Нийгэм
Зохиогчийн эрхийн зөрчил цахим орчинд илүүтэй үйлдэгдэх болжээ

Контент бүтээгч, уран бүтээлчдэд зохиогчийн эрхтэй холбоотой ямар зөрчил, асуудал тулгарч буйг хэлэлцэж, цаашид энэ төрлийн гэмт хэргийн хяналт, зохицуулалтыг сайжруулах зорилготой “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өнөөдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газар, Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, соёл урлагийн салбарынхан болоод контент бүтээгчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид оюуны өмч, зохиогчийн эрх зөрчсөнтэй холбоотой зөрчлүүд улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд гарч буй зөрчлүүдийн дийлэнх нь цахим орчин, нийгмийн сүлжээнд үйлдэгдэх болсныг онцолж байлаа.
Манай улсад зохиогчийн эрх, оюуны өмчтэй холбоотой, 50 сая төгрөг хүртэлх хохирол учруулсан зөрчлийг Оюуны Өмчийн газар Зөрчлийн тухай хуулийн 8.3, 8.4, 8.5-д зааснаар торгууль ногдуулан хянан шийдвэрлэдэг байна. Харин 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцон, Эрүүгийн гэмт хэргийн албанд шалгагддаг хуулийн зохицуулалттай.
Гэвч энэхүү зохицуулалт нь ийм төрлийн зөрчлийг шийдвэрлэж, хохирол барагдуулах хэмжээнд бус, түүнчлэн цахим орчин дахь зөрчлийг түргэн илрүүлж, хянан шийдвэрлэхэд учир дутагдалтай буйг уран бүтээлчид тэмдэглэж байв.
ХАМГИЙН ИХ ИРДЭГ ГОМДОЛ АЖ АХУЙН НЭГЖИЙН БАРААНЫ ТЭМДГИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГЛАСАН БОЛОН БҮТЭЭЛИЙН ЗОХИОГЧИЙН ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ
Энэ талаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Контент, бүтээлүүдийг зөвшөөрөлгүйгээр CD дээр буулгах зөрчил өмнөх жилүүдтэй адил элбэг гарсаар байна. Түүнчлэн цахим орчин, нийгмийн сүлжээ хурдтай хөгжихийн хирээр Фэйсбүүк, Youtube зэрэг платформууд дээр кино зөвшөөрөлгүй байрлуулах зөрчил нийтлэг гарах болсон.
Цахим орчинд гарч буй зөрчлүүдийг ямар хүн, хэн, хаанаас тавьж байгааг олж, илрүүлэхэд хүндрэлтэй байдаг нь учир дутагдалтай.
Оюуны өмчийн газрын зүгээс зөрчилтэй холбогдуулан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус буюу иргэдээс ирүүлсэн гомдол, мэдүүлгийн дагуу шалгалтыг зохион байгуулж ажилладаг. Манай байгууллагын хяналтын хэлтэст 2018 онд нийт 140 гаруй гомдол, мэдээлэл иргэдээс ирсэн байдаг. Хамгийн их ирж буй гомдолд аж ахуйн нэгжийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан болон бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой зөрчлүүд тус тус багтаж байна. Бид эдгээр зөрчлийн талыг нь Зөрчлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн” хэмээлээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн ахмад Д.Эрдэнэбулган “Эрүүгийн цагдаагийн албанд зохиогчийн эрхтэй холбоотой зургаан хэрэг бүртгэгдсэн ба тэдгээрийг шалгаад явж байна.
Иргэд зохиогчийн эрхийн асуудлын талаар ойлголт тун бага байдаг тул ийм төрлийн зөрчил, гэмт хэрэг үйлдэгдэх ерөнхий нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэж хэлж болно. Хэлэлцүүлэгт оролцогчид дурдсанчлан цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх нь зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүйгээр байршуулах, түгээх болон цахим хэлбэрээр буй номуудыг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулах зөрчлүүд түгээмэл гарч байна” гэлээ.
АЛИВАА ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ ГАРАХАД ЭЦЭСТ НЬ УРАН БҮТЭЭЛЧ НАР Л ХОХИРООД ҮЛДДЭГ
Түүнчлэн уран бүтээлч, контент бүтээгчдийн хувьд тулгарч буй асуудлуудын талаар Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий “Аливаа уран бүтээлийг хийхэд маш олон хүний хүч, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулагдсан байдаг. Бүтээл гаргасны дараагаар түүнийг хамгаалах гэж уран бүтээлчид илүү их ажиллах болсон гэж хэлж болно. Аливаа зохиогчийн эрхийн зөрчил гарахад эцэст нь уран бүтээлч нар л хохироод үлддэг. Тийм учраас оюуны өмчийн эрхийг сайн хамгаалахын тулд хуулийн зохицуулалтыг илүү сайжруулж, чангатгах хэрэгтэй гэж бодож байна.
Уран бүтээлчид бүтээлээ гаргаж, бүтээхийн тулд ажилладаг болохоос бус бүтээлээ хамгаалахын тулд илүү цаг заваа өнгөрөөх ёсгүй. Миний хувийн туршлагаас хамгийн сүүлд л гэхэд “Байтаг Богд” хэмээх уран сайхны киногоо кино театруудаар гарч эхэлж байх үед бусдад алдсан. Кино алдагдаж, цахим орчинд тавигдсанаар нийт 130,000 гаруй хүн үзсэн байсан нь ямар их алдагдал хүлээж буйг харуулж байгаа юм” хэмээлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.