Нийгэм
Төрд авах 400 лиценз социализмыг даллаж байна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн уул уурхайн ордуудын ашиглалтын зөвшөөрөл буюу лицензийг улсын мэдэлд авна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гуравдугаар сарын 7-ны өдөр мэдэгдсэн нь одоо ч уул уурхайн салбар төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан. З.Энхболд даргын мэдэгдсэнээр нийт 400 орчим хайгуулын лицензийг төр өөрийн мэдэлд авах ажээ. ҮАБЗ-ийн энэ зөвлөмж нь Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төрийн өмч менежмент хийж явна гэдэг заалтыг хэрэгжүүлж байгаа хэрэг хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдэгдсэн.
Харин энэхүү мэдэгдэл хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шууд хураана, буцаана гэсэн ойлголт байхгүй, гарц хайж байна хэмээн мэдэгдлээ.
З.Энхболд даргын эш татсан Үндсэн хуулийн заалт эх хувиасаа гажсан байгааг анзаарах хэрэгтэй. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн бичигдсэн байгаа.
Монгол улс уул уурхайн арвин баялаг нөөцөө ашиглаж эхлэх бодлогын шийдвэр гаргаж, уул уурхайн салбарыг хөгжүүлээд даруй 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Ашигт малтмалын анхны хууль 1997 онд гарч, сүүлд 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. 20 гаруй жилийн хугацаанд Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо уул уурхайн салбар хөгжсөн бөгөөд ДНБ болоод эдийн засгийн өсөлтийн гол суурь нь уул уурхайн салбар болсон. Бүх зүйл энэ салбарт төгс сайхан болчхоогүй, олборлолт хийж байгаа уурхайн нөхөн сэргээлтийг ном журмын дагуу хийдэггүйгээс байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болсон, малчдын дөрвөн улиралд нүүдэллэн амьдрах газар орны онгон байдал хөндөгдсөн, лицензийн наймаа, гар аргаар алт олборлогчид гээд асуудал цөөнгүй бий. Ялангуяа лицензийн асуудал. Лицензийг анхлан өргөдөл өгсөн хүнд өгөх зохицуулалтаас үүдэн лиценз олгох өдөр Ашигт малтмалын газрын үүдэнд түрүүлж орох гэсэн хүмүүс нэг бус удаа үймээн хийж байсан үе бий. Лицензийн замбараагүй олголт, олгосон лицензийн ашиглалтыг байдал хяналтаас гарсан учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз олголтыг зогсоож байсан. Бараг таван жил шахам ашигт малтмалын лицензийг шинээр олгоогүй бөгөөд 2016 оноос лицензийг цахимаар олгож эхлээд байгаа.
Төр хураан авах гэж байгаа 400 гаруй лицензийн 95 хувьд нь уурхай баригдаагүй гэсэн үндэслэлийг З.Энхболд дарга хэлсэн. Лиценз олголт хуулиар зохицуулагдаж байгаа учраас зохих хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хийх нь хууль зөрчсөн үйлдэл болно.
Мөн тэр 400 орд ямар орд болох, лицензийг хурааж аваад ордыг эзэмшиж байгаа хувийн компанийн үйл ажиллагаанд төр оролцохгүй гэсэн ямар баталгаа байгаа эсэх талаар ямар нэг тодорхой мэдээлэл хийгдсэнгүй.
Нөгөө талаар хуулийн дагуу олгогдож буй лиценз бол ордыг ашиглах л эрх. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар орд ашиглах эрхийг хуулийн шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа процесс, түүнээс биш аль нэг компанид ордыг өмчлүүлж буй асуудал байхгүй. Монголын ашигт малтмалын ордуудын ихэнх нь социализмын үед төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн онцлогтой. 2000 оноос хойш хувийн компанийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн цөөн ордын нэг нь Оюутолгой. Ашигт малтмалын хайгуул хийнэ гэдэг асар их хөрөнгө шаардах ажил бөгөөд аз эзийн зүйл. Өчнөөн сая ам.доллар зарцуулаад илэрц байхгүй бол тэр хөрөнгө салхинд хийслээ л гэсэн үг. Уул уурхайн салбарын ид оргил үед жилдээ 200-300 сая ам.доллар гаднаас хайгуулийн ажилд орж ирдэг байжээ.
Одоо үйлчилж байгаа хуулиар хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн, тэр нь стратегийн орд газар бол төр 34 хувийг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол ордын 51 хувийг төр авах зохицуулалттай.
Ямар ч гэсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ҮАБЗ-ийн шийдвэрийг эргэлзэнгүй хүлээж авснаа илэрхийллээ. Лицензийн ард хувийн хөрөнгө яригдаж байгаа учраас үүнийг хэрхэн зохицуулахаас Монголын төр социализм руугаа буцах уу, үгүй юу гэдэг асуултын хариулт харагдана.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.