Бусад
Дэлхийн хачирхалтай нууцууд цуврал: Ярьдаг мангуст Жеффийн домог

Мангуст буюу могойч хулганыг монголчууд мангис гэж нэрлэдэг. Могой агнахдаа гаргууд энэ амьтныг монголчууд сайн мэддэг. Тэгвэл ярьдаг мангисын тухай хачирхалтай түүх энэ зууны эхээр хэвлэлийн нүүрийг чимж, тив дамнасан шуугиан дэгдээж байсан хачирхалтай явдал болж байсан аж. Хүний хэлээр ярьж чаддаг Жефф нэртэй мангисын талаарх хачирхалтай ам дамжсан яриа, домгийг хүргэж байна. Гэхдээ энэ нь ор тас худал зүйл гэж шууд бодрохгүй байхыг уншигчдаасаа хүсч байна. Жеффийг олон ухаантай хүмүүс хангалттай судалсан бөгөөд бүгд ор тaс үгүйсгээгүй байдаг. Олон жилийн өмнө дэлхийн хэвлэлүүд энэ талаар шуугиад өнгөрсөн юм.
Хачирхалтай амьтан
Түүнийг харь гаригийнх, мангустын биед хувирсэн сүнс эсвэл зэрэгцээ ертөнцөөс ирсэн хэн нэгэн үү гэдгийг хэн ч мэддэггүй. Ямар ч байсан л ийм амьтан байсан юм.
Бүх зүйл 1931 онд Мэн арлын Доарриш Кешен фермд эхэлжээ. Фермийн эзэд болох Ирвингийн гэр бүлийнхэн /Жеймс Ирвинг, эхнэр, охин Варагийн хамт/ есдүгээр сарын нэгэн өглөө байшингийнх нь дээвэр дээр харх ч юм уу нэг амьтан түчигнэхийг сонсчээ.
Доарриш Кешен ферм.
Тэгээд үл мэдэгдэх амьтныг илрүүлэхээр ухаж, төнхөж гарч. Ингээд хайсан зүйлээ олоод мэл гайхаж, цэл хөхөрнө гэгч болж дээ. Энэтхэгт байдаг могойч хулганатай төстэй тэр амьтан хүүхдийн гэмээр нарийн хоолойгоор Жеймсийн гэр бүлийнхэнтэй ярьж эхэлсэн хэрэг. Ирвингийн гэр бүл тэр үед уг амьтныг дээвэр дээр хэдэн долоо хоног болохдоо яриаг нь сонссоор байгаад хүний хэл сурчээ гэж боджээ. Гэтэл тун удалгүй андуурснаа мэдсэн гэнэ.
Мангуст Жеффийн өөрийнх нь зөвшөөрлөөр дарсан гэх гэрэл зураг.
Мангуст өөрийгөө Жефф гэж танилцуулаад 1852 онд Энэтхэгийн Делид төрсөн, ямар нэгэн учир шалтгаанаар нутгийнхаа эрх баригчдаас зугтаж, хөлөг онгоцонд суун Их Британи руу гарсан гэж ярьсан байна.
Тэгээд амьдрах орчин таалагдахгүй байгаа учраас илүү дээр нөхцөлд бүрдүүлж өгөхийг Ирвингийнхний гэр бүлээс шаардсан аж. Биелүүлээгүй тохиолдолд фермийн бүх шувууг алж устгана, тэр бүү хэл хүмүүсийг ч хөнөөнө хэмээн заналхийлжээ.
Айсан гэр бүлийнхэн мангустыг устгахаар урхи тавьж, хор цацан хэрэндээ л тэмцсэн боловч маш ухаантай тэр амьтан огтхон ч ажирсангүй. Харин ч гарч ирээд гэр бүлийг нь хүйс тэмтрэхэд хичнээн амархан болохыг харуулах гэж шүдэнз зурж үзүүлсэн гэдэг.
Вара Ирвингийн өрөө, шүүгээн дээрх Жеффийн эзэмшил хэсэг.
Ингээд Ирвингийн гэр бүл бууж өгч, охиныхоо өрөөнд тохилог үүр засч өгөн, түүнээс хойш Жефф тэдний гэр бүлийн нэг гишүүн шиг байх болсон гэдэг билээ.
Хэвлэлийнхэн мэдэв
Өөрт нь зохих ёсоор анхаарал хандуулсны хариуд хүмүүст хор хүргэхгүй гэсэн амандаа Жефф хүрч, өдөр хоногууд ном журмаараа айвуу тайван өнгөрч байтал ээлжит адал явдал эхлэх нь тэр. 1932 оны эхээр “Daily Dispatch” сонины сэтгүүлч Ирвингийн гэр бүлд ирснээр хачирхалтай мангустын талаар улс даяараа мэддэг болсон байна. Сурвалжлагч үзсэн харсан зүйлийнхээ тухай “Тэр амьтныг яг ярьж байхыг нь харсан уу гэвэл үгүй. Гэхдээ хэн нэгэн хүмүүн бусын хоолойгоор ярьж байхыг сонссон уу гэвэл, тийм” хэмээн бичсэн байна.
Эхнэр, нөхөр Ирвинг Ричард Ламбертын хамт.
Эхний энэ мэдээ гарсны дараа хэвлэлүүд үл итгэх байдлаар хүлээн авч, тэр ч байтугай Ж.Редклифф хэмээх сэтгүүлч “Хүмүүн бусын хоолой гээд байгаа нь охин Варагийнх нь” гэж хүртэл бичив. Нүүрээ хийх газаргүй болтол бичүүлсэн Ирвингийн гэр бүлийнхэн сүүлдээ тэсгэл алдаж, тухайн үедээ нэр алдартай сэтгүүлч болох Гарри Прайст хандан, фермд нь зочилж, мангуст үнэхээр ярьдаг үгүйг нүдээрээ үзэн олон нийтэд мэдээлж өгөхийг хүссэн байна. Г.Прайс энэ үед Руди Шнайдер гэгч бас нэг гоц хүний гоц үзэгдлийг судлаад завгүй байсан тул өөрийнхөө оронд туслах Деннис гэгчийг явуулахаар болжээ. Деннис 1935 онд фермд очихдоо ВВС агентлагийн харъяа “The Listener” сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Ламберт гэгчийг дагуулж очсон гэдэг. Тэдний аяллын үр дүн дараа жил нь “The Haunting of Cashen’s Gap” хэмээх нэртэй ном болж гарсан билээ.
Мангуст Жеффийн дүр төрх
Жефф эхлээд хүмүүсээс зугтан гүйдэг байснаа нэг өдөр өөрөө санал тавин Варагаар зургаа авахуулахаар болжээ. Одоо Гарри Прайсын архивт байдаг тэр зургаас харвал Жеффийн бие томхон хархны дайтай, төстэй болохоор нь л мангуст гээд байгаагаас бус яг ч бас мангуст биш болох нь мэдэгдэхээр ажээ. Хөлийн хуруу нь хүнийхтэй төстэй буюу гурван урт, нэг богино бүдүүн хуруутай. Түүгээрээ юмсыг тогтоон барьж чаддаг аж. Британийн музейн ажилтан Режинальд Поукок Жеффийн тавхайн мөрийг бэхжүүлж авсан нь өөр ямар ч амьтныхтай адилгүй байжээ.
Зан чанарын тухайд их эрхэмсэг бардам, анхаарал хандуулахыг шарддаг боловч гэр бүлийн гишүүдийн хувийн орон зайг хүндэтгэж, хүндрэл учруулдаггүй байсан гэх. Гэвч сүүлдээ хүмүүс ихээр ирэх болсон нь Жеффийг уурлуулж, нэгэнтээ маш чанга хашгирсны дараа дахин хэнтэй ч яриагүй гэдэг билээ. Бүр Үндэсний аюулгүй байдлын алба Жеффийг ирж сонирхсон ч яриулж чадаагүй гэдэг билээ.
Жеймсийн гэр бүлийнхэн 1937 он фермийг орхин нүүсэн бөгөөд хүмүүс мангустынх нь талаар асуухад аль эрт явчихсан гэсэн гэдэг.
Ирвингийнхнийг нүүсний дараа энэ фермд нүүн ирж суурьшсэн айлын эзэн 1946 онд хачирхалтай нэгэн амьтныг буудаж алсан тухай яриа дэгдэхэд Британи даяар Жеффийг эргэн санасан юм. Харин Жеймсийн охин Вара Жеффийг маш ухаантай учир ийм тэнэг үхлээр үхэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг билээ.
Эцэст нь хэлэхэд, дээр нэр дурдагдсан Жеймс Деннисээс өгсүүлээд маш олон хүн Жеффтэй ярилцаж үзсэн байдаг бөгөөд энэ нь мангустын талаар ердийн таамаг дэвшүүлэхэд саад болсоор иржээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.