Эдийн засаг
Д.Сумъяабазар: Тавантолгойн IPO-г би хийх болно

Тавантолгойн хувьцааг гаргах шаардлагагүй хэмээн ҮАБЗ үзсэн” хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед тараад байсан билээ. Өчигдөр болсон “Монголын геологи, хайгуул 2019 чуулган”-ы үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г тун удахгүй хийх гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр “1,072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг хугацаа нь болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулахын өмнө Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол шийдвэрүүдээ гаргуулна.
Түүнчлэн бид “Эрдэнэс Тавантолгой” дээр бүтцийн өөрчлөлт хийж, олон улсын түвшинд гарах “Тавантолгой интернэшнл” компани байгуулна. Тэнд олон улсын стандартад хүрсэн, санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийг өндөр түвшинд эзэмшсэн, өргөн мэдлэг, туршлагатай, ийм түвшинд ажиллах Гүйцэтгэх захирал байх ёстой, ТУЗ-ийн есөн гишүүний дөрөв нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, гадны, хөндлөнгийн гишүүд байх ёстой.
Санхүү, маркетинг, борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан захирлууд нь дэлхийн түвшинд хүрсэн байх ийм залуусаар бид багаа бүрдүүлж байж олон улсын хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг гаргана. Үүнийг хийх ёстой. Гадуур явж буй янз бүрийн ярианууд, үгүйсгэж байгаагийн цаана энэ үйл ажиллагааг завхруулах гэсэн, ямар нэгэн байдлаар мөнгөний хэлхээ холбоо үүсгэсэн хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол байгаа, гарцаагүй. Ард түмнийг мөнгөтэй болгохгүй, санхүүг нь бэхжүүлэх талаас нь бодохгүй, сонирхол нь бугласан хүмүүс нийгэмд буруу мэдээлэл өгч байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г би хийх болно, удахгүй хийнэ” гэжээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.