Энтертайнмент
Усан доорх музей

Зураач, уран барималчид аль л нэр хүндтэй гэсэн галерей, музейнүүдэд үзэсгэлэнгээ гаргахыг мөрөөддөг. Харин Английн уран барималч Жейсон ДеКаирес Тэйлор урлаг сонирхогчид барагтай бол зорьж очихооргүй газарт бүтээлүүдээ байрлуулахад амьдралынхаа бараг 20 жилийг зарцуулжээ.
Тейлор яг л амьд хүн шиг харагдах хэдэн зуун баримал, өдөр тутмын хэрэглээний эд юмсыг дуурайлган урласан бүтээлүүдээ далайн ёроолд тавьсан байна. Эдгээр бүтээл нь нүд баясгаж, өвөрмөц сонин мэдрэмж төрүүлэхээс гадна үзэгчдэд усан ертөнцийн гайхамшгийг таниулж, уур амьсгалын өөрчлөлтөөс болж хурдацтай үгүй болж буй далайн шүрийг хайрлаж хамгаалахыг сануулах зорилготой гэнэ.
Усан доорх анхны үзэсгэлэнгээ Тейлор 2006 онд Гренадагийн эргээс холгүй гаргасан бол гурван жилийн дараа Мексикийн Канкуны ойролцоо Усан доорх урлагийн музейгээ нээжээ. Энэ нь усан доорх дэлхийн анхны музей юм. Тус музейг “National Geographic” сэтгүүлээс Ертөнцийн 25 шинэ гайхамшигийн нэгээр нэрлээд байна.
Өдгөө 44 настай Тейлор 2006 оноос хойш далайн ёроолд 700 гаруй “хүн”-ий хөшөө баримал байрлуулжээ. Тэрээр бүтээлүүдээ далайн шүр орлогч хамгийн сайн бүтээгдэхүүн гэгддэг хүчил шүлтийг нь саармагжуулсан цементээр хийсэн байна. Канкун дахь түүний бүтээлүүд аажмаар далайн шүр бүрэлдэн тогтох хад болон хувирч, нийт 1000 ам метр талбайг бичил биетнүүд амьдрах таатай орчин болгон хувиргах юм. Зөвхөн шүрэн хаднаас хамааралтай усны амьтан олон бөгөөд Тейлорын урласан хиймэл шүрэн дунд бичил биетэн, хөвд, замгаас эхлээд хавч хэлбэртэн, жижиг загас хүртэл амьдрах боломжтой.
Урлагийг байгаль хамгаалах үйлстэй хослуулсан нь Тейлорын өсөж төрсөн орчин, мэргэжил, сонирхолтой нь холбоотой гэнэ. Малайзад өссөн тэрээр Австралид олон жил аврагч шумбагчын албанд ажиллажээ. Мөн дүрслэх урлагийн сургуульд суралцаж байхдаа далай тэнгисийн экосистемийг сонирхон судалж байж. Тэрээр хүний бүтээл байгаль орчинд бус, байгаль эх л хүний хийсэн бүтээсэнд ул мөрөө үлдээх учиртай гэж боддог.
Канкуны усан доорх музейг жилд 150 мянга орчим хүн үздэг бөгөөд нэг шумбахад далайн ёроолд хэр удаан байхаас шалтгаалж 45-65 ам.доллар төлдөг байна.
Анхны музейгээ нээснээсээ хойш Тейлор 2016 онд Испанийн эргийн ойролцоо дахин үзэсгэлэнгээ гаргаж, 2017 оны нэгдүгээр сарын 10-нд Европын анхны усан доорх музейгээ тус улсын Лансароте арлын эрэгт нээжээ. Тэрээр одоо Австралийн Их шүрэн хадны ойролцоо ээлжит музейгээ нээхээр ажиллаж байна.
1. Канкуны Усны музейн бүтээлүүд. Энэ бүхэн удахгүй усны амьтдын “гэр” болно…
2. Лансаротегийн музейн бүтээлүүд. Тейлор эдгээр бүтээлээ Европыг зорих цагаач, дүрвэгчдэд зориулжээ…
3. Жейсон ДеКаирес Тэйлор

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.