Дэлхий дахинд
Дуучин Фаррелл Виллиамс Трамптай заргалдана гэв
Энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр АНУ дахь Еврейн сүмд халдлага гарч 11 хүн нас барсан хэрэг олон нийтийг цочроогоод байгаа билээ. Харин уг хэрэг гарснаас хэдхэн цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч улс төрийн арга хэмжээний үеэр дуучин Фарелл Виллиамсын “Happy” дууг эгшиглүүлсэн байна.
45 настай алдарт дуучны хувьд түүний энэ үйлдэлд тун сэтгэл гонсгор байгаа бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан ерөнхийлөгчид хандан захиа илгээсэн юм. “Гэмгүй 11 хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон өдөр Индиана мужийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Аз жаргалтай байна” хэмээх дууг явуулсан байна. Хүмүүс амь насаа алдсан явдалд “баяр баясгалантай байх” ямар ч шалтгаан алга. Түүнчлэн дуучин Фаррель Виллиамс өөрийн зохиогчийн эрхийн үүднээс дууг иймэрхүү зорилгоор ашиглуулахыг зөвшөөрөхгүй байна” хэмээн түүний өмгөөлөгч Ховард Кинг бичжээ.
Дональд Трампын хувьд дуучдын уран бүтээлийг нь зөвшөөрөлгүй ашиглан тэднийг бухимдуулсан явдал энэ анхных биш юм. Өмнө нь Роллинг Стонс, Адел, Квйин тэргүүтэй уран бүтээлчид өөрсдийнх нь дууг ашиглахаа болих шаардлагыг түүнд хүргүүлж байв.
Эх сурвалж: CNN