Эдийн засаг
Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй тохиолдолд ААН, байгууллагууд сар бүр төлбөр төлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулахтай холбогдуулан талуудын нөхөн төлбөр авах, хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн баталгаа гаргах, Япон Улсын Засгийн газрын зээлийн эргэн төлөлт, концессын төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг Ажлын хэсэгт чиглэл болгов.
Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр нь Худалдан авах ажиллагааны цахим системд оруулж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Худалдан авах ажиллагааг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой тайланг цахим системд бүрэн оруулж байх зэргийг үүрэг болгов.
Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх өдрөөс өмнө бүрэн хэрэгжүүлж дуусгана. Төслийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой Нутгийн удирдлагын ордон, 240 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэг барина. Мөн төв талбай, усан оргилуур, спорт танхим, хөлбөмбөгийн талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулах юм. Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, олон нийтийн оролцоо, дэмжлэгээр хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд нэг байхаар тогтоов. Ажиллуулаагүй тохиолдолд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж байхаар болов.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг сэргээж, худалдаа, эдийн засгийн харилцааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх зорилготой юм. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 он хүртэл идэвхтэй хөгжиж, үүний дүнд “Чингис хаан” зочид буудал, савхин эдлэлийн үйлдвэр баригдан, манай 50 гаруй иргэн тухайн үеийн Югослав Улсад суралцжээ.
Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Хэлэлцээрийн хүрээнд малын гоц халдварт өвчний эсрэг дархлаажуулалт зэрэг чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн, судлаач, дэвшилтэт технологи, судалгааны материалаа харилцан солилцох юм.
Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Вьетнам Улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Харин Вьетнам Улсын хоёр иргэн энд ял эдэлж байна. Вьетнамд манай 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцаж байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, төлөвлөлт, салбарын удирдлага, менежментийн тогтолцоог оновчтой, боловсронгуй болгож, шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав.
ОХУ-д болсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн дуучин Э.Анхбаяр болон БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд “Аватар” үзүүлбэрээрээ хоёрдугаар байр эзэлсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.