Нийгэм
Хөндөх сэдэв: Хүүхэд хүчирхийллийн БАЙ, ЗОЛИОС болох ёсгүй

Дөрөвхөн настай хүү хойд эцгийнхээ харгислалд гурван хоног тарчилж, өдгөө ГССҮТ-д ухаангүй шахуу хэвтэж байгаа дүр зураг хүн бүрийн зүрхийг шимшрүүлж байна. Хүүгийн зургийг харсан хүн бүрийн сэтгэл өвдөж, хүүд туслахсан, хурдан эдгээсэй хэмээн залбирч сууна. Харин эмч нарын зүгээс “зодуулсан хүүгийн биеийн байдал маш муу, найдвар тун бага” гэх харамсалтай мэдээллийг өгчээ. Учир нь хүүгийн гарны тохой хэсгээрээ хугаралтай, хоёр хөл нь олон газар хөхрөлт няцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй, хэвлийн эход харуулахад дотор эрхтэн нь маш их гэмтэлтэй, дотуур цус алдалттай, элэг, дэлүү нь няцралттай гэж гарсан байна.
Гэтэл хүүг тарчлаан зовоосон хойд эцэг нь гурван хоног цагдан хоригдоод одоо батлан даалтад гарч, гадуур эрх чөлөөтэй явна.
Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй тул хойд эцгийг нь батлан даалтад гаргаад байгаа гэнэ. Харин өдгөө уг хэргийг прокурорын хяналтан дор цагдаагийн байгууллага шалгаж байна. Гэхдээ ил болж байгаа нь цөөн болохоос хаалганы цаана хэчнээн хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байгааг бид мэдэхгүй.
Ингэж хэлэх нь ч учиртай. Яагаад гэвэл, хойд эцэг нь битгий хэл төрсөн эцэг нь хүүхдээ харгислан тамлаж байгаа нийгэмд бид амьдарч байна. Энэ хэрэг гарахаас зургаахан хоногийн өмнө хэвлэлээр “Хүүхдээ үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодож, хоёр хөлийг нь зуухны амруу хийж түлсэн хэргийн тухай нийтлэгдсэн. Тодруулбал, Төв аймагт иргэн Б нь арван нэгэн настай төрсөн хүүгээ үгэнд нь орсонгүй гэх шалтгаанаар зодож, хоёр хөлийг нь зуухны ам руу хийж түлсэн байгаа юм. Ингээд харахаар үл ялих шалтгаанаар хүний өөрийнгүй хүүхдүүдийг тамлан зовоож байна.
Орондоо шээлээ, үгэнд орсонгүй гэх шалтгаан хүүхэд зодож, зовоох үндэслэл мөн үү. Орондоо шээж, үгэнд ороогүйнхээ төлөө амиа өгөхөөс холгүй нийгэмд бяцхан хүүхдүүд амьдарч байна гэж үү. Нийгэм хэцүү байж болно, стресстэй ч байж болно. Тэглээ гээд хүүхэд хүчирхийллийн БАЙ, ЗОЛИОС болох учиргүй.
Хүүхэд нас гэдэг бол хамгийн гэгээн нандин, инээж хөөрч, эрхэлж туниж явах тийм л сайхан дурсамжтай нас. Гэтэл энэ насанд нь хүүхдүүдэд баймгүй их зовлонг үүрүүлж, хүчирхийллийн золиос болгож байна.
Хэдхэн жилийн өмнө хойд эх, төрсөн эцгийнхээ харгислалыг дийлэлгүй дөрөвхөн настай охин хорвоог орхисон, хүүхдээ заазуурдсан, сандлаар цохиж аминд нь хүрэх шахсан гээд хүүхэд хүчирхийллийн золиос болж байгаа хэргүүдийг бид мартаагүй л байна. Гэтэл эл хэргүүдээсэээ сургамж авч, хүүхдүүдээ хамгаалах ёстой байтал хүүхэд хүчирхийллийн золиос болж байгаа гэмт хэргүүд ар араасаа гарсаар байгаа нь дэндүү харамсалтай.
Хүүхэд аав ээжийн баяр баясгалан, гэр бүлийн аз жаргал байх ёстой болохоос араатан шинжтэй харгис хэрцгий хэн нэгний гарын чилээг гаргаж, гадуурхагддаг байх ёсгүй. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн бай золиос бяцхан хүүхдүүд болох ёсгүй.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.