Улс төр
Б.Мэргэн: Юун Ерөнхийлөгчийнх, бүр хаант засаглал руу орох гээд байна

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Хуульд яг ямар өөрчлөлт оров?
-УИХ-ын чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг ямар үндэслэлээр чөлөөлөх, түдгэлзүүлэхийг заасан байдаг. Энэ заалтууд нь Үндсэн хуульд заасан заалтыг илүү дэлгэрүүлэн тайлбарласан гэсэн үг.
Үндсэн хуульд шүүгчтэй холбоотой шүүхийн шийдвэр гарвал огцруулж болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдож, тэр нь шүүхийн эцсийн шийдвэрээр нотлогдох юм бол чөлөөлж болно. Мөн Шүүхийн тухай хуульд шүүгч өвчтэй болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд чөлөөлж болно гэж заасан байдаг.
Үүнийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дэлгэрүүлээд заачихсан байсан. Гэсэн ч сая үүн дээр нэмээд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд тэр зөвлөмжийг ажлын албанаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж, шүүгчийг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлэх, чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгч шийднэ гээд заагаад өгчихөж байгаа юм.
Прокурорын тухай хуульд Ерөнхий прокурор болон орлогч прокурорын, Авлигын эсрэг хуульд АТГ-ын дарга, дэд даргыг хугацаанаас өмнө чөлөөлөх тухай тус тус заагаад өгчихсөн.
-Уг хууль батлагдсанаараа ҮАБЗ-д ямар давуу тал гарч байгаа юм бэ?
-ҮАБЗ-ийн гурван гишүүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байдаг. Ерөнхийлөгч өөрөө тэргүүлдэг. Тэдний 100 хувийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч өөрөө дараа жилийн ҮАБЗ-ийн хурлаар юу хэлэлцэхийг баталдаг. Мөн тухайн цаг үеэсээ хамааралтайгаар жагсаалтад ороогүй асуудал гарч ирвэл хэлэлцэх эсэхийг Ерөнхийлөгч шийддэг.
Ерөнхий сайд ч саналаа хэлээд асуудлаа оруулж болно. Тэгэхээр Засгийн газар хууль бус үйлдэл хийчихлээ гэж бодъё. Түүнийг шүүх хянаж таарна. Хянаж байх явцад Засгийн газрын таашаалд нийцээгүй шийдвэр гаргах гээд байх юм бол Ерөнхий сайд ҮАБЗ-д очоод “Энэ шүүгчийг огцруулъя” гэдэг саналаа хэлнэ. Тэр тохиолдолд гурвуулаа ярьж сууж байгаад зөвлөмж гаргачихна.
Өнөөх зөвлөмжийг ШЕЗ-д хүргүүлчихнэ гэсэн үг. Үндсэндээ АТГ, прокурор гэсэн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын болоод тэрхүү хэргийг үнэн мөнийг дэнсэлдэг шүүхийн байгууллагын удирдлагууд, шүүгч нар Ерөнхийлөгчийн эрх мэдэл дор төвлөрчихөж байгаа юм.
ҮАБЗ бүх шийдвэрийг гаргах эрхтэй болчихоор Засгийн газар, УИХ-ын гишүүд нь тэд нарт тал засах хэрэгтэй болчихож байгаа юм. Тэр гуравт тал засаж байж шийдүүлэх гэсэн асуудал нь цаашаа явна, хэргээ нуун дарагдуулж чадна. Хэсэг хүмүүс Ерөнхий сайдыг АТГ-т өгсөн байна лээ. “Ерөнхий сайд ЖДҮХС-гийн мөнгийг тарааснаараа гишүүдэд авлига өгсөн байна. Хариуд нь өөрийгөө огцруулахын эсрэг байлгаж чаджээ.
УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байхад ЖДҮХС-гаас зээл авсан бүх гишүүд өөрийнх нь талд кноп дарсан. Өөрийнхөө талд кноп даруулахын тулд ЖДҮХС-гийн мөнгийг тараажээ” гэсэн үндэслэлтэй байгаа юм. Харин одоо ил байгаа мэдээлэл дээр дүгнэлт хийхэд “Та нар энэ хуулийг баталж надад эрх мэдэл өг. Үгүй бол та нар шоронд орно шүү” гэж барьцаалсан байгаа мэт л харагдаж байна. Магадгүй тийм болоод ч тэр үү, энэ хууль 90 хэдэн хувиар батлагдсан биз.
-Хуульд өөрчлөлт орсноороо шүүх засаглалын бие даасан, хараат бус байдалд нөлөөлнө гэдгийг хуульчид хэлж байгаа. Таны хувьд ямар суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн зарчим ёсоор шүүгч хараат бус, шүүх бие даасан байх ёстой. Энэ утгаараа шүүгчийг бүх насаар нь томилдог. Дундаас нь ямар нэгэн байгууллага, хэн нэгний саналаар чөлөөлөөд байх юм бол шүүгч хэн нэгнээс нөлөөлөхгүйгээр хэргийг үнэн бодитой шийдэх боломжгүй болно. Би тэр хүний хүссэнээр энэ асуудлыг шийдэхгүй бол намайг ажлаас чөлөөлчих юм байна гэдэг ойлголт төрж таарна аа даа.
Ийм байдлаас л сэргийлж бүх насаар нь томилдог юм. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хуваарилдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан бие биеэ тэнцвэртэй хянаж байх ёстой. Хэрэв бүх эрх мэдэл нэгэнд нь байх юм бол дарангуйлал бий болдог. XVII зуунаас өмнөх бүх цагийн үеийн түүхэнд хаан бүхнийг шийддэг, тэр хүнд л бүх эрх мэдэл төвлөрчихсөн байсан. Тиймээс эрх мэдлийг нь гурван хэсэгт хуваасан хэрэг.
Хууль тогтоох байгууллагын гаргасан хуулийг Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Хэрэгжилт дээр нь хууль тогтоох байгууллага хяналт тавина. Шүүх эрх мэдлийн байгууллага нь Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг хуульд нийцэж байгаа эсэхийг хянана. Буцаагаад Засгийн газар нь шүүхийн төсөв санхүүг шийдэх замаар шүүхээ хяная гэх байдлаар харилцан тэнцвэртэй байх ёстой. Үүнийг XVIII зуунаас эрх мэдэл хуваарилах онол гэж нэрлэж, бүх улсууд Үндсэн хуульдаа тусгаж ирсэн.
Үндсэн хуульд эрх мэдлээ хуваарилаагүй байх юм бол Үндсэн хууль гэж үзэхгүй гэсэн зарчим ч байдаг. Г эсэн ч өнөөдрийн нөхцөл байдлаар энэ гурван эрх мэдэл нэг хүнд оччих хэмжээний асуудал болчихоод байна.
-Парламентын засаглалыг үгүйсгэж байгаа явдал мөн үү?
-ҮАБЗ гэдэг Үндсэн хуулийн байгууллага биш. Хоёрдугаарт, аль ч улсын жишгийг харсан ҮАБЗ гүйцэтгэх эрх мэдлийнхээ дор байдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгчийн дор, парламентын засаглалтай бол Засгийн газрынхаа дор байна гэсэн үг. ҮАБЗ-ийн шийдвэр нь зөвлөмжийн шинж чанартай. Зөвлөмжийг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй юм биш.
Тэгэхээр парламентын засаглал болоод эрх мэдлийн хуваарилалтыг энэ хууль үгүйсгэж байгаа юм. Бүр тодруулбал, парламентын засаглал, ардчилал, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх ёс, Үндсэн хуульт ёс хэрэг дээрээ бүр байхгүй болчихоод байна.
-Хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүж, авлига авч байгаа шүүгчид байгаа учраас тэдгээрийг солихын тулд энэ хуулийн өөрчлөлтийг хийж байна гэж яриад байгаа…
-Тэр хүмүүсийг сольсон ч дараа нь Ерөнхийлөгчийн хүмүүс орж ирэх нь ойлгомжтой. Мэргэжлийн хүмүүс орж ирэх үгүйг харж л байя. Үндсэн хуулийн Цэц дээр өнгөрсөн жил дөрвөн хүн томилсон. Нэг хүн нь насаараа ЗГХЭГ-ын тэргүүн, дэд дарга хийсэн хуулийн мэргэжлийн хүн. Харин үлдсэн гурав нь мэргэжлээрээ ажиллаж үзээгүй шахам л хүмүүс байсан.
Ерөнхийлөгч санал болгосон, түүний хүн гэдэг нь ч ойлгомжтой. Одоо хийж байгаа ажлууд, гарч байгаа шийдвэрүүд нь ч түүнийг нь батлан харуулдаг. Хүмүүс “Манайх Ерөнхийлөгчийн засаглал руу орох гээд байгаа юм биш үү” гэж яриад байгаа юм. Энэ бол их сайхнаар хэлж байна. Юун Ерөнхийлөгчийнх, бүр хаант засаглал руу орох гээд байна.
-Эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох боломж хууль эрх зүйн хувьд байдаг уу?
-Манай хууль хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг бэхжүүлнэ, тогтооно гэсэн уриатайгаар батлагдсан. Тэр утгаараа манай Эрүүгийн хуульд эрүүдэн шүүхийн эсрэг заалтуудыг оруулсан. Хэрвээ эрүүдэн шүүсэн байх юм бол хариуцлага хүлээлгэх заалт нь бий.
Энэ бол гэмт хэрэгт тооцогдоно. Дээрээс нь манай улс эрүүдэн шүүхийн эсрэг Венийн конвенцэд нэгдэн орсон улс шүү дээ. Хүний эрхийн конвенцүүдэд ч нэгдэн орсон байдаг. Тэр утгаараа эрүүдэн шүүнэ гэдэг байж боломгүй зүйл. Эрүүдэн шүүж олж авсан баримтыг нотлох баримт гэж үнэлэх ч ёсгүй. Тухайн хүн үнэхээр гэмт хэрэг үйлдсэн байсан ч эрүүдэн шүүсэн л байх юм бол нотлох баримтын хэмжээнд хүлээх авах ёсгүй юм.
Шүүгч эрүүдэн шүүгээд байгаа учраас шүүгчдийг солино гэж яриад байгаа юм. Шүүгч эрүүдэн шүүнэ гэж байхгүй шүү дээ. Тэр нотлох баримтыг цуглуулж, хэргийг мөрдөн шалгаж байгаа байгууллага нь өөрөө цагдаагийн байгууллага, мөрдөгчид юм. Эсвэл харьяаллаараа Тагнуулын байгууллага байна. Нөхцөл байдлыг прокурор хянаж, дараа нь шүүхээр шийдүүлдэг.
-С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзсэн. Хэрэв эрүүдэн шүүсэн эсэхийг нь мэдсэн юм бол яагаад өнөөдөр гаргаж ирж байгаа юм бол гэх хүмүүс байна л даа. Энэ тухайд?
-Улстөрчдөд итгэхэд хэцүү болчихоод байгаа юм. Үнэхээр тийм бичлэг байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв тийм бичлэг байгаа бол нууцлаад байх шаардлагагүй. Ил л байх ёстой асуудал шүү дээ.
Мэдээж эрүүдэн шүүсэн зүйл байгаа бол тэр хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Гэхдээ эрүүдэн шүүсэн бичлэг нь байсан бол өнгөрсөн хэдэн жилийн турш яагаад чимээгүй байсан юм бэ. Мэдэж байсан юм бол яагаад ил гаргаж тавиагүй юм. Яг хэрэгтэй үедээ улс төрийн зорилгоор гаргаж ашиглаад байгаа нь ямар учиртай юм. Үнэхээр хүний эрхийг хамгаалах гээд байгаа юм уу. Эсвэл өөрийнхөө эрх мэдлийг нэмэхийн тулд ашиглаад байна уу. Энэ мэтчилэн энгийн ухамсрын түвшинд бодоод үзэхэд Tytf асуудалтай л санагдаж байгаа юм.
Хүний эрхийн комисс жил бүр тайлан гаргадаг. Түүнийгээ УИХ-ын бүтцүүдээр хэлэлцүүлж, зөвлөмжөө хүргүүлдэг. Тэр бүрт эрүүдэн шүүх ажиллагаа байгаа тухай дурддаг. Өнөөг хүртэл Хүний эрхийн комиссын зөвлөмжийг УИХ хүлээж авч, түүнийх нь дагуу ажил хийсэн тохиолдол байхгүй байх. Гэтэл гэнэт улс төрийн зорилгоор ашиглах болохоороо гаргаж ирж байгаа нь харамсалтай.
Энэ нь ч цаанаа өөр нэг зорилготой гэдгийг нь харуулаад байгаа юм. Ер нь Эрүүдэн шүүнэ гэдэг нь зөвхөн тамлан зовоохыг хэлдэггүй. “Гэрийнхэнд чинь муу юм болно шүү” гэж сэтгэл санаагаар дарамтлах нь хүртэл эрүүдэн шүүлт юм.
-Энэ асуудал Цэц дээр очих болов уу. Цэц энэ асуудлыг хэрхэн шийдэх бол?
-Цэц дээр очоод буцах боломж байгаа. Хүний эрхийг, Үндсэн хуулийг хамгаалах хамгийн эцсийн зогсоол нь Цэц юм. Нэг жишээ дурдахад, 1930-аад онд АНУ-ын ерөнхийлөгч Рузвельт яг иймэрхүү шийдвэр гаргах оролдлого хийсэн байдаг. Шүүх намынх нь болоод өөрийнх нь эсрэг шийдвэр гаргаад байхаар нь шүүгчдээ солихыг оролдсон. Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд шүүхийн бүрэлдэхүүнийг өөрчлөх хуулийн төслийг оруулсан.
Хуулийн төслийг оруулахынхаа өмнө шүүгчид шиг авлига авдаг албан тушаалтан, шүүх шиг буруу шийдвэр гаргадаг завхарсан байгууллага алга гэж мэдээлэх болсон. Тэднийг л сольж өөрчлөхгүй бол болохгүй гэж хэдэн cap, жилийн турш ярьсан байгаа юм. Ингэж ард иргэддээ гүн бат итгүүлснийхээ дараа хуулийн төслөө оруулсан.
Харин конгресс нь хүлээж аваагүй учраас тэрхүү оролдлого нь талаар болсон байдаг. Рузвельтийн технологийг олон орон ашиглаж, дарангуйллыг тогтоосон. Хамгийн сүүлд Туркийн ерөнхийлөгч Эрдоган хэрэгжүүлж, хууль өөрчлөн 30 гаруй шүүгчээ барьж хорьсон.
Манай дээр ч гэсэн энэ технологи хэрэгжсэн. Тэд гуравдугаар сарын 26-нд л энэ хуулийн төслийг санаачлаад оруулаад ирсэн хэрэг биш. Тодруулбал, Х.Нямбаатар гишүүн “Захиргааны хэргийн шүүгчид авлига авдаг. Хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг, өөрийнхөд нь нэг сая ам.доллар байна” гэж нас барсан хүнийг АТГ-т шалгуулахаар явж байсан.
Тэрээр гишүүний хэлээд байгаа асуудлаар шалгагдаж байсан ч хэрэгсэхгүй болсон байдаг. Х.Нямбаатар гишүүн тухайн хүнийг нас барсныг нь мэдэнгүүтээ “22 шүүгч хууль бусаар ашигт малтмалын лиценз өгсөн байна. АТГ-т өгч шалгуулна” гээд л ярьсан. Одоог хүртэл АТГ-т тэр хэргийг шалгасан тухай ямар ч мэдээлэл байхгүй. Энэ мэтчилэн хүмүүс ар араасаа шүүх эрх мэдлийн байгууллагууд руу дайрсан байдаг юм.

Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
2 | Хууль зүйн байнгын хороо | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
3 | Эдийн засгийн байнгын хороо | “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Үндсэн хууль” |
4 | Хууль зүйн байнгын хороо | Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Их засаг” |
5 | УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан | Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
6 | УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан | Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.30 | 214 тоот |
Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ