Нийгэм
О.Машбат: Үндсэн хуулийн хямрал гэж яриад байгаа дийлэнх асуудал нь Үндсэн хуулийн хямрал биш байдаг
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн, улс төр судлаач О.Машбаттай ярилцлаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлнэ. Ингэхдээ Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна гэжээ. Хэрэв 72 цагийн дотор батламжлахгүй бол яах вэ?
-Парламентын засаглалтай бүх улсад Ерөнхийлөгч идэвхгүй элемент байдаг. Ерөнхийлөгч ямар үед идэвхждэг вэ гэхээр Засгийн газар, парламент хоёрын дунд маргаан гарсан тохиолдолд бүр тухайлан парламент нь Засгийн газраа огцруулах, Засгийн газар нь парламентаа тараах гэж байгаа тохиолдолд идэвхждэг.
Байдал тогтвортой байх үед Ерөнхийлөгч харьцангуй унтаа систем юм. Нөхцөл бүрдсэн үед эрх нь олгогддог болохоос биш үүсээгүй үед өөрөө санаачилга гаргах эрхгүй гэсэн үг. Хууль санаачлах гэх мэт.
Бид аль болох тэр системд нь буцааж аваачихыг зорьж байгаа. Ерөнхийлөгчийг яагаад хугацаагаар шахаж байгаа вэ гэхээр 72 цагийн дотор улс төрийн санаачилга гаргах боломжийг нь багасгах л зорилготой юм.
Хэрэв 72 цагийн дотор батламжлах үүргээ гүйцэтгээгүй бол заавал Ерөнхийлөгчөөс асуух шаардлагагүй болчихож байгаа юм. Ёс төдий гэсэн үг.
Гэхдээ сайд нарын бүрэлдэхүүнд илэрхий хууль бус үндэслэл байвал батламжлахгүй байж болно. Харин үндэслэлээ тайлбарлах ёстой болно.
-Үндсэн хуулийн өөрчлөлт дунд Хянан шалгах түр хороо байгуулах тухай гэж оруулсан байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Хууль гэдэг цогц систем. Нэгнээс нь юм авчихвал нөгөө талд нь тэр хэмжээгээр заавал нэг юм дутна. Эсвэл ихэднэ. Тэнцвэртэй байх ёстой гэсэн үг.
Төрийг ажилладаг болгохын тулд Засгийн газрын бие даасан байдлыг хангах гээд байна. Засгийн газрын бие даасан байдлыг хангах гэж байгаа бол нөгөө талд нь парламентыг ажилтай болгох хэрэгтэй. Ажиллах механизмуудыг нь тавьж өгч, илүү тодотгох хэрэгтэй юм.
Засгийн газрыг дангаар нь бие даасан болгочихоод хяналтын механизмийг нь бий болгохгүй бол жинхэнээсээ Ерөнхий сайдын дарангуйлал бий болно. Парламентын хянан шалгах түр хороо гэдэг нь ийм үүрэгтэй.
Хянан шалгах хороо ажиллаж эхэлбэл дахиад өөрийг нь зохицуулах хэрэгтэй болно. Хянан шалгах хороо нь гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа руу орж болохгүй. Мөн шүүх эрх мэдлийн байгууллага руу орж болохгүй. Эдгээр асуудлыг зохицуулахын тулд хязгаарлалтуудыг нь зааж өгөх хэрэгтэй.
Нэгдүгээрт, шүүхээр шийдэгдсэн юм уу эсвэл мөрдөн байцаалтад байгаа хэрэг дээр хянан шалгах түр хороо байгуулж болохгүй.
Хоёрдугаарт, хянан шалгах түр хорооны дүгнэлт нь шүүх, шүүгчид үүрэг болох ёсгүй. Шүүгчийг хамгаалж байна шүү дээ. Гэхдээ шүүгч хүсвэл, шаардлагатай гэж үзвэл хянан шалгах хорооны явцад авагдсан материалыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхээ өөрөө шийдэх ёстой.
Хэрэв хянан шалгах түр хорооны материал гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл мөн цааш нь шалгах ёстой гэж үзвэл холбогдох байгууллага руу УИХ шилжүүлнэ. Тэрнээс биш тэг ингэ гэж хэлж болохгүй.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр, ЖДҮХС-тай холбоотой асуудалд УИХ-ын санаачилгаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт гаргахад хянан шалгах түр хороо байгуулж болно.
Хянан шалгах түр хороо нь үүргээ гүйцэтгээд татан буугдаж байх ёстой. Түр хороо нь хөндлөнгийн, хараат бус, мэргэжлийн дүгнэлт гаргуулна. Жишээ нь, санхүүтэй холбоотой асуудалд мэргэжлийн санхүүгийн хүнийг аваачиж дүгнэлт гаргаж өгөөч гэж хүсэх ёстой. Тэр дүгнэлтийг үндэслээд түр хороо хэлэлцэн, дүгнэлтээ гаргана. Гэхдээ түр дүгнэлт нь шүүхэд үүрэг болох ёсгүй.
Гол нь дүгнэлт мэргэжлийн байх ёстой. Биднээс илүү урагшилсан улс орнуудын жишээнээс харахад хянан шалгах хороо нь үйл ажиллагаа явуулахдаа ямар нэг нотлох баримт авахдаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хийгддэг журмыг баримтлах ёстой гээд Үндсэн хуульдаа заачихсан байдаг.
Өөрөөр хэлбэл, нэг цаас байсан гэж хэлж болохгүй. Энэ цаасыг тэнд байсан гэдгийг хөндлөнгийн гэрчээр нотлуулж байж сая түүнийгээ баталгаажуулах ёстой. Долоодугаар сарын 1-ний хэргийн үеэр энэ сум нь байна гээд л харуулаад байсан. Тэр сум үнэхээр хэргийн газарт байсныг яаж мэдэх юм. Тэр сумыг авахдаа баримтжуулах ёстой юм.
-Улс төрийн намууд орон нутгийн хуралд гишүүнээ нэр дэвшүүлэхгүй болгох заалт оруулж байгаа гэж ойлгосон?
-Хамгийн маргаантай, дахин судлууштай хэсэг бол Орон нутаг, засаг захиргааны нэгжтэй холбоотой асуудал байгаа юм. Дийлэнх асуудлыг одоогийн Үндсэн хуулиар зохицуулах боломжтой.
Гэхдээ зарим нэг зүйлийг өөрчлөх шаардлагатай гэсэн улс төрийн шахалтууд байхыг үгүйсгэхгүй. Нэгэнт өөрчлөх ёстой гэж үзвэл сайн тал руу нь хандуулах юм л хийх хэрэгтэй. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй холбоотой асуудал дээр Үндсэн хууль, шүүх гар дүрэх хэрэг байна уу, үгүй юу гэдгийг дахин нягтлах хэрэгтэй. Үүнийг ердийн хуулиудаар бүгдээр нь засах боломжтой.
Тухайлбал, сум, дүүргийн засаг даргад намууд хүнээ нэр дэвшүүлэхгүй иргэн өөрөө нэр дэвшинэ гэж байгаа. Гэтэл бодит байдал дээр хамгийн олон хамаатантай нь гарчихдаг. Хоёрдугаарт, баруун тийшээ бол торгууд, өөлд, баяд, казах гэдгээрээ ялгарч эхэлдэг.
Миний дотоод үнэмшил юу вэ гэхээр намаараа ялгарсан нь угсаа гарвал, айл хотлоороо ялгарснаас хамаагүй дээр. Тиймээс сумдын ИТХ-ын хуралд намууд оролцох нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Судлаачдын зүгээс тэр хэсэг дээр нэг их өөрчлөлт оруулаагүй. Бодвол гишүүдээс юм уу өөр газраас гарсан санал байх.
-Төрийн албан хаагчийг сонгуулийн дүнгээс шалтгаалан халж солих явдлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар цэгцэлж чадах уу?
-Зарчмуудыг нь зааж өгсөн байгаа. Энэ асуудлыг ч мөн адил Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр зохицуулж болно. Гол нь бид хуулиа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Үндсэн хуулийн хямрал гэж яриад байгаа дийлэнх асуудал нь Үндсэн хуулийн хямрал биш байдаг. Өөрсдөө хуулиа мөрдөхгүй байгаагаас үүссэн хямрал болохоос биш Үндсэн хуулиас шалтгаалсан юм маш бага.
Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, УИХ-ыг чадавхжуулах ийм л асуудал байгаа. Бусад нь бол Үндсэн хуулиас шалтгаалсан зүйл бага.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг үе үеийн парламент ярьсаар ирсэн. Энэ цаг үед үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу?
-Үндсэн хууль судалдаг манай судлаачид өөрчлөлт оруулж, тодотгол хийх шаардлагатай гэдэг дээр санал нийлдэг. Гэхдээ тэр хүмүүсийн эргэлздэг ганцхан л асуудал байдаг. Улс төрийн нөхцөл нь бүрдсэн үү, цаг нь болсон уу, үгүй юу гэдэг ганцхан л асуудал.
– Нэг нам олонхоороо эрх барьж байх үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр оновчтой байдаг юм бол?
-Цаг хугацааны хувьд болсон, болоогүй гэдгийг судлаачид гэхээсээ илүү улстөрчид шийдэж байгаа. Нэг нам дангаараа байх үед өөрчлөлт оруулбал зөвхөн нэг улс төрийн хүчний эрх ашгийг хамгаалсан болчих вий гэсэн асуудал бас бий. Тэгэхээр улс төрийн нөхцөл нь бүрдсэн эсэхийг улстөрчид л шийднэ.
– Зарим хуульч Үндсэн хуулиа өөрчлөхөөс илүүтэй цэцийг чадавхжуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг юм билээ. О.Мөнхсайхан багш үүнтэй холбогдуулан маш тодорхой гаргалгаануудыг ярьсан байдаг.
-Үүнтэй зарчмын хувьд би санал нийлдэг. Орчин үеийн үндсэн хуулийг оюун ухаант хүн гэж үзэх юм бол АНУ-ын Үндсэн хууль хүн дүрт мичний араг яс шиг юм байдаг. Энэ хууль бол хамгийн удаан оршин тогтнож байгаа бичмэл хууль.
Энэ хуулийн яаж өнөөг хүртэл амьд байлгадаг юм бэ гэхээр ганцхан л механизм байгаа. Тэр нь манайхаар бол Үндсэн хуулийн цэц нь. Үндсэн хуулийн цэц 200 жилийн өмнө батлагдан хуулийг амьд байлгаж байна.
Хэрэв Үндсэн хуулийн цэц яг цэц шигээ ажилласан бол заавал Үндсэн хуульдаа гар дүрэх шаардлагагүйгээр асуудлыг зохицуулах боломжтой байсан. Харамсалтай нь тэр боломжийг бид алдчихсан.
-Үндсэн хуулиа өөрчиллөө гэж бодоход цэц яг энэ хэвээрээ байх юм бол Үндсэн хуульд гар дүрсний хэрэг байна уу?
– Нэгэнт л гар дүрж байгаа учраас бүгдийг нь эвтэйхэн засах гэж оролдох хэрэгтэй. Цэцийн асуудлыг ч энэ дотор тусгах хэрэгтэй болно.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ