Улс төр
Э.Бат-Амгалан: Хэрээс хэтэрсэн улстөржилт дүүргийн хөгжлийг хойш нь татаж байна
Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалантай ярилцлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус дүүрэг Засаг даргагүй байсан юм. 2016 онд болсон дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр маргаан гарч, улмаар Засаг даргаа томилж чадалгүй өдий хүрсэн. Эл маргааныг шүүх эцэслэсэн шийдсэнээр өнгөрсөн сарын 23-нд тус дүүргийн хоёр тойрогт дахин сонгууль явуулсан байдаг. Тус сонгуульд МАН ялалт байгуулснаар Баянзүрх дүүрэг албан ёсны Засаг даргатай болсон нь энэ юм.
-Гудамж талбайд үүссэн хур хогноос авхуулаад эмх цэгцэд оруулах ажил овоорсон үед та Баянзүрхийн Засаг дар-гаар томилогдлоо. Ханцуйгаа шамлаад зүтгэхээс өөр аргагүй хариуцлагатай үе гэж болох юм. Анхны ажлаа хаанаас эхэлье гэж бодож байна вэ?
-Таны хэлсэнчлэн хогны асуудлаас л эхлээд цэгцэлнэ гэж төлөвлөж байна. Уг нь сэтгэл гаргаад л шийдчих асуудал. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд дүүр-гийн тулгамдсан асуудлын нэг болсон. Би Баянзүрх дүүрэгт 12 дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн сүүлд, 2008-2012 онд дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргыг албыг хашиж байлаа. Тухайн үед Баянзүрхэд хог хаягдал хоёр том цэг байдаг байсан.
Гэтэл өнөөдөр 28 хороо бүрт зохиомол хур хог хаягдлын цэг бий болжээ. Иргэдтэй уулзаж, судалгаа авахад нэн тэргүүнд хогийн цэгийг цэгцэд оруулж, гудамжны гэрэлтүүлгийг сайжруулах хэрэгтэй гэж байна. Үүнийг цаг алдалгүй шийдвэрлэнэ.
-Газрын харилцаа, төрийн үйлчилгээтэй холбоотой гомдол, саналтай иргэн танай дүүрэгт олон байдаг юм билээ. Аж ахуйн ажил дороосоо ундардаг. Гэтэл дараагийн сонгууль болоход жил хоёр сарын хугацаа л үлдлээ. Ахуйн ажилтай зууралдаж өнгөрүүлэх хэр оновчтой юм бол?
-Иргэд төрөөс амьдрах аюулгүй, тохилог орчин, хөдөлмөр эрхлэх хууль зүйн таатай нөхцөл бүрдүүлж өгөхийг л хүсдэг. Дүүргийн дарга бол иргэдэд үйлчлэх ёстой улс төрийн ажилтан. Тиймээс нэн тэргүүнд цэвэрхэн, тохилог орчин бүрдүүлэхийг зорьж байна. Ажил, амьдралын минь 12 жил энэ дүүрэгтэй холбоотой учир ажил, орчинтойгоо танилцаж хугацаа алдахгүй. Бодож, төлөвлөсөн зүйлсээ төлөвлөгөө гаргаад эхнээс нь ажил болгоно.
ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН ЦОГЦОЛБОР, ДЭД БҮТЦИЙН ХОЁР ТӨВ БАЙГУУЛНА
-Тухайлбал?
-330 мянган хүнд тулгамдсан бүх асуудлыг нэг жилийн хугацаанд, нэг далайлтаар цэгцэнд оруулах боломжгүй. Тэр тусмаа ганц төсвийн хөрөнгөөр хийж, гүйцэтгэх бүр ч боломжгүй. Өнгөрсөн хугацаанд зөвхөн төсвийн хөрөнгөөр тулгарч буй бүх бэрхшээлээ арилгах гэсээр их хугацаа алдлаа. Энэ мэтээр гал унтраах зарчмаар ажиллаад ойрын жилүүдэд амжилтад хүрэхгүй.
Тиймээс хувийн хэвшлийн дэмжлэг авч гаднын хөрөнгө оруулагчдыг дүүргийн бүтээн байгуулалтад татан оролцуулах төлөвлөгөөтэй байна. Хувийн хэвшлийнхэн олон санал санаачилга гаргаж, дүүргийн ЗДТГ-т хандсан байдаг. Тэгэхээр үүнийг боломжтой гэж харж байгаа. Наад зах нь өнөөдөр Баянзүрх дүүрэгт залуучуудад зориулсан үзвэр, үйлчилгээний газар гэж алга.
Залуус маань кино үзэж, номын санд суухын тулд заавал хотын төв рүү явах шаардлагатай болдог. Өнгөрсөн жилүүдэд дүүргийн удирдлага залуусаа мартаж, хувь хүнийх нь хөгжлийн төлөө юу ч хийсэнгүй. Бид залуусын сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтэд хүртээмжтэй цогцолбор бий болгохоор гаднын хөрөнгө оруулагчидтай санал солилцож байгаа ажлаа шуурхайлна.
Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарын дээшлүүлэх тал дээр гарч байгаа олон санаачилгуудыг дэмжин, бодит үр дүн гаргах тал дээр анхааран ажиллана.
-Гэр хорооллын орчин нөхцөлийг хэрхэн сайжруулах вэ. Баянзүрх дүүргийн газар нутгийн дийлэнх нь гэр хорооллын бүс байдаг.
-Авто болон явган хүний замын ажил хоцрогдолтой явж байгаа. Энэ нь дээр дурдсан төсвийн хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас үүдэлтэй. Үүнээс болж хөрөнгө бага шаардагддаг буюу шороон замыг нь хусах, тэгшлэх зэрэг олон жилийн насгүй, үр дүнгүй ажлууд жил дараалан хийгдсээр байна. Тиймээс байгалийн чулуу болон бусад өртөг бага шаардагдах материалаар гэр хорооллын дунд зам тавих асуудлыг нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх шаардлагатай. Үүнийг нийслэлийн удирдлага анхааралдаа авч ажиллах байх.
Бидний хувьд зөвхөн төсвийн хөрөнгийг хүлээхгүйгээр ямар нөөц боломж байна тэр бүхнийг ашиглаж ажиллана. Мөн гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг сайжруулахад түлхүү анхаарна. Аливаа ажлыг хийхэд судалгаа, төлөвлөлт чухал.
Өнгөрсөн хугацаанд бид олон төрлийн судалгаа хийсэн. Үүн дээрээ тулгуурлаж, төлөвлөгөө гаргаж байна. Зорьсон бүхнээ биелүүлэхэд дүүргийн өнгө, төрх өөрчлөгдөж иргэдийн маань амьдрах орчин дээшилсэн байна гэдэгт итгэлтэй байгаа. Энэ жил дүүргийн гэр хорооллын хоёр хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Дэд бүтцийн төв” байгуулах ажлыг эхлүүлнэ. Бага оврын цэвэрлэх байгууламж, дулаан, цахилгааны бие даасан эх үүсвэрийг гэр хороололд байгуулснаар иргэдийн амьдрах орчин аяндаа сайжирна.
ЖИЖИГ, ДУНД БОЛОН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ИЙГ ДЭМЖИЖ, АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛНА
-Баянзүрх дүүрэгт ажилгүй иргэн цөөнгүй бий. Үүнээс улбаатай сөрөг үр дагавар ч олон байгаа. Тухайлбал, архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийг дурдаж болно. Гудамж, талбай дахь аюулгүй байдлыг сахиулахын тулд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Дүүргийн ИТХ-ын дарга Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөө удирдан ажилладаг. Би энэ зөвлөлийн гишүүн учир санал оруулах боломжтой. Уг нь Баянзүрх дүүрэг бусдаасаа онцлог ихтэй. Монгол Улсын нийт хүн амын 12, нийслэлийн хүн амын 24 орчим хувь нь энэ дүүрэгт амьдарч байгаа.
Мөн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Да хүрээ”, “Дүнжингарав”, “Баянзүрх” гээд төвлөрсөн зах, худалдааны төв олонтой. Үүн дээр төрийн болон хувийн өмчийн 20 гаруй их, дээд сургуулийг оролцуулбал хамгийн их хөл хөдөлгөөнтэй дүүрэг. Энэ байдлыг давуу тал болгоод жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж ажилгүй иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхааран ажиллана.
Ер нь дүүргийн удирдлага бүх шатандаа хамтарч, оршин суугчдаа Баянзүрхийн иргэн гэдгээрээ бахархах хэмжээнд хүртэл нь ажиллах ёстой. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Гэмт хэргийн тухайд гарсных нь дараа илрүүлэх бус, гарахаас нь өмнө сэргийлэх нь чухал. Тэгэхийн тулд залуусын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлагатай юм. Үүн дээр бидэнтэй хамтарч цагдаагийн хэлтсүүд голлон ажиллах ёстой. Мэдээж цагдаагийн хэлтсүүд Нийслэлийн Цагдаагийн газар, ЦЕГ-аас санхүү, техникийн дэмжлэг авдаг ч энэ нь хүрэлцээгүй байдаг.
Энэ онд дүүргийн Цагдаагийн гурван хэлтэс тус бүрт 10 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөсөн байгаа юм. Үүнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Цагдаагийн байгууллагатай нягт холбоотой хамтарч, үүнийхээ хажуугаар дээр хэлсэнчлэн гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.
-Улаанбаатарт гарч буй нийт гэмт хэргийн дийлэнх нь Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга уушийн газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулна гэсэн. Баянзүрх дүүрэг уушийн газар олонтой. Тэдгээрийг цэгцэд оруулна биз дээ?
-Бүх зүйлийг хүч хэрэглэн дарах угаасаа зохимжтой арга биш. Би социализмын үед төрж, өсөөд зах зээлийн нийгмийн үед ажиллаж, амьдарч байна. Зах зээлийн нийгэмд аливаа зүйлийг хорьж, боох нь сайн үр дүн авчрахгүй. Түүнээс улбаатай сөрөг үр дагавар ч ихэсдэг. Жишээ нь 1990 оны дунд үеэр архичидтай тэмцэхийн тулд архины худалдааг хориглож, үйлдвэрүүдийг хаасан. Гэтэл шагийн архи худалдаанд гарч, иргэд гэртээ архи найруулж зардаг болсон.
Одоо бол эрх мэдэлтэй хүмүүсийн хамаарал бүхий компаниуд энэ салбарт ноёрхож байна. Баар, цэнгээний газруудыг шууд хаахаас илүүтэйгээр стандарт, үйлчилгээнд нь тавих шаардлагаа өндөрсгөөд, хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж боддог. Чийг үнэртсэн, тухгүй үйлчилгээний газарт одооны залуус орохгүй. Тэгэхээр аяндаа зах зээлийн өрсөлдөөний зарчмаараа үйл ажиллагаагаа зогсоож л таарна.
Архины хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ үед олон нийтийг хамарсан, сэтгэлгээг нь өөрчлөх ажлуудыг шат дараатайгаар хийх нь чухал. Тэр дундаа залуусыг согтууруулах ундаанаас татгалзуулж, нийгэмд эзлэх байр суурийг нь нэмэгдүүлэх тал дээр энэ чиглэлийн ТББ-уудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Дүүргийн онцлогт тулгуурлан жижиг, дунд болон өрхийн үйлдвэрийг хөгжүүлж, ажилгүйдлийг бууруулах боломж байгаа юм байна. Гэхдээ хоёр намын тэмцлийн улмаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл ч авч чадахгүй байгаа гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Сүүлийн хэдэн жил энэ дүүрэгт улстөржилт хэрээс хэтэрсэн нь нууц биш болсон. Өнөөдөр тулгарч буй бэрхшээлийн уг сурвалж нь энэ. Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуульд л бэлдсэн байдаг юм. Хэдийгээр дүүргийн Засаг дарга улс төрийн албан тушаалтан боловч сонгуулиас илүүтэйгээр иргэдийн төлөө ажиллах учиртай. Одоо гэхэд л нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн даргаар миний биеийг томилсон боловч улстөржилт үргэлжилсээр л байна. Сонгуулийн үр дүнд гомдолтой хүн байж болно.
Гагцхүү гомдлоо хууль, хяналтын байгууллагад уламжилж, түүгээр шийдүүлэх нь зөв. Түүнээс биш өнөөдрийнх шиг нөхцөл байдлыг үүсгэж болохгүй. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам дүүргийг удирдаж байхдаа МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, зарим газрын дарга нартайгаа ойлголцож чадаагүй. Уг нь дүүргийн хөгжил, иргэдийн эрх, ашгийн төлөө хамтарч ажиллах ёстой хүмүүс шүү дээ, тэд.
Энэ хамтын ажиллагаа байхгүй учраас Баянзүрх гэдэг дүүрэг орхигдчихсон хэрэг. Энэ улстөржилт эцэстээ хороонд өрнөдөг болсон. Улмаар МАН-ын гишүүн бол зээл олгохгүй гээд л эхэлсэн байдаг юм билээ. Та үүнийг л асууж байх шиг байна.
ХУУЛИАС ДЭЭГҮҮР ЭРХ МЭДЭЛТЭЙ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА БОЛОН ТӨРИЙН ШАТ ШАТНЫ АЛБАН ХААГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ БИ ХАРИУЦЛАГАТАЙГААР ХЭЛМЭЭР БАЙНА
-Нэгэнт энэ сэдэв рүү “орсных” үүсээд буй нөхцөл байдлын талаар танаас хэдэн зүйл лавлая. Дүүргийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ. Газрын асуудлаа шийдүүлж чадаагүй иргэдийн өргөдөл овоорч,Баянзүрхийн төсөв, санхүү нэлээд доголдсон сураг дуулдсан. Үнэн үү?
-Зарим асуудлыг холбогдох байгууллага нь шалгаж, дүн тавих байх. Монголд ардчиллын салхи сэвэлзээд 29 жил болсон. Гэтэл Баянзүрх дүүрэг улс төрийн байгууллага болчихсон байдаг. Бидний үеийнхэн Ардчиллын үнэ цэнийг хадгалж, залуус дүү нартаа өвлүүлэх учиртай юм. Түүнээс биш хэн түрүүлж тугаа хатгасан нь авдаг гэсэн зарчмаар ажиллаж болохгүй.
Төрийн үйлчилгээ, гүйцэтгэж буй ажлаараа Баянзүрх бусдаасаа сүүл мушгиж байгаа нь үнэн. Газартай холбоотой санал, гомдол, маргаан байгаа нь ч үнэн. Монгол Улсад хууль үйлчилдэггүй иргэн, байгууллага, салбар гэж байх ёсгүй. Иргэдийн санал, шүүмжлэлийг сонсож эдгээр асуудлыг шийднэ. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй Хорооны Засаг дарга болон төрийн шат шатны албан хаагч байж болохгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна.
-Төрийн үйлчилгээг хүргэж буй хүмүүст арга хэмжээ авах нь ээ?
-Шаардлагатай бол арга хэмжээ авна. Төрийн үйлчилгээг намчирхаж, улстөржихгүйгээр иргэдэд тэгш хүртээх ёстой. Шат шатны байгууллага, газар, хороодод би шаардлага тавьж ажиллана. Бүх халамж, тэтгэмж, санхүүжилтийг намын гишүүнчлэл харж өгөөд, залуусын төрдөө итгэх итгэлийг алдагдуулж болохгүй. Энэ бүхнийг шударгаар явуулж, анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа хүмүүсийн намчирхдаг байдлыг таслан зогсоож, сэтгэлгээг нь өөрчлөх ёстой.
Мөн шаардлага тавьж байгаа шиг ээ тэдэнд ажиллах таатай орчин бүрдүүлж өгнө. Баянзүрхийн ИТХ 41 төлөөлөгчтэй. Түүний 21 нь МАН-ын төлөөлөл байна. Тэгэхээр дүүргийн хөгжилд энэ жил мэдэгдэхүйц дэвшил гарах болно. Цөөнхийн бүлгийнхэн бидний ажлыг дэмжиж зөв бол ташуурч өгч, буруу бол зөвлөгөө өгч ажиллах байх гэдэгт итгэлтэй байна.
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Улс төр
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улс төр
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.
Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.
Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.
Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.
Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.
Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.
Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.
Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.
Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.
Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.
Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.