Энтертайнмент
“Miss Universe” бол миний оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн

“Miss Universe” тэмцээн нь 66 жилийн түүхтэй, хамгийн өндөр шагналын сантай, 1.5 тэрбум үзэгч бүхий чансаагаараа тэргүүлэгч гоо бүсгүйн тэмцээн билээ. Улс эх орноо төлөөлсөн 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд гоо сайхан, мэдлэг боловсролоо уралдуулан өрсөлдөж, ертөнцийн миссээ тодруулдаг юм.
Өнгөрсөн 66 жилийн хугацаанд тус тэмцээнд Монгол Улс оролцсон түүх үгүй. Тэгвэл 67 жилийн дараа түүхэнд шинэ хуудас нэмэн, Монгол охидын мөрөөдөл биелж, дэлхийн тайзнаа гоо сайхнаа гайхуулан алхах цаг иржээ. Энэ жилийн тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Д.Долгион оролцохоор болсон бөгөөд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө эх орноо төлөөлөн тус тэмцээнд оролцохоор болсонд тань баяр хүргэе. Тэмцээний бэлтгэлдээ орсон уу?
-Дэлхийн нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаас анх удаагаа оролцох болсондоо маш их баяртай байна. “Miss Universe Mongolia” тэмцээн өнгөрөгч аравдугаар сард болж өндөрлөсөн. Тус тэмцээнд үзэсгэлэн гоо охидтой өрсөлдөж, үндэсний ялагчаар тодорсон. Манай тэмцээнийг олон орны загварын сайт, цахим хуудсууд онцолсон байсан. Тэгэхээр манай улс анхны жилдээ оролцож байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм болов уу.
– Тэмцээний онцлог давуу тал юу вэ? Бусад тэмцээнээс ялгарах зүйлийн тухайд?
-Миссийн тэмцээн болгон өөрийн гэсэн онцлогтой. Дэлхийд таван томоохон тэмцээн байдаг. Түүний нэг нь хамгийн ардчилсан тэмцээн гэгдэх “Miss Universe” юм. Энэхүү тэмцээнд эрүүл чийрэг, хүчирхэг гоо бүсгүйг шалгаруулах зорилготой. Миний хувьд бэлтгэлээ хийх нэг сарын хугацаа байна. Энэ хугацаанд хийх зүйлсээ хуваарийн дагуу төлөвлөчихсөн байгаа.
-Миссийн томоохон тэмцээн бүр хүмүүнлэгийн төсөлтэй байдаг шүү дээ. Энэ тэмцээнд ямар төслөөр оролцох вэ?
-Би эх орондоо зохиогдсон тэмцээнд оролцож байхдаа төслөө эхлүүлсэн. Тухайлбал, хүүхдийг болзошгүй авто ослоос урьдчилан сэргийлэх зорилготой аян өрнүүлсэн. Нэг ч гэсэн хүүхдийн амь нас эх дэлхийд минь хэрэгтэй. Нэг ч гэсэн монгол хүүхдийн амь нас эх оронд минь хэрэгтэй гэсэн санааг хэрэгжүүлэхээр зорьж байна. Эх орондоо болсон тэмцээнд нэг сарын хугацаанд 400 хүүхдэд хүрч ажилласан. Цаашдаа нийслэл хотын хэмжээнд 185 мянган сурагчдад, сургалт орж аян өрнүүлэх зорилготой байгаа.
-Энэхүү тэмцээнээс та ямар амжилт хүлээж байна вэ?
-Бид нар энэ сарын сүүлээр АНУ-г зорих байх. Нэг сарын хугацаанд тэмцээн маань үргэлжилж, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өглөө орон нутгийн цагаар 07.00 цагаас финалын тэмцээн эхэлнэ. Монголын цагаар Даваа гарагийн өглөө нь таарч байгаа юм билээ. Энэхүү тэмцээнд манай улсаас анх удаа оролцож буй учраас бүхий л талаараа өөрийгөө дайчилж, эх орныхоо нэрийг өндөрт гаргах зорилготойгоор бэлтгэлээ хийж байна.
-Нийт хэчнээн орны мисс оролцож байгаа вэ? Трансжендер мисс оролцож болдог гэл үү?
-Тийм шүү. Энэ жил 92 орны гоо бүсгүй оролцож шинээр Монгол, Армен, Киргизстан гэсэн улсууд шинээр нэмэгдсэн. Энэ удаад трансжендер Б.Солонго Монгол Улсын тэмцээнд орж ирсэн. Дэлхий дээр цор ганц байдаг ардчилсан тэмцээн бөгөөд дүрмийн дагуу харшлах зүйл байхгүй. Би хувь хүний үүднээс Б.Солонгоог маш их дэмждэг. Нэг сарын хугацаанд өрсөлдөхөд тэвчээр хатуужил, зоригтой, зорилготой, хувийн зохион байгуулалт сайтай оролцогч байсан. Бид нар сайхан найзууд болсондоо баяртай байна. Тэмцээний гол шалгуур нь худлаа дүр бүтээхгүйгээр байгалиасаа эмэгтэй хүний дотоод гоо сайхныг бүрдүүлсэн эсэх боловсролын түвшин, хувийн үзэл баримтлалыг шүүх юм билээ. Миний хувьд дэлхийн нэр хүндтэй тэмцээнд оролцоно гэдэг нэгдүгээрт нэр хүндийн хэрэг. Манай улс хамгийн анх удаа оролцож буй гэдэг утгаараа салбарынхаа түүхэн үйл явдлыг бичилцэж байгаа юм. Дашрамд Miss Universe Mongolia -ийн хамт олондоо, оролцсон охиддоо баярлалаа.
-Мисс, Модель хоёрын ялгаа нь юундаа байна вэ?
-Мисс бол сайн үйлсийн илч, төлөөлөгч бөгөөд хүн болгон хүндэлдэг гоо бүсгүй гэсэн үг. Модель гэдэг нь дизайнерын ажлыг амилуулдаг гэж бодож байна. Цаашдаа Монгол Улсын хэмжээнд энэ салбар хөгжих тусам цар хүрээ нь нэмэгдэх байх.
-Олон улсын тавцанд алхана гэдэг нэр хүндийн хэрэг байх?
-Тэмцээнд оролцоход Д.Долгион гэсэн нэр ерөөсөө явдаггүй. Мисс Монголиа нэрээр явдаг. Эх орныхоо нэрийг алхам тутамдаа дээш нь өргөх юмсан гэсэн омогшил төрдөг. Ялангуяа үндэснийхээ хувцасаа өмсөөд тайзан дээр зогсох мөчид хамгийн их сэтгэл хөдөлдөг.
-Ингэхэд та загварын салбартай хэрхэн холбогдсон юм бол?
-Одоогоос 12 жилийн өмнө Эра төвийн загварын дугуйланд орсон байдаг. Тэрнээс өмнө арван жилдээ загварын шоу уралдаанд ордог байсан. Түүнээс хойш маш олон загварын уралдаан, олон улсын загварын шоу арга хэмжээнд оролцсоор ирсэн. Энэ удаагийн тэмцээнд миний туулж өнгөрүүлсэн туршлага маань давуу тал болох юм болов уу.
-Цаашдаа юу хийх талаар зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Загварын салбарт би маш их хайртай. Тэгэхээр салбартаа өөрийнхөө хувь нэмрийг оруулж, ажил, мэргэжил, гэр бүл гээд олон дэвшилтийг хийх болно. Би байгаль экологийн мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллах бодолтой байна.
-Нууц биш бол жингээ хэрхэн барьдаг вэ? Мисс байх нь тухайн хүнээс хичээл зүтгэл, бүхий л зүйлсийг шаарддаг байх гэсэн бодол төрлөө?
-Миний хувьд фитнесс, усан сэлэлтээр хичээллэдэг. Тэмцээний байнгын бэлтгэлтэй байгаа учраас жингээ барих шаардлагатай болж байна. Тэмцээнд оролцоход дэмжигч нарын оролцоо чухал байдаг. Бидэнтэй нэг сарын хугацаанд хамт байгаад намайг дэмжээсэй гэж хүсч байна.
-Тэмцээний ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?
-Охидын хүсэн хүлээдэг цол хэргэм гэж хэлж болно. Мисс Монголиа гэж хэлэхийн бол дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх стандарттай байдаг. Тэмцээний ялагч нь нэг жилийн хугацаатайгаар “Miss Universe”-тэй IMG агентлагтай хамтарч ажилладаг. Тиймээс 67 жилийн түүхэнд байгаагүй өнгө төрхийг хамтдаа бүтээцгээе.
-Гэр бүл зохиох тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Болох ёстой зүйл болох ёстой цагтаа болно гэж боддог. Тэгэхээр хараахан цаг нь ирээгүй байгаа юм болов уу.
-Цаашдаа олон улсын ямар тэмцээнд оролцох вэ? Төлөвлөсөн зүйл бий юу?
-Энэ тэмцээн бол томоохон тэмцээний нэг юм. Үүнээс цааш миссийн тэмцээн гэж байхгүй. Миний хувьд оролцож буй хамгийн сүүлийн тэмцээн энэ юм.
Э.АРИУН

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.