Улс төр
Ц.Нямдорж, Г.Эрдэнэбат нарын хэн нь “хэрэг зохиосон” бэ?

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнгөрөгч баасан гаригт Төв ангийн хорих ангид цагдан хоригдож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт “эрүүдэн шүүсэн” бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлснийхээ дараа Төрийн ордны А танхимд мэдээлэл хийж, “Зохиомол хэрэгт хилсээр шийтгэгдсэн гурван хүний ар гэрээс Хууль зүйн сайдын хувиар уучлал гуйж байна” гээд “Үүнийг зохион байгуулсан хүн нь уг хэрэгт хяналт тавьж байсан УЕП-ын орлогч асан (урьд орой нь түүнийг албан тушаалааас нь чөлөөлсөн) Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар” хэмээн нэрлэсэн билээ.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хувьд С.Зориг агсны аллагын хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял сонсоод байгаа юм. Уг хэрэгт хяналт тавьсан прокурор Г.Эрдэнэбат “С.Зориг агсны хэрэг илэрсэн, энд ямар нэг зохиомол зүйл байхгүй. Харин эрүүдэн шүүсэн асуудалд гэм буруутай гэж тогтоовол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэв.
Тэгэхээр нэг бол Г.Эрдэнэбат гэдэг хүн хэрэг зохиосон, үгүй бол Ц.Нямдорж сайд худлаа ярьсан (хэрэг зохиосон) болж таарах нь. Чухам хэн нь вэ? гэдгийг хуулийн дагуу шалгаж тогтоох биз.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдөр Ц.Нямдоржийн гэгдэх 2002 оны Эрүүгийн хууль, сүүлд өөрийнх нь өргөн барьж УИХ-аар батлуулсан шинэ Эрүүгийн хууль хоёрыг харьцуулан олон нийтийн сүлжээнд тавьсан байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 251-р зүйлд “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг тодорхойолохдоо “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхийг заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж, мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,
харин 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12-р зүйлд “Төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүэлээлгэх, ял шийтгэл оногдуулах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Энэ хуулийг баталж байх үед “Хуулийн байгууллагын хэрэг илрүүлдэг гар хөлийг мухарлалаа” хэмээн дайрч давшилж байсан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр “Эрүүдэн шүүлт гэдэг чинь ийм бузар булай юм байна” хэмээн шоудаж суугаа нь хувь заяаны “шоглоом” юм даа.
УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн эрүүдэн шүүсэн бичлэгт тухайлбал, хорих ангид ял эдэлж байсан хүн амины хэрэгтэй хоёр ялтан Б.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж, шахаж дарамталж, зодож байгаа нь бичигдсэн байдаг. Мөн ШШГ байгууллагын нэг ахлагч тэнд хоригдож байгаа хүний дүрээр орж хэргийг холбогдогчийг хэргээ хүлээхийг ятгаж, дарамталдаг.
Энэ тохиолдолд жишээ нь 2002 оны Эрүүгийн хуулиар бол эрүү шүүлт явуулсныхаа төлөө хариуцлага хүлээх этгээд байхгүй болж байна. Яагаад гэвэл хуульд “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж…” гэж заасан учраас эрүү шүүлт явуулж байгаа нөхдийн хувьд хуулийн хариуцлага хүлээх боломжгүй юм. Хуульд заасан гэмт хэргийн субьект биш гэж үзнэ. Өмнө нь тийм жишээ олон байсан. Эрүүгийн төлөөлөгч гэж хүн хэргийн холбогдогчийг зодож байгаад хэргийг нь хүлээлгэчихээд мөрдөн байцаагч дээр аваачаад өгдөг, нөгөө хүн нь хэргээ ярьдаг. Шүүх хурал болохоор “Би гэмт хэрэг хийгээгүй, надад хүчээр хэрэг хүлээлгэсэн, зодсон, эрүүдсэн” гэхээр мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч хоёр “би зодоогүй шүү дээ” гээд мултарчихдаг. Үүнийг Ц.Нямдорж сайд мэдэхийн дээдээр мэднэ. Хууль сахиулах их сургуулийн багш нар бол жинхэнэ өнгөтөөр нь ярина.
Харин 2015 оны хуулиар “төрийн албан хаагч хэн боловч өөрөө болон бусад этгээдийг хатгаж, эсвэл бусад байдлаар уг үйлдлийг хүлээн зөвшөөрч эрүүдэн шүүлгэсэн бол” гэж байгаа нь хариуцлагаас мултрах боломжгүй болж байгаа юм. Гүйцэтгэх ажилллагаа явуулсан (одоо хоригдчихоод байгаа) тагнуулын хоёр ажилтан, Б.Содномдаржаагийн өрөөнд гэмт хэрэгтний дүрээр орж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа ШШГ байгууллагын ажилтан ч аль аль нь ялтай.
Гэвч энэ хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. (2015 оны арванхоёрдугаар сард баталж, 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр заасан байсныг сонгуулийн дараа шинэ УИХ татаж аваад 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан) Харин С.Зориг агсны хэрэг 2016 оны арванхоёрдугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Тэгэхээр эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болох ч (одоо ч шалгаад явж байгаа) шүүх дээр очоод “Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхгүй” гээд хэрэгсэхгүй болох магадлалтай. Өмнө нь энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Д.Энхбат, түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн нарыг эрүүдэн шүүсэн хэрэг ч мөн ийм шалтгаанаар хэрэгсэхгүй болж байж. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын амласан “шударга ёсыг тогтоох” асуудал бас л эргэлзээтэй болж байна.
Хоёрдугаарт, прокурор 2018 оны арванхоёрдугаар сард Б.Содномдаржаа нарын гомдлоор энэ хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар өгсөн байдаг. Тухайн үед Тагнуулаас эрүүдэн шүүсэн бичлэгийг гаргаж өгөхийг хүсэхэд “Гүйцэтгэх ажлын нууц материал учраас устгасан” гэдэг мэдээллийг өгсөн байдаг. Прокурорын шаардлагаар дахин сэргээж нууцаас гаргасан зургаан өдрийн бичлэг ингэж хэрэгт авагдсан юм байна. Ингээд гүйцэтгэх ажил явуулсан тагнуулын хоёр ажилтанг гуравдугаар сарын 15-нд барьж хорьсон. Үүний дараа л Ц.Нямдорж сайд дуугарч эхэлсэн байдаг юм.
Өөрөөр хэлбэл энэ бичлэгийн талаар бичлэгийг сэргээсэн тагнуул, хэргийг шалгаж байсан АТГ хоёр л мэдэж байсан гэсэн үг. Харин уг бичлэг Ц.Нямдорж сайдын гарт хэрхэн ямар замаар орсон хийгээд, яагаад ингэж Аюулгүйн зөвлөлийг хөдөлгөх, Үндсэн хуулийн үзэл санаанаас давсан хууль батлуулах хүртэл улс төржүүлэх болсон шалтгааныг таах аргагүй.
Гэвч нэгэнт “галт тэрэг хөдөлчихсөн” учраас Ц.Нямдорж сайд нэгдүгээрт “Эрүү шүүлт хэрэглэсэн” төрийн албан хаагчдыг амласнаараа шүүхээр оруулах хэрэгтэй болж байна. Ял хүлээдэг, хүлээдэггүй нь хамаагүй. Хоёрдугаарт Б.Соднамдаржаа, Т.Чимгээ нарыг үнэхээр ямар ч нотлох баримтгүйгээр, мэдүүлэг зохиогоод, түүнийгээ хүчээр хэлүүлээд, зохиомол хэрэг тулгачихсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Уг нь бол Т.Чимгээ гэдэг хүн мөрдөн байцаалтын явцад нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, Б.Содномдаржаа ч хэргээ хүлээгээгүй юм билээ. Өөрөөр хэлбэл тэдний үйлдсэн хэргийг өөрсдийнх нь мэдүүлгээр биш, хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, хавтасч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоож, шүүх ял оноосон байдаг юм. Тийм байхад Хууль зүйн сайд нь ганцаараа “Зохиомол хэрэг шүү” гэж хашгираад байхаар жинхэнээсээ өөрөө хэрэг “зохиож” байгаа л болж харагдана.
Сүүлд сонсох нээ, мань хүн өнгөрсөн оноос эхлээд С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байсан Тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийг ээлж дараагаар тарааж эхэлсэн юм байна. Сайдын тушаал, шийдвэр гараагүй боловч агентлагийн дарга нар нь өөрсдөө тушаал гаргаад ажлын хэсэгт ажиллаж байсан нөхдийг ажлаас нь чөлөөлчихсөн. Тэгэхээр албан ёсоор ажлын хэсэг байхгүй болсон гэсэн үг.
Үргэлжлэл бий
Б.СЭМҮҮН

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.