Бусад
Хамгийн аймшигтай аюул хамгийн ойроос ирдэг бол ..

Тэднийг хамгаалах хүмүүс нь бас хамгийн ойрхон байх ёстой ! Өнөөдөр бид хэтэрхий олон дотор муухайрмаар, хэцүү хэргүүдийг үзлээ харлаа сонслоо. 4 настай бяцхан хүүг 2 удаа хагалгаанд ортол нь зодсон хэргийн цуурай тасраагүй байтал зөвхөн сүүлийн 2 сарын хугацаанд бага насны 69 хүүхэд аймшигтай яргалал, хүчингийн хэргийн золиос болсон албан ёсны мэдээлэл тархаж тэр нь зүгээр л нэг энгийн зүйл мэт хараал идсэн офшор мофшор улс төрийн хулгайгаа булаацалдсан мэдээнүүдийн дундуур замхран одно. Бүхэл бүтэн 2 анги дүүрэн охидыг 2-хон сарын дотор хүчиндсэн байхад бид ингээд л сууж байна !
Итгэмээргүй … Гэтэл 2 хоногийн өмнөөс Баянхошуунд байрлах Ид шидийн орны хамгаалах байр маань түүхэндээ байгаагүй олон хүүхэдтэй болж яаралтай ор нэмж байрлуулах хэрэгцээ үүсэж багтаж шингэхгүй чихцэлдэж эхэллээ … Хамгийн бага нь 3 настай … Бачуурмаар, бархирмаар, багалзуурдаад алчихмаар … Энэ олон хүчингийн хэргүүдийн дийлэнхи хувийг ураг төрлийн хүчин эзэлж байна. Их ойроос үйлдэгдэж байгаа гэсэн үг. Гэрээрээ нэг архичид цуглуулж хүүхдийнхээ хажууд хорвоогийн бүх мууг үзүүлээд тасраад унахад шүлэнгэтсэн нүд, шуналт сэдлээр бяцхан охиныг харж ямар нэгэн зүйлийг сэдэж буй тэр нагац ах, тэр аавын найз !!! … Ганц ахыгаа чи ШОРОНД ХАТААХ гээ юу, хэнд ч хэлж болохгүй мэдүү ! гэх үрээ бус араатныг өмөөрөх бидний нинжин сэтгэл. 69 гэдэг тоо бол ил гарсан мэдэгдсэн хэрэг, тэгвэл 5 хэрэг тутмын зөвхөн 1 нь мэдээллэгдэх магадлалтай гэх судалгаанаас бодвол 345 охин бяцхан зүрхэндээ хар толботой хорвоог туулж байж мэдэх ийм л заваан нийгэмд бид амьдарч байна. Тэд бидний хөрш, тэд бидний хамаатан, тэд бол Монгол хүмүүс, харин бид бол хүчирхийлиийн эсрэг НЭГ САРЫН аянд, профайл зургаа солих хөдөлгөөн, уриа лоозонгоор өөрсдийгөө хуурсан тэмцэгчид ! … 7 хоногийн дараа юун 4 настай хүү, юун 69 хүүхэд өөрт нь ямар ч хамаагүй аль нэг улс төрч, эсвэл дуучны хувийн амьдралыг илүү сонирхон утсаа маажих …. Энэ яг юу вэ хүмүүс ээ ? Бид яг хэн болчихоод байна аа … Яаж бид тайван унтах вэ ? Бидний хүүхдүүд ямар хүнтэй сууж ямар нийгэмд амьдрах юм бэ ? Эсвэл та гадаад явлаа юу ….
Энэ асуултыг ялгаагүй өөртөө их нухацтай тавьж үзлээ. Шийдэл байхгүй биш байгаа юм байна, Ид шидийн орон, Лантуун дохио, хүчирхийллийн эсрэг энэ тэмцэлдээ илүү хүчтэй зүтгэж, ажлаа илүү сайн хийх ёстой юм байна, ид шидтэй ах эгч нар илүү олон болох ёстой юм байна, талбай дээр биш хөрш айлтайгаа урд гудмынхаа архичинтай, дээд айлд байнга сонсогдож байдаг тэр чимээтэй тэмцэх ёстой юм байна … Гэтэл хорвоогийн өргөсийг үгүй хийе гэвэл гутлынхаа улыг зузаал гэдэг үг бас байдаг. Өнөөдөр Ид шидийн орны маань хамгаалах байр нээгдсэн цагаасаа эхлэн нэг жилийн дотор яг 73 дахь хүчирхийллийн хэрэг дээр багаараа ажиллаж асуудлыг шийдэн, эргээд гэр бүлтэй нь байнгын холбоотой эргэж тойрч ажиллаж байна. Гэтэл гал унтраах байдлаар системгүй мэргэжлийн баггүй ажиллаад эхний 3 жил ердөө 26 хэргийн ард гарсан байдаг. 3 дахин бага хугацаанд 3 дахин илүү бас үр дүнтэй … Гэхдээ нөгөө талаасаа 2-хон сарын дотор гарч буй 69 хэрэгтэй харьцуулвал тунчиг хангалтгүй муу … Сайн муу ажиллах талаар ярих гэсэнгүй, бид нэгдээд олуулаа байж чадвал том хөдөлж болж байна гэсэн санаа … Энэ жил шар хад, улиастайн эцэст Ид шидийн орон 2 баригдвал их том өөрчилөлт ирж болно гэж найдаж байна. Өнгөрсөн хагассайнд хашаагаа цэвэрлэх гэж очоод урд гудамны 300 метр газар яг 14 архичин гудманд ууж байхтай таарсан бүр тоолсон. Хүн бүрийн ард дор хаяж 2-3 хүүхэд байгаадаа гэсэн бодол гол зурсан … Хэдэн ийм гудам, хэдэн ийм архинд живсэн амьдрал тасарч унасан хүмүүс байгаа бол гэдэг бодол … Зөв газраа ирж байна дээ гэсэн өөр нэг бодол …
Төр засаг биш, Монгол улсын хууль цааз биш, цагдаа ч биш … ТА үүнийг зогсоох болно, өөр бидэнд сонголт бас шийдэл байхгүй … 3 жил хүний наймааны эсрэг гэж хамт явсан нэг сайн дурын гишүүн минь өөрөө энэ хэргийн хил дамнасан хамгийн хүнд хохирогч байснаа их сүүлд уйлаад ярьж билээ … Ум ма ни бад ми хум … Аюул бас тэмцэл их ойр байж мэднэ. Юм таашгүй шүү, таны дүү таны сайн найз эсвэл хөрш чинь энэ чөтгөрийн тойрогт шаналж яваа юм биш биз ? Их өвддөг ч хүчээр татаж гаргахаас өөр арга байхгүй тэр тойрогт ….

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.