Эдийн засаг
Улаанбаатар амьдрах өртгөөрөө Азид 55-д бичигдэж байна

Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын энэ оны жагсаалтыг “Economist Intelligence” судалгааны байгууллага гаргажээ. Тус байгууллага 2003 оноос хойш дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг гаргаж байгаа бөгөөд энэ жилийн жагсаалтыг дэлхийн улс орнуудын 133 орчим хотын амьдралын өртгийг судалж үзсэний үндсэн дээр гаргасан байна. Энэ жилийн хувьд “Economist Intelligence” Сингапурыг хамгийн өндөр өртөгтэй хотоор тодорхойлжээ.
Өнгөрсөн жил Хонконг дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудыг тэргүүлж, харин Сингапур дөрөвдүгээрт бичигдэж байсан юм. Хонконгийн хувьд энэ жил жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Харин өнгөрсөн жил өртөг өндөртэй хотуудын жагсаалтын эхний 10-т багтаагүй байсан Францын нийслэл Парис энэ жилийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Ерөнхийдөө Парис, Сингапур, Хонконгийн амьдралын өртөг бараг л адилхан байгааг “Economist lntelligence’’-ийн шинжээчид онцолж байна.
Судалгааны хүрээнд хотуудын орон сууц болон тээврийн зардал, хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээ зэрэг 160 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, 130 үйлчилгээг нэг бүрчлэн харьцуулж, эдийн засгийн хэмжил зүйн судалгаа хийжээ. Амьдралын хамгийн өндөр өртөгтэй хотоор тодорсон Сингапурын хувьд, 5.6 сая хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 296 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
Өнгөрсөн жил өртөг өндөртэй хотуудын жагсаалтын эхний аравт Азийн долоо, Европын ердөө гурван хот л бичигдэж байсан билээ. Харин энэ жил эхний аравт Азийн дөрөв Европын зургаан хот багтаж байр нь солигджээ. Түүнчлэн Ази тивийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг Сингапур тэргүүлж араас нь Хонконг, Осака, Сөүл, Токио бичигдэж байна. Харин Улаанбаатар хотын хувьд амьдрах өртгөөрөө Ази тивдээ 55-д, дэлхийд 349-т бичигджээ.
Түүнчлэн манай улсын үзвэр үйлчилгээ, хоолны үнэ Япон, Сингапур зэрэг дэлхийн хамгийн үнэтэй хотуудтай дүйцэхүйц өндөр гарчээ. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ Нью-Йорк хотынхтой адил, зарим нь түүнээс ч үнэтэй байгаа талаар“Есоnomist lntelligence’’-ийн эдийн засаг, хэмжил зүйн судалгаанд дурджээ. Харин дэлхийн амьдралын өртөг хамгийн багатай хотуудын жагсаалтыг Венесуэлийн Каракас тэргүүлж, Сирийн Дамаск, Укбекстаны Ташкент, Казахстаны Алматы, Энэтхэгийн Банглоре зэрэг хот удаалжээ.
Өнгөрсөн онд Венесуэльд инфляцын түвшин нэг саяд хүрсэн билээ. “Bloomberg’’-ийн мэдээлснээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт Каракаст нэг аяга кофе 400 боливар буюу 0.62 ам.доллар байжээ. “Economist Intelligence Unit’’-ээс мэдээлснээр, улс төр болон эдийн засгийн сөрөг нөлөөнөөс үүдэн дэлхийн хамгийн хямд өртөгтэй хотын тоо нэмэгдсээр байгаа аж.
ДЭЛХИЙН ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ 10 ХОТ (2019 ОНЫ БАЙДЛААР)
Сингапур
Парис
Хонконг
Цюрих
Женев
Осака
Сөүл
Копенгаген
Нью -Йорк
Израиль, Лос-Анжелес
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨРТӨГ БАГАТАЙ 10 ХОТ
Каракас (Венесуэль)
Дамаск (Сири)
Ташкент (Узбекстан)
Алматы (Казахстан)
Банглоре (Энэтхэг)
Карачи (Пакистан)
Лагос (Нигери)
Буэнос Айрес (Аргенти)
Ченнай (Энэтхэг)
Шинэ Дели (Энэтхэг)

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.