Бусад
Төмсөөр тэрбумтан болсон нь

Ямар ч харамч хүн ганцхан зүйлд тун өгөөмөр байдаг бөгөөд түүнийхээ төлөө юугаа ч хайрладаггүй. Тэр бол бор ходоод нь!
Үүнийг нь мэдсэн хятад залуу маш мэргэн арга олж, Тэрбумтан болж чадсан тухай энд бичмээр байна. Учир нь манай Монголд нийтийн хоолны салбарт ажиллаж байгаа дүү нарт минь хэрэг болох гайхамшигтай бизнес санаанууд түүний намтарт их байлаа.
Хятадын тэрбумтан, “Бяцхан төмс” хэмээх сүлжээ рестораныг үндэслэгч, Лю Шинь 1965 онд Ляонин мужын Шэньян хотод (Монголоор Мүгдэн хот) төржээ. 1989 онд ажлаасаа халагдан, хувийн бизнесээ эхэлсэн Лю Шинь ногоо, загас, хувцас худалддаг байв. Хоёр жилийн туршид тэрээр ердөө л 7000 юань хуримтлуулж чадсан байна.
Түүний эхнэр нь хоол сайхан хийдэг байсан тул, бусдын адил хүн бүрийн идэх дуртай түгээмэл хоолны гуанз нээжээ. Гэвч энэ оролдлого нь талаар болж, юу ч үгүй дампуурав.
Лю Шинь аргагүйн эрхэнд дахин худалдаагаа хийж эхэлсэн байна. Тэр ихэвчлэн гуанз рестораны эздийн мах, ногоо, гурил, будааг нь татаж өгдөг байлаа. “Эд нар хийж болоод байгаа бизнесийг би яагаад хийж чаддаггүй билээ?” гэсэн асуултыг Лю хөвгүүн өөртөө тавьдаг байлаа. Тэр нэг мөсөн дампуурсан байв.
Нэгэн өдөр хадам аав нь хөдөөнөөс тэднийд зочлон ирээд, хүргэн хүүтэйгээ оройжин хууч дэлгэж гэнэ. Хүргэнийхээ нууц чадварыг олж харсан хашир өвгөн хоосон зэмлэхээс зайлсхийн, үйлс бүтээх хүслийг нь дэмжсэн цөөн ухаалаг үг үлдээжээ. Хөдөөгийн хэгжүүн өвгөний энгийн бөгөөд амьдралд ойр үгэнд шимтэн суухдаа, Лю Син “Хожмын тэрбумтан” болох санаагаа олсон юм. Хадам нь,
– Та нар бусдын адил ногоо хуураад байвал, мөнгөний бурхадыг нь гэртээ зална (Бусдын үйлчлүүлэгчдийг татна гэсэн үг) гэдэг тийм ч амар зүйл биш дээ гэсэн битүү утгатай үг хэлээд охиндоо хандаж,
– Чи эмээгийнхээ хийдэг байсан бяцхан төмсний шөлийг санаж байна уу? Өнөөдөр надад бяцхан төмсний шөл хийж өг гэж лүндэн буулгав. Охин нь аавынхаа зарлигийг дагаж, зах дээрээс хамгийн жижиг төмснүүдийг нь түүвэрлэн худалдаж аваад, “Эмээгийн шөл”-ийг нь хийж өгөв. Лю төмсний шөлний амтыг бишрэн, эхнэртээ хэлж гэнэ.
– Чи ийм сайхан шөл хийдэг байснаа яагаад надаас нуусан юм бэ? Чамтай сууснаас хойш би энэ хоолыг анх удаа идэж байна гэхэд эхнэр нь,
– Манай нутагт энэ хоолыг хамгийн ядуу хүмүүс иддэг юм. Тэгээд чамайг голох болов уу гээд хийж өгдөггүй байлаа гэв. Залуу,
– Маргаашнаас эхлээд хоёулаа “Эмээгийн шөл”-ний гуанз нээнэ ээ! гэж хэлээд, эхнэрийнхээ сайхан хоолны амтанд урам нь сэргэж, “Хадам аавынхаа магтаал, зэмлэл хоёрын буяныг даах хүргэн гэдгээ харуулах юмсан” хэмээн нойр нь хулжин хоножээ.
Хадам эцгийн айлчлал “Бусдаас ялгарч чадвал чи амжилтанд хүрнэ” гэсэн сургамжыг Лю Шиньд хатуу ойлгуулсан юм. Ингээд 1993 онд Лю Шинь “Бяцхан төмс” гэдэг нэртэй жижигхэн зоогийн газар Мүгдэн хотод нээхдээ, ердөө 3000 юаны хөрөнгө оруулалт хийжээ.
Тэрээр нэг порц төмстэй хоолыг 10 юанаар үнэлээд, дээр нь 1 юаны үнэтэй бин урамшуулал болгон үнэгүй дагуулж өгөхөөр тооцоолсон байна.
Нэг порц хоолыг нэг хүн идэхэд бардаггүй бөгөөд үлдсэнийг нь Лю хөвгүүн зоогийн газарынхаа реклам бүхий саванд хийж өгдөг журам тогтоожээ.
Үйлчлүүлэгчид үлдсэн хоолоо гэр болон ажил дээрээ авчиран дахин иднэ.
Энэ бол “Бяцхан төмс” зоогийн газрын амьд сурталчилгаа болж, хаа сайгүй тархана гэдгийг Лю урьдчилан тооцоолсон байжээ.
Түүний эхнэр шарсан төмс, чанасан төмс, жигнэсэн төмс, буурцагтай төмс, махтай төмс, ногоотой төмс гээд л олон төрлийн хоол шинээр зохиож, хоолны цэс нь 150 гаруй нэрийн хоолтой болов. Удалгүй Мүгдэн хотод “Бяцхан төмс” гэдэг зоогийн газарын хоол нь амттай, порц нь арвин юм байна” гэсэн яриа ам дамжин яригдах болов. Үг хөлгүй ч тархахдаа амархан байдаг.
Нэг мэдэхэд 2 жил өнгөрч, Лю Шинь 2 сая юаны ашиг хуримтлуулсан байв. 1995 онд түүний зоогийн газарын түүхий эдийн нөөц хүрэлцэхээ байж эхлэв. Учир нь үйлчлүүлэгч ихсэхийн хирээр түүхий эдийн эрэлт нэмэгджээ.
Гэтэл тариачид бяцхан төмсийг тариалах сонирхолгүй байв. Иймд цөөхөн хэдэн нийлүүлэгч нарынх нь тариалсан төмс зоогийн газрынх нь хэрэгцээг хангаж чадахаа байлаа.
Лю Шинь бяцхан төмсний шинэ сортыг өөрөө тариалахаар шийдэж, анхны жил 1,5 сая юань зарлагадав.
Төмс гэдэг бол ихээхэн олз ашигтай бизнес гэж үзэж байсан болохоор, Лю Шинь мөнгийг хайр найргүй зарлагадаж байлаа.
Лю Шинь ХАА-н эрдэм шинжилгээний институтэд хандаж, дахин нэг сая юань зарлагадав. Хамгийн гол нь түүнд төмсний эрэлт хэрэгцээг бат найдвартай хангаж чадах бааз суурь хэрэгтэй байсан юм.
Мөн өөрийн зоогийн газарыг шинээр өөрчлөн байгуулах шаардлага өмнө нь тулгарч, 1996 онд Мүгдэн хотод 6 сая юаны зээлээр 4 давхар байшинг худалдан авав.
Ийнхүү Лю овогтын анхны Бяцхан төмс нэртэй брэндийн ресторан нээлтээ хийжээ. Улмаар 1997 онд Бяцхан төмс “小土豆” барааны тэмдэгтээ бүртгүүлж, “Бяцхан төмс” нэрийн хоолнуудынхаа зохиогчийн эрхийг баталгаажуулав.
Дараагийн жил нь хүн ам ихтэй Шаньдун мужын төв Жинань хот руу байлдан дагууллаа эхлэв. Гэвч найз нөхөд нь “Шаньдунд төмсийг их хэрэглэдэггүй шүү дээ” хэмээн зөвлөсөн боловч тэрээр өөрийн шийдвэрийг “Зөв” гэдэгтээ бат итгэлтэй байлаа.
Нээлт хийгээд, эхний 3 өдөр үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг үнэ төлбөргүй хоолоор дайлжээ. Лю Шинь “Бяцхан төмс” зоогийн газарын хоолны амтыг үйлчлүүлэгч нарт мэдрүүлж чадсанаар Жинань хотын зах зээлд баттай зогсож чадсан юм.
Түүний байлдан дагуулал үргэлжилж, 1999 онд Бээжин, Тианжин, Шенжень хотууд болон Хэнань, Жиансу, Хэбэй, Өвөр монгол зэрэг муж, орнуудад салбарууд нь нээгдэв.
Эдүгээ “Бяцхан төмс” брэнд 130 гаруй салбар бүхий нийтийн хоолны аварга сүлжээ ресторан болж, 2008 он гэхэд түүний хөрөнгийн хэмжээ 130 сая доллор болон өсчээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.