Эдийн засаг
Б.Нямтайшир: Юм бүхнийг улстөржүүлэх, хэрүүлийн бузар болгочихдог ухамсраасаа салахгүй байгаагаас л бид хөгжихгүй байна
“Монголын Алт ” (МАК) группийг үндэслэгч, Бодлогын зөвлөлийн дарга Бямбаагийн Нямтайширын “MNC” телевизийн “Мөнхтөрийн цаг”-т оролцож, цаг үеийн асуудлаарх ярьсан ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Таны хувьд сүүлийн үед томоохон төслүүд дээр ажиллаж, гадаад, дотоодоор их явдаг учир ингээд ярилцаад суух цаг, зав ховор байдаг. Юутай ч бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа.
-Баярлалаа.
-Танай компани анх байгуулагдсан цагаасаа эхлээд өдгөө групп болтлоо өргөжжээ. Компанийнхаа тухай товч тайлбарыг үзэгчдэд өгөхгүй юу?
-Тэртээ 1993 онд найз нөхдийнхөө хамт Монголын уул, уурхайн салбарт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар анх энэхүү компаниа байгуулж байлаа. Тэр цагаас хойш өдгөө 25 жил өнгөрлөө. Энэ хугацаанд геологи хайгуул, уул уурхайн олборлолт, барилгын материалын үйлдвэрлэл, иргэний агаар, аялал жуулчлал, банк, санхүү, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, өргөжин хөгжсөн байдаг. Өнөөдрийн хэмжээнд МАК группт охин компаниудтайгаа нийлээд 2,400 хүн, мөн хамаарал бүхий компаниудтайгаа тооцвол нийт 4,400 гаруй хүн ажиллаж байна.
-Танай групп анх байгуулагдсан цагаасаа эхлээд улсад хэчнээн хэмжээний татвар төвлөрүүлж төлсөн бол?
-Бид өнгөрсөн хугацаанд тооцоо хийж үзсэн. Нийтдээ улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр 1.2 их наяд гаруй төгрөг төвлөрүүлсэн байна.
-Энэ бол их том тоо байна шүү. Танаас асуух ёстой нэг зүйл байна. Таныг уул, уурхайн салбарт бизнес эхлүүлэхээс өмнө Тагнуулын Ерөнхий газар буюу хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан гэдэг. Таныг тэнд ажиллаж байхдаа ажил, мэдээллийн давуу талаа ашиглаад байгалийн баялагтай газрыг олж, бизнес хийсэн гэж ярих хүмүүс байдаг. Энэ асуудалд та тайлбар өгөхгүй юу?
-Иймэрхүү яриаг би өмнө нь нэг бус удаа сонсож байсан. Миний хувьд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Аюулаас хамгаалах ерөнхий газарт 1980-1984 онд ажиллаж байсан. Миний ажлын чиг үүрэг өөр байсан. Өөрөөр хэлбэл геологи, уул уурхайн салбарыг би хариуцаж байгаагүй. Нөгөөтэйгүүр 1990 онд ардчилсан хувьсгал болно, зах зээлийн нийгэм рүү шилжинэ, энэ надад хэрэг болно гэж тэр цаг үед бид яаж мэдэх билээ. Далдыг харах биш.
Миний хувьд Ленинград гэж хуучин цагаар Уул, уурхайн дээд сургуулийг төгссөн. Маркшейдер инженер гэдэг сайхан мэргэжил эзэмшсэн хүний хувьд Монголын уул, уурхайн салбарт өөрсдийн эзэмшсэн мэргэжил, мэдлэгийг ашиглаж энэхүү салбарыг хөгжүүлье гэсэн ийм л зорилготой орсон.
Ингээд компани байгуулснаас хойш мэргэжлийн хүний нүдээр Монголынхоо урьд өмнө нээгдсэн болон шинээр хайгуулын лиценз авч бид хорин таван жил уул, уурхайн салбартаа үйл ажиллагаа явуулж ирлээ.
-Таны хүү УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Өмнө нь сайдын албыг хашиж байсан хүн. Зарим хүмүүс таныг бизнесээ хамгаалах, бизнестээ нөлөөлөхийн тулд хүүгээ улс төр рүү оруулсан гэж зарим хүмүүс ярьдаг?
-Энэ бол өрөөсгөл ойлголт. Миний удам судар, миний өвөг, миний аав Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж явсан хүмүүс байсан. Бас цаг үеийн хүнд байдлаас болоод хохирч, хэлмэгдэж, шорон оронд орж явсан улсууд. Би өөрөө аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй. Ерөөсөө намын батлах өвөртөлж үзээгүй хүн.
Хүүгээ Америкт сургууль төгсгөсөн. Дараа нь Герман улсад мастер хамгаалуулсан. Тиймээс залуу хүн өнөө цаг үед улс төрд ороод Монгол Улсынхаа төрд ажиллаж, төрийнхөө төлөө зүтгэх нь зүйтэй гэж үзсэн.
Мөн эцэг, өвгөдийнхөө, удмынхаа хийх гэсэн энэ улсын хөгжлийн тэр бодлогыг залгамжлаад төрдөө ажиллах ёстой гэсэн үүднээс хүүгээ би улс төрд оруулсан юм. Т үүнээс биш өөрийн эрх ашиг, компанийн эрх ашгийг харж оруулаагүй. Ер нь манай баримталдаг нэг гол зарчим байдаг. Улс төр бизнес хоёр ангид байх ёстой гэсэн зарчим.
Өнөө цагт улс төр, бизнес хоёр холилдчихсон. Энэ алдааг засахын тулд бид өөрсдөө үлгэр жишээ болж харагдах үүднээс хүүгээ компанийн үйл ажиллагаа, бизнесийн асуудалд огт оролцуулдаггүй. Бид өөрсдөө асуудлыг шийдэж явдаг. Харин “Н.Номтойбаярыг улс төрийнхөө ажлыг л сайн хий, төрийнхөө төлөө үнэнчээр зүтгэ” гэдэг байдлаар эцэг хүний хувьд ханддаг.
-Танай гэр бүлийг 34 лиценз эзэмшиж, Монголын баялгийг ховх сорж байгаа 30 гэр бүлийн нэс гэж цоллодог. Танд үнэхээр тийм олон лиценз байдаг уу?
-Компанийн 25 жилийн түүхэнд ч тэр, энэ уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүсийн хувьд ч тэр бид олон л лиценз авч байсан. Энэ 34-өөр ч тогтохгүй л авч байлаа. Энэ дотор хайгуул хийгээд үр дүн гараагүй, буцааж талбайнуудаа өгсөн маш олон лиценз бий. Яг өнөөдрийн байдлаар МАК группт 34 лиценз байгаа. Үүнээс дөрөв нь хайгуулын лиценз.
Үүнийг 2014, 2017 онд цахимаар өргөдөл өгөх, мөн сонгон шалгаруулалтад оролцож хайгуулын 4 лиценз авсан. Үлдсэн гучин лиценз бол ашиглалтын лиценз байдаг. Яагаад тоо нь их харагдаад байна вэ? гэж. Тэгэхээр эдгээрээс 12 лиценз нь барилгын материалын үйлдвэрийн чиглэлийн ордууд байдаг. Өөрөөр хэлбэл цемент болон евроблокын үйлдвэрт шаардлагатай түүхий эдийн ордууд гэсэн үг.
Блок, цемент хийхэд юу хэрэгтэй вэ. Мэдээж элс, гөлтгөнө, шохойн чулуу, шавар, нүүрс, төмрийн хүдэр зэрэг нь эдгээр барилгын материалыг үйлдвэрлэхэд зайлшгүй ордог түүхий эд юм. Энэ бүгдийг өөрсдөө олборлохын тулд тусгай зөвшөөрөл буюу лиценз авдаг. Тус бүр нь нэгээс хоёр лицензтэй. Ингээд харахаар тооны хувьд олон харагдаж байгаа ч яг үнэндээ нэг л бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.
Бусад нь уул, уурхайн лиценз байгаа. Нарийн Сухайтын нүүрсний орд хайгуулын нэг лиценз байсан. Гэвч Монголд уул, уурхайн хайгуулын ажил хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагддаг. Мөн дулааны улиралд хайгуул, өрөмдлөгийн ажил хийдэг учир нэг жилд бүх ажлыг хийнэ гэж байдаггүй. Тиймээс энэ ажлыг тав, зургаан жил үргэлжлүүлэн хийдэг.
Энэ үүднээс бид эхний илэрсэн нөөц дээрээ тайлангаа хамгаалж, ашиглалтын нэг лиценз авч явсаар байгаад өнөөх нэг лиценз чинь ашиглалтын таван лиценз болчих жишээтэй. Тиймээс бид Ашигт малтмалын газарт хүсэлт гаргасан. Нэг ордыг нэг лиценз болгож өгөөч ээ гэж. Гэтэл энэхүү асуудлыг өдийг хүртэл шийдэж өгөөгүйгээс болж лицензийн тоо ингэж олон харагдаж байгаа юм.
МАК групп нь үндэсний хэмжээний том компани. Улс орныхоо төсвийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг компанийн хувьд энэ 34 лиценз гэдэг тийм ч их тоо биш л дээ.
-1997 оны хуулиар төрийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн ордуудыг төр эзэмших ёстой. Гэтэл хувийн аж ахуй нэгжүүдэд 400 гаруй ордын лицензийг өгчихсөн байна. Тиймээс энэхүү 400 ордыг төр мэдэлдээ авах ёстой гэсэн яриа сүүлийн үед их гарах болсон. Энэ асуудалд таны байр суурь ямар байна вэ?
-Энэ асуудлаар салбарын Сайд болон Ашигт малтмалын газрын удирдлагууд тодорхой хариултыг егсөн байна лээ. Тэр их зөв хариулт. 1997 оны хуулиар улсын төсвөөр ямар нэгэн хайгуулын ажил хийсэн бол тэрхүү хөрөнгийг буцааж улсад төлдөг байхаар заасан байдаг. Тэрний дагуу уул уурхайн ихэнх компаниуд төлсөн байгаа. Бид ч гэсэн социализмын үед хийгдсэн ажлуудын зардлыг бүгдийг нь буцааж төлсөн.
Тухайн үед Оросын геологийн аргачлалаар хайгуулын ажил явагддаг байв. Энэ нь өнөө цагт шаардлага хангахаа байсан. Учир нь Барууны стандартаар аль болох цооног хоорондын зайг нягтруулж, ойр болгодог. Гол нь өрөмдлөг хийсэн чөмөг хуучин социализмын үед дээд тал нь 77 хувийн чөмөг авдаг байжээ. Гэтэл Жорк стандартаар 90-ээс дээш хувийн чөмөг авсан байх шаардлагыг тавьдаг. Энэ мэт олон асуудал байгаа учраас тухайн үед нөөц илэрсэн ч бай үгүй ч бай дахин хайгуул хийх, өнөөгийн стандарт шаардлагад нийцүүлэх, хөрөнгө оруулалтаа босгох, төслийг хэрэгжүүлэх, эрсдэлээ багасгах зэрэг шаардлагаас улбаалж зайлшгүй нэмэлт хайгуулын ажлуудыг орд болгон дээр л хийж байна.
-Цагаан суваргын орд газар дээр танай компани үйлдвэр барьж байгаа. Энэхүү орд газар ашиглалтад орсноор хэчнээн хэмжээний ашиг улсад өгч, хэр хэмжээний далайцтай үйлдвэр ашиглалтад орох учиртай юм бэ?
-Цагаан суваргын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байгаа. Үүгээр жилд 300 гаруй мянган тонн зэсийн баяжмал, 4-5 мянган тонн молибденийн баяжмал гарахаар байгаа. Мэдээж зэсийн баяжмалд дагалдах элементүүд бас бий. Гэхдээ тэр бүрийнх нь агуулга маш бага учраас нөөцөд төдийлөн тооцдоггүй. Энэ төсөл хэрэгжиж эхэлбэл нийтдээ 1,120 хүний ажлын байр шууд утгаараа бий болно.
Яг одоогоор энэхүү төсөлд манай групп нийт 410 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байгаа. Мэдээж олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авсан, дэлхийн 8 орны 70 гаруй компанитай тоног төхөөрөмж захиалах, ажил үйлчилгээ үзүүлэх, зураг төсөл хийлгэх гэх мэт хэлбэрээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Мөн үндэсний 200 гаруй компани уг төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.
Нийт төсөл 46 хувийн гүйцэтгэлтэй, зураг төсөл нь 100 хувь хийгдсэн, газар шорооны ажил дууссан, бетон цутгалтын ажил 40 хувьтай байгаа. Нэлээд идэвхтэй явж байгаа төслийн нэг. Харамсалтай нь улс төрийн нөлөөллөөс болж санхүүжилтийн асуудалд саад учирч байна.
-Цагаан суваргын ордыг социализмын үед хайгуул хийж илрүүлсэн гэдэг. Гэвч тухайн үед нөөцийг нь тогтоож өгсөн үү, үгүй юу? гэдэг дээр маргаан явагдаад байх шиг байна. Ер нь Цагаан суваргын ордыг төр буцааж авна, лицензийг нь цуцална гэсэн яриа явагдаад байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-1999 оны 12 дугаар сард “Зууны мэдээ” сонин дээр тухайн үеийн лиценз цуцлагдсан талаарх зарлалыг Ашигт малтмалын газраас гаргасан байсан. Үүний дагуу аж ахуйн нэгжүүд өрөгдлөө өгч, хэн түрүүнд өгсөнд нь лицензийн зөвшөөрөл олгодог ийм журамтай байлаа. Тэр үед “Зууны мэдээ” сонин дээр Цагаан суваргын лицензийн зарыг хараад МАК компани өргөдөл өгсөн. Ингээд Цагаан суваргын лицензийг тэр үеийн хууль дүрмийнх нь дагуу “МАК” компани авах боломж бүрдсэн.
Биднээс өмнө буюу 1995 онд Австралийн “Молопо” гэх компани Засгийн газартай таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм билээ. Гэрээнийхээ хугацаанд тус компани ажиг үүргээ гүйцэтгээгүй учир Цагаан суваргын хайгуулын лицензийг нь цуцалсан байна лээ. За үүнээс өмнө буюу 1965-1967, 1977-1978, 1980-1982 онуудад үе шаттайгаар эрэл, үнэлгээний ажил, урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэн юм билээ.
Ингээд 1984 онд тухайн үеийн БНМАУ-ын Эрдэс баялгийн зөвлөлөөр тус ордын хайгуулын тайланг хэлэлцээд “энэхүү хайгуулын ажилд дутагдал их байгаа учир улсын нөөцөд авах асуудлыг хойшлууллаа” гэсэн шийдвэрийг гаргасан юм байна лээ. Тийм учраас уг газарт хайгуулын ажил явагдсан боловч улсын нөөцөд албан ёсоор бүртгэж аваагүй гэсэн үг. Н.Номтойбаяр гишүүн яг энэ санааг хэлэх гэсэн болов уу.
Мэргэжлийн бус хүн учраас зүгээр орд тогтоогоогүй гэж ярьсан байна лээ л дээ.Сүүлд зах зээлийн шуурганаар энэхүү хайгуулын ажлын тайлан, материал бусад баримтууд алга болсон, зарим нь устчихсан байсан. Тиймээс Цагаан суваргын орд дээр дахин шинээр хайгуулын ажил хийхээс өөр замгүй болсон.
Ингэж шинээр хайгуулын ажлыг дэлхийн стандартад нийцсэн Жорк стандартын дагуу Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй геологи, хайгуулын ажилд хяналт тавьдаг “Пи энд Ий консаптинг” компанийн хяналтын дор найман жилийн хугацаанд явуулсан. Ингэж байж 2009 онд “МАК” компани Монголын Эрдэс баялгийн зөвлөлөөр тайлангаа хамгаалж, анх удаа Монголын Эрдсийн санд Цагаан суваргын нөөц бүртгэгдсэн. Ийм түүхтэй.
-Улмаар 2014 онд энэхүү орд газрын эзэмших, ашиглахтай холбоотойгоор УИХ, Засгийн газарт төсөл боловсруулж оруулсан байдаг. Тухайн үед бол Засгийн газарт 34 хувийг эзэмших, үлдсэн хувийг нь танай компани эзэмшихээр ийм төсөл орж ирсэн шиг санагдах юм. Гэтэл УИХ-аас энэхүү Цагаан суваргын ордыг 100 хувьд МАК-д эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргаж байсан даа…
-2009 онд нөөц хамгаалснаас хойш тус ордыг түшиглэн үйлдвэр барьж байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл гаргах зэрэг цаг хугацаа шаардсан том ажлууд эхэлсэн. Үүнийг Барууны том инженерингийн компаниудаар бид гүйцэтгүүлсэн. Үүний дараа буюу 2014 онд энэхүү ордыг ашиглахтай холбоотойгоор төрийн оролцоо ямар байх уу, төр оролцох эсэх асуудлыг шийдвэрлэхээр таван яамнаас бүрдсэн Ажлын хэсэг гарч таван cap ажилласан. Гол утга нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.4-т харьяалагдах уу, 5.5-д харьяалагдах уу гэдгийг л шийдэх байсан.
Өөрөөр хэлбэл 5.4 гэдэг бол “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон бол төр 50 хувь эзэмших” асуудал шүү дээ. Харин 5.5 нь “улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоолгосон бол төр 34 хувь хүртэлх хэмжээнд хөрөнгө оруулалтаа хийж хувьцаа эзэмшинэ” гэж заасан байдаг.
Үүний дагуу УИХ-аар томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт 5.5 гэж гарсан. Өөрөөр хэлбэл энэхүү ордыг улсын төсвийн хөрөнгөөр бус “МАК” компани өөрийн зардлаар хөрөнгө оруулалт хийж, найман жилд найман тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан учир яах аргагүй “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.5-д хамруулах юм байна гэсэн шийдвэр гарсан.
Ингээд Засгийн газар 350 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, 34 хувийн хувьцаа эзэмших Тогтоолын төслийг УИХ-д оруулсан байгаа юм. Үүний дагуу аливаа хууль хэлэлцэгдэх процессын дагуу эхлээд Бүлэг, Байнгын хороодын хуралдаанаар орж, УИХ-ын чуулганд хэлэлцэгдсэн. Эцэстээ төр шийдвэр гаргасан. Тэр нь энэхүү орд нөөцийн хувьд Эрдэнэт үйлдвэрээс 7 дахин жижиг, Оюутолгойгоос 28 дахин бага, 17 жил ажиллах төсөл учир улсын өр зээлийг нэмж хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй.
Харин үүний оронд татвар, хураамжаараа уг төслийн 60 орчим хувь нь төрд өгөөж болж орж ирэх юм байна. Энэ үүднээсээ улсын эдийн засгийн хувьд ашигтай гэсэн шийдвэрийг гаргаад МАК компани 100 хувь Цагаан суваргын ордыг ашиглах болсон юм. Өөрөөр хэлбэл төр 34 хувьд оролцох шийдвэрээсээ татгалзаж, манай компанийг 100 хувь уг төслийг хэрэгжүүл гэсэн шийдвэр гарсан гэсэн үг л дээ.
-Таны хувьд уг төслийг дангаараа хэрэгжүүлэх нь ашигтай гэж үзэж байсан уу? эсвэл төрийн оролцоотой байх нь илүү үр дүнтэй гэж харж байв уу. Их хурлын энэ шийдвэр танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Бидний хувьд уг төсөлд төрийн зүгээс 34 хувьд орчихвол төслөө хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал чухал юм болов уу гэж харж байсан. Үүнийг хүлээж байсан. Гэвч УИХ-ын шийдвэр нэгэнт л ингэж гарснаас хойш‘бид хэрэгжүүлэхгүй гээд яах билээ. Нөгөөтэйгүүр тухайн үед энэхүү УИХ-ын тогтоолыг эсэргүүцэж тэр үеийн УИХ-ын дэд дарга байсан Л.Цог гэх хүн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан.
Ингээд 2015 онд Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд “УИХ-ын 54 дүгээр тогтоол нь Үндсэн хууль болон бусад дагалдах хуулиудыг зөрчөөгүй” гэсэн шийдвэрийг гаргаснаар энэ маргаан дууссан. Энэ хуралдаанд БНМАУ-ын Геологи, уул уурхайн сайд асан Л.Хурц гуай, Хуульч, Доктор, профессор С.Нарангэрэл болон иргэний хөдөлгөөний төлөөлөл ч оролцсон байдаг.
-Цагаан суваргын үйлдвэр ашиглалтад орлоо. Мэдээж татвараа төлнө. Өөрөөр яаж ард түмэнд өгөөжөө өгөх юм бэ?
-Цагаан суварга шууд МАК-ийн эзэмшилд орчихсон гэж хүмүүс буруу ойлгоод байдаг. Тийм биш. Үндсэн хуулийн 6.1-д аливаа газрын доорх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тус хуулийн 6.2-д “газрын хэвлий дэх байгалийн баялаг төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Тийм учраас энэхүү орд газар нь төрийн өмч хэвээрээ байгаа.
Харин төрийн өмчийг хэн хэрхэн захиран зарцуулдаг вэ гэхээр ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн дагуу шийдвэр гаргаж, захиран зарцуулах эрх эдэлдэг. Үндсэн хууль болон Иргэний хуулиар ийм зохицуулалттай байдаг. Тиймээс Цагаан суварга бидний өмч биш. “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.2-оор газрын доорх баялгийг хуулийн дагуу хэн нэгэнд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглуулж, эзэмшүүлж болно гэж заасан.
Энэ дагуу бид төрийнхөө өмч дээр өөрсдийн хөрөнгөөр эрсдэлээ даагаад, хайгуулаа хийгээд цааш нь олборлох үйлдвэр байгуулаад, бүтээгдэхүүн гаргаад явах ёстой юм. Тэгэхээр ард түмэн байгалийн баялгийнхаа үр өгөөжийг яаж хүртэх ёстой юм бэ гэж. Энэ асуудлаар бид гаднын хууль эрх зүйн орчин, актуудыг судалж үзсэн.
Улс орныхоо төсвийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг компанийн хувьд энэ 34 лиценз гэдэг тийм ч их тоо биш л дээ.
Төр өмчлөгчийнхөө хувьд хэн нэгэн этгээдэд түрээслүүлж, ашиглуулсныхаа хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар авдаг. Энэ татвар бол борлуулахаар, эсвэл борлуулахаар ачуулсан ашигт малтмалын тоо хэмжээнээс хамаарч, үнээр нь тооцоолж, шууд хувь тооцож авдаг маш том татвар байгаа. Тухайн аж ахуйн нэгж алдагдалтай байна уу, ашигтай байна уу огт хамаагүй. Ашигт малтмалыг олборлоод худалдсан л бол тэндээс энэ татварыг авдаг.
Тиймээс аливаа улс орон энэхүү татвараасаа Баялгийн тусгай сан бүрдүүлээд, түүнээс ард түмнийхээ ирээдүйн хөгжил, нийгмийн асуудал, цаашид үр өгөөжийг нь хүртэх тэр боломжийг төр тусгай маш хатуу менежментээр хийдэг. Манай компанийн хувьд өнгөрсөн 25 жилийн хугацаанд улсад 300 орчим тэрбум төгрөгийн нөөц ашигласны төлбөр төлсөн. Тэр утгаараа бид баялгийн санд 300 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх бололцоотой байсан байгаа юм.
Хэрэв уул, уурхайн бусад аж ахуйн нэгжүүд энэхүү санд энэхүү төлбөрөө хийсэн бол ямар чухал сан бүрдэх байсан бэ. Энэ сангаас эрүүл мэнд, боловсрол, нийгмийн эмзэг бүлэг, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал зэрэг салбаруудад хуваарилж, дийлэнх хувийг төрийн хатуу хяналттай менежментийн дор арвижуулан хойч үе маань хүртэх боломжоор хангагдах учиртай.
Гэтэл өнөөдөр улсын төсөв бүрдэхэд хүнд байна. Манай улсын эдийн засгийн байдал тийм ч сайнгүй байгаа. Тиймээс энэ мөнгө төсөв рүү шууд орчихдог. Манай ард түмэн байгалийн баялгаасаа огт хүртэхгүй байна гэсэн зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар, төсвөөр дамжуулаад ч хүртэж байгаа.
-Хувьцааны хувьд…
-“Ашигт малтмалын тухай” хуулийн 5.6 гэж заалт бий. Энд “стратегийн орд эзэмшигч нь дотоодын Хөрөнгийн биржээр дамжуулж 10-аас доошгүй хувийн хувьцааг ард иргэдэд арилжаална” гэж заасан байгаа. Энэ бол том төсөл. Бас хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэх гэж багагүй цаг хугацааг авч байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, улс төрийн асуудал, уул уурхайг тойрсон манай томчуудын мэдэгдэл зэрэг янз бүрийн нөхцөл байдлаас болж энэхүү санхүүжилтийн асуудал зогсонги байдалтай, шийдэхэд саадтай болж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлчихвэл, ашиглалтад орчихвол бид дээрх хуулийн дагуу Засгийн газраар уламжлаад, УИХ-аас шийдвэр гаргуулах ёстой юм. Үүнийг бид хийнэ.
Тэр хэмжээгээр иргэддээ нээлтэйгээр хувьцаа зарна гэсэн үг. Ард түмэн хувьцаа авснаараа ногдол ашиг гэдгээс гадна хэрэв өөрсдийнхөө чөлөөт мөнгийг банкинд хадгалуулах хүүнээс илүү ашиг олох сонирхол байгаа бол тухайн үйлдвэрийн, аж ахуйн нэгжийн хувьцааны өсөлт бууралтан дээрээс өөрсдөө эрсдэлээ даагаад хувьцаагаа арилжаалдаг. Энэ бол гаднынхны мөнгөө зөв эргэлдүүлэх, ашиг олдог арга зам.
Нөгөө талдаа уул, уурхайн компаниуд эдийн засгийн үр ашигтай байвал хувьцаатай иргэддээ ногдол ашиг хуваарилах ийм хэлбэрээр ард иргэд эзэмших юм.
-Цагаан суваргын орд эзэмшлийн лицензийг цуцалчихвал танай компанид ямар үр дагавар үүсэх бэ?
-Одоо тус төслийн санхүүжилтийн талаарх яриа хэлэлцээр бүгд зогссон. Удахгүй гадаадаас манай энэхүү төсөл дээр барилгын ажил хийж байгаа компаниудын удирдлагууд ирнэ. Энэ хүмүүс ирээд хамгийн түрүүнд Монгол Улсад суугаа Элчин сайд дээрээ очиж, Монголд юу болоод байгаа талаар мэдээлэл авах байх. Ингээд бидэнтэй цаашид яах вэ гэдэг асуудлаа ярина. Гэрээгээ цуцлах юм уу, яах юм мэдэхгүй.
Яг үнэндээ гэж хэлэхэд бид тэр хүмүүст юу гэж хариулахаа сайн хэлж мэдэхгүй л сууна. Одоо бол бид төр, засгийн шийдвэрийг л хүлээж байна. Хэрэв төр лицензээ цуцална гэвэл энэхүү төсөл дээр хамтран ажиллаж, туслан гүйцэтгэж байгаа үндэсний 200 гаруй компани, мөн санхүүжилт олгосон, техник, технологио нийлүүлсэн гадаадын 70 гаруй компани, энэ төсөлд гар бие оролцож, ажил амьдралаа авч яваа хүмүүс бүгд хохирно. Энэ бол маш том маргаан болж хувирна.
Мэдээж хэрэг лиценз, тусгай зөвшөөрөл байсан болохоор л эдгээр гэрээ байгуулж, зээл, санхүүжилтүүд орж ирсэн байгаа шүү дээ. Лицензгүй, тусгай зөвшөөрөлгүй бол хэн итгэж хамтран ажиллах билээ дээ. Иймээс тусгай зөвшөөрөл бүтээн байгуулалт хоёрыг салгаж авч үзэж болохгүй. МАК группийн бүх асуудал хуулийн хүрээнд байгаа.
Манай компанийн хувьд өнгөрсөн 25 жилийн хугацаанд улсад 300 орчим тэрбум төгрөгийн нөөц ашигласны төлбөр төлсөн.
Засгийн газартай бид 2015 онд 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан. Засгийн газрын хүлээсэн үүрэг гэж бий. Манай компанийн хүлээсэн үүрэг гэж байгаа. Ингээд хамаагүй цуцална гэвэл нэг том төсөл, бүтээн байгуулалт, олон мянган хүний ажлын байр, хөрөнгө оруулалт, улсын төсөвт төлөх татварын хувь хэмжээ бүгд хэдэн жилээр дахиад хойшилно л гэсэн үг шүү дээ.
Бидний хувьд “Үндэсний компани” гэдэг утгаараа Монгол хүн Монгол Улсдаа баялаг бүтээж, үйлдвэрлэж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг л зорьсон. Бас үндэсний бахархлыг бий болгох гэсэн зорилгоор энэхүү төслийг эхлүүлсэн. Гадныханд ч “Монголчууд чинь юм хийдэг юм байна шүү” гэдгийг харуулахыг л хичээсэн. Ингээд цуцлагдлаа гэхэд энэ бүх зүйл талаар болох байх.
Би 18 жил энэхүү төсөл дээр ажиллаж байна. Энэ хугацаа хүний насаар бол бас чиг багагүй цаг хугацаа, оюуны өмч, хөрөнгө мөнгө ч их шаардагдсан. Хэрэв уг төслийг зогсоох, “МАК” компанид өгсөн лицензийг цуцлах ямар нэгэн үндэслэл алга байна гэж үзвэл энэхүү шийдвэрээ төр, засаг даруйхан гаргаж өгвөл бид ажлаа үргэлжлүүлмээр байна. Урин дулаан цаг ирж байна. Аль болох бид эрчимтэй явуулах болно. Бид чадна.
-Улс төрийн тогтворгүй байдлаас болоод гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчид зугтаж, олон компаниудтай хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, бизнесийн итгэлцэл гэдэг зүйл нуран унадаг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Итгэлцэл гэдэг бол бизнесийн алтан зарчим шүү дээ. Энэ итгэлийг алдах юм бол бидэнтэй хэн хэзээ ч дахин харьцахгүй. Тиймээс бид гадныхны итгэлцлийг алдах юм бол Монгол Улс руу хөрөнгө оруулалт таг зогсоно.
Нөгөөтэйгүүр манайх шиг үндэсний том компаниудыг харж байдаг, биднийг яах нь вэ гэдгийг ажиглаж байгаа бизнесийнхэн бий. Ийм байдлаар төсөл зогслоо гэхэд нөгөө ажилгүйдлийн тоо нэмэгдэнэ, төсөлд хүлээгдэж байгаа орлого байхгүй болно, валютын орлого алга болно гэх мэтээр эдийн засаг, нийгмийн салбарт томоохон сөрөг нөлөө учруулах юм. Тиймээс төр, засгийн хувьд энэ асуудлаар ямар нэгэн буруу шийдвэр гаргачихгүй болов уу гэсэн хувь хүний итгэл найдвар байна.
-Танай групп улсдаа татвар төлөлтөөрөө Эрдэнэт, Оюутолгойн араас ордог ийм том үндэсний компани. Энэхүү том компанийг удирдаж явдаг хүний хувьд энэ улс орныхоо хөгжлийг хэрхэн хардаг вэ?
-Үнэхээр Монгол Улсаа хөгжүүлье, ард түмнээ ажлын байртай, цалин орлоготой гэдэс цатгалан, мөр бүтэн байлгая гэж байвал бизнесийнхнээрээ битгий оролд л гэж хэлмээр байна. Манай төр, засаг аль болох өөрсдөө бизнесийнхэнтэйгээ зэрэгцээд бизнес хийх гээд байдаг асуудал нь улс орны хөгжилд чөдөр тушаа болж байна. Тиймээс бизнесийг чөлөөтэй болгох, хүнд аль болох хийж бүтээх урам зоригийг төр, засаг нь нээж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа юм.
Миний хувьд Монгол Улсынхаа хөгжлийн асуудлыг үргэлж бодож, түүний төлөө зүтгэж ирсэн. Монгол Улс хөгжихийн тулд нэн тэргүүнд гурван салбарыг гаднаас хараат бус байдлаар хөгжүүлэх шаардлагатай гэж би үздэг.
Нэгдүгээрт, эрчим хүчний салбар. Өнөөдөр бид Оросоос эрчим хүчээ авдаг. Оюутолгой гэхэд урдаас авч байна. Монгол Улс нийт нүүрснийхээ нөөцөөр дэлхийд эхний 10 дугаар байрт жагсдаг гэж байгаа. Тийм учраас эрчим хүчнийхээ асуудлыг найдвартай хангаад, болбол гадагшаа экспортлох асуудал байна. Нөгөөтэйгүүр нийгмийн гамшиг болсон агаарын бохирдлыг бууруулах олон арга зам байдаг. Түүний нэг нь уурын зуухыг цахилгаан халаагуураар солих арга. Ер нь бизнесийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд хотын удирдлагатай хамтраад шийдвэрлэх боломж бий. Гагцхүү улс төрчдийг л үүнээс хол байлгах хэрэгтэй. Үүний тулд төр, засаг энэ асуудлыг нэн тэргүүний төрийн бодлого болгож харах хэрэгтэй. Энэ нь Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд их чухал асуудал юм.
Хоёрдугаарт, барилгын материалын үйлдвэрүүдийг монголчууд өөрсдөө барьж барилгын материалаар дотоод зах зээлээ хангах асуудал байдаг. Үүнд манай компани Европын стандартаар баригдсан, нэг саяын хүчин чадалтай цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Амжилттай явж байна. Иргэд олон түмэн манай цементийн чанарт эргэлзэхээ больсон, ам сайтай байдаг. Хамгийн гол нь чанар нь тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг үнэлгээг ард түмнээсээ авлаа. Энэ мэт барилгын материалын нэг ч гэсэн бүтээгдэхүүнээр дотоодынхоо зах зээлийг хангачихлаа. Үүнийг МАК компани хийж чадсан. Манайхаас гадна МонЦемент, Хөтөл цементийн үйлдвэрүүд сайн ажиллаж байгаа. Монгол Улс одоо гадагшаа урсдаг цементийн мөнгөө зогсоочихсон. Одоо бид Оросын Сибирь нутаг руу экспортлох гэрээ хэлцлүүдийг хийж байна.
Гуравдугаарт, ган, төмөрлөгийн үйлдвэрийг барих асуудал байгаа. Аливаа улс орон хөгжихөд иргэний ч бай улсынх ч бай бүхий л барилга байгууламжид энэ бүгд хэрэгцээтэй, суурь салбар гэж ярьдаг. Үүнийг нэн тэргүүнд анхаарч хөгжүүлэх хэрэгтэй байна. Юуны өмнө энэ төрлүүдээр гадагшаа урсдаг мөнгөний урсгалаа зогсоож авах шаардлагатай. Цаашлаад уул, уурхайн салбараа түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Мөн үүн дээр дөрөөлөөд бидний дуусашгүй баялаг болсон мал байна. Малаа эрүүлжүүлэх.малынхаа түүхий эд, малын гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг барууны технологиор боловсруулж,хоёр том хөршийн зах зээлд органик хүнсний бүтээгдэхүүн экспортлох маш том боломж байна.
Нөгөөтэйгүүр Монгол Улс онгон байгаль бүхий өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй, нүүдлийн уламжлалт соёл иргэншилтэй. Онгон тагшин, үзэсгэлэнтэй байгалийн тогтоц бүхий газар ус ихтэй баялаг орон. Үүний тулд иргэний нисэхийн салбарыг төр, хувийн гэж ялгаварлахгүйгээр төрийн бодлого болгон дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй.
Нэг жуулчин ирэхдээ Монголд хамгийн багаар бодоход 1,500 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Ингээд бодоход нэг сая жуулчин нэг зуны улиралд 1.5 тэрбум ам.доллар оруулна гэсэн үг.
Энэ нь валютын ханшийн өсөлтийг бууруулахад тодорхой дэмжлэг болно. Тиймээс энэхүү уламжлал, газар нутгийн онцлогтоо тулгуурласан аялал, жуулчлалын бодлого явуулах ёстой. Монгол Улс хөгжих дэндүү олон боломж байгаа, Харамсалтай нь юм бүхнийг улстөржүүлэх, хэрүүлийн бузар болгочихдог ухамсраасаа салахгүй байгаагаас л бид хөгжихгүй байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.