдэж гэр оронгүй болсон хүмүүс онцгой байдлын ерөнхий газраас дүгнэлт зэргийг тус тус авчрах юм. Мөн тухайн өрх орлогоо нотлох ёстой.
Нийгмийн даатгал төлдөг бол дэвтрийн хуулбараа, хувийн байгууллагад ажиллагсад дансаараа цалин авдаг бол дансны хуулгаа авчрах, харин хувиараа бизнес эрхэлдэг иргэд хувийн хар дэвтэр, орлого төвлөрүүлдэг дансны хуулга эсвэл түрээсийн гэрээний хуулбар гэх мэт холбогдох бичиг баримтууд бүрдүүлэх ёстой. Гэхдээ цаасаар материал бүрдүүлэхээсээ өмнө цахимаар бүртгүүлээд эрэмблэгдэнэ гэдгийг сайн анхаарах ёстой. Тодруулбал, тэнцсэн иргэд л цаасаар бичиг баримт бүрдүүлж, биеэр авчирч өгөх ёстой юм.
-8 зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн хуваарилж, түрээсийн орон сууцад хамруулах бол. Аль нэг бүлгийг илүү түлхүү хамруулна гэсэн заалт бий юу?
-Түрээсийн орон сууцад хамрагдах квот буюу хувийг тодорхой заасан. Жишээлбэл, нийслэлд төрийн албан хаагч 25, залуу гэр бүл болон хувийн байгууллагад ажилладаг, хувиараа бизнес эрхлэгч тус бүр 20, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх болон өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн тус бүр 5, ахмад настан 15 хувь байхаар тус тус тогтоосон.
-Одоогоор 1,512 айлын орон сууц ашиглалтад орсон. Энэхүү орон сууцанд орохын тулд хэдэн хүн бүртгүүлж, хэд нь байрандаа орсон бэ. Материалаа өгсөн ч хамрагдаж чадаагүй үлдсэн иргэд дахин бүртгүүлж болох уу?
-Хамгийн эхний бүртгэлээр 2,500 гаруй хүн бүртгүүлсэн. Үүнээс Улаанбаатар хотод 787 орон сууцанд 787 зорилтот бүлгийн иргэн байрандаа орж чадсан. Материалын бүртгэл 1 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Иймээс өмнө нь хамрагдаж чадаагүй иргэд материалаа дахин өгөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, шинээр дахин бүртгүүлэх ёстой юм.
-Түрээсийн орон сууц зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа юу? Байрандаа орсон 1,500 гаруй өрхийн 500 нь зорилтот бүлэгтээ хүрсэн гэсэн мэдээлэл байна.
-100 хувь зорилтот бүлэгтээ хүрч чадсан. Тиймээс энэ бол ташаа мэдээлэл гэж хэлмээр байна.
-”Аймаг бүрт 1,000 айл” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ онд аль, аль аймагт орон сууц барьж ашиглалтад оруулах вэ?
-”Аймаг бүрт 1,000 айл” орон сууцны хөтөлбөрийн хувьд энэ жил Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус бүр 120 айлын орон сууц, Орхон аймагт 315 айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Хөвсгөл аймгийн барилгыг Улсын комисс хүлээгээд авчихсан. Үлдсэн 2 аймгийн орон сууцны ажлын гүйцэтгэл 80-90 хувьтай байна. Гэхдээ дахин хэлэхэд Засгийн газраас түрээсийн орон сууц болгох уу, худалдан борлуулах уу гэдгийг эцэслэн шийдээгүй байгааг иргэд сайн анхаарах хэрэгтэй.
-Гадуур түрээсийн орон сууцад зуучилж өгнө гэсэн зар их гарах болж. Энэ ямар учиртай мэдээлэл вэ?
-Манай байгууллагын нэрийг бариад түрээсийн орон сууцад зуучилна гэсэн зар их гарах болж. “Буянт- Ухаа 2” хороолол албан ёсоор ашиглалтад орж, Засгийн газраас тогтоол шийдвэр гарсны дараа албан ёсоор иргэдээ бүртгэж эхэлнэ. Тиймээс иргэдийн эрэлтийг далимдуулж ийм залилан гараад байгаа учир сэрэмжлээрэй гэж хэлмээр байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна