Нийгэм
Ё.Баатарбилэг: Сурах бичгийн хэвлэлт, тендерийн асуудлыг цэгцэлнэ
Сурах бичгийн хэвлэлт, хүртээмжтэй холбоотой асуудал жил бүр шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл ирэх хичээлийн шинэ жилээс өмнө сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлыг цэгцлэхээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэвлэлийн компаниуд болон үйлдвэр эрхлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр сурах бичиг дүрэмт хувцастай холбоотой асуудлыг ийнхүү гуравдугаар сард хөндөж байгаа нь есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хэвлэлт, тендертэй холбоотой маргааныг цэгцлэх хангалттай хугацаа гэж үзжээ. Харин уулзалтын үеэр хэвлэлийн компанийнхан боловсролын сайдад санал, шүүмжлэлээ ярьсан юм.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Боловсролын салбарт тулгамдаж буй, зайлшгүй шийдвэрлэх ажил бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээ хангамж, агуулга, чанар, үнэ ханш зэрэг юм. Тодруулбал, нийслэлийн сурагчид дундаа нэг, орон нутгийн тухайд ангидаа 1-2 номтой хичээллэдэг, тендертэй холбоотой маргаан үүсдэг, хэвлэх үйлдвэрүүд сурах бичгийг цаг тухайд нь хэвлэдэггүй, хичээлийн жил дуусах гэж байхад хэвлэн нийлүүлдэг, үйлдвэрээс эцэг, эхийн гарт шууд хүрдэггүй, ченжээр дамждаг зэргийг шийдвэрлэхээр салбарын яам ажлаа эхлүүлсэн” гэлээ.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 600 мянга орчим хүүхэд суралцдаг бөгөөд төрөөс сурах бичгээр I-V ангийнхныг 100 хувь, VI-XII ангийнхныг 60 хүртэлх хувиар үнэ төлбөргүй хангадаг. Ерөнхий боловсролын I-XII ангийнхан 170 гаруй төрлийн сурах бичиг ашигладаг бөгөөд үүнийг хангалттай хэмжээнд хэвлэхэд 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтэй шаардлагатай гэсэн тооцоо гарсан ч төрөөс мөнгө төсөвлөөгүй.
Иймд сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам эрэлхийлж эхлээд байна. Засгийн газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2014-2015 онд түрээсийн сурах бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3.7 тэрбум төгрөг хуримтлуулжээ. Энэхүү төсвөөр одоо хэрэглэж байгаа сурах бичгийн нөхөн хангалтыг хийхээр төлөвлөсөн байна. Цаашид энэхүү хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх саналыг тус банкинд хүргүүлсэн бөгөөд банкны төлөөлөлтэй ирэх сард уулзаж шийдвэрлэхээр болжээ.
Сурагчид хичээлдээ өдөрт 6-9 төрлийн ном авч явдаг нь эрүүл ахуй, ачаалал талаасаа олон улсын стандартад нийцдэггүй. Тиймээс энэ асуудлыг судалж шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна жил бүр хэл ам дагуулдаг сурах бичгийн чанар, ном устгахтай холбоотой асуудал дахиад гарахгүй гэдгийг албаныхан тодотголоо. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн агуулгыг насны онцлогт тохируулж давхцалыг арилгах юм байна.
Гэхдээ шинээр хэвлэгдэж дахин худалдаж авах явдал гарахгүй. Салбарын яамнаас Монгол хэл, түүхийн хичээлийн агуулгыг сайжруулахад онцгой анхаарах юм байна. Харин сурагчийн дүрэмт хувцасны хувьд стандартад нийцүүлж чанартай үйлдвэрлэж, үнийн хувьд уян хатан байх нөхцөлийг үйлдвэрлэгчидтэй ярилцлаа.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр