Эдийн засаг
Д.Дамба-Очир: Капиталын том хадгаламж эзэмшигч нь Г.Алтан

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа гол үйл явдлын нэг бол Капитал банкийг татан буулгах асуудал байлаа. Өнгөрсөн оноос хойш банкны тухай хуулиудад шинэчлэл хийж, эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай гэж хэд хэдэн хууль ч баталсан. Гэтэл өнөөдөр яагаад нэг банк дампуурахад хүрэв?
-Өнөөдрийнх шиг банкны дампуурлыг зарлахгүйн тулд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьж, бие даасан хууль баталсан юм шүү дээ. Тийм ч учраас хуулийн хүрээнд томоохон банкууд дотоод хөрөнгөө нэмэгдүүлээд эрсдэлгүй болсон. Хэрвээ өнөөдөр санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон банкууд дампуурахдаа хүрвэл асуудал буруугаар эргэнэ шүү дээ. Тэнд асах их хэмжээний хадгаламж, эргэлт өрнөж байгаа учраас онцгой анхаарах хэрэгтэй гээд байгаа юм. Капитал банкны хувьд жижиг учраас банкны системд төдийлөн нөлөөлөхгүй. Гэхдээ л хадгаламж эзэмшигчдээс авхуулаад тодорхой хэмжээнд бухимдал үүсч таарах байх.
-Капитал банкны хувьд нөхцөл байдал хэзээнээс эхэлж хүндрэх болов. Та энэ талаар мэдээлэлтэй байсан уу?
-Олон улсын аудитын компаниар 2016 онд дотоодын банкуудад шалгалт хийлгэсэн. Энэ шалгалтын дүнтэй холбоотойгоор ил болж байгаа асуудал. Тухайн шалгалтаар хэд хэдэн банк өөрийн хөрөнгийн дутагдалд орсныг илрүүлсний дагуу зохих шаардлага тавьсан. Банкууд ч өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, барьцаа болон эргэлтийн хөрөнгөө сайжруулах талд идэвхтэй ажилласан. Тухайн үед 2-3 банк асуудалтай байсны нэг нь Капитал. Энэ банкинд бид зохих ёсны шаардлагаа тавьсаар ирсэн. 2018 онд буюу өнгөрсөн жил УИХ-аас Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг баталсан. Үүний хүрээнд хэд хэдэн том болон зарим жижиг банкийг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг ч зөвлөж байсан.
Хэрвээ заасан хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхгүй бол төр хурааж авна. Эсвэл хэн нэгэнд дамжуулах, дампуурлыг нь зарлана гэдгийг сануулж байсан. Банкууд хуулийн дагуу өөрийн хөрөнгөө хэр хэмжээгээрээ нэмэгдүүлсэн.
-Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой байсан гэсэн үг үү?
-Огт нэмэгдүүлээгүй биш, тодорхой хэмжээнд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Гэсэн ч банк хоорондын болон хувь хүн, байгууллага хоорондын гүйлгээ саатаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, банк эргэлтийн хөрөнгөгүй болсон. Бид шат дараатай арга хэмжээ авч ирсэн бөгөөд сүүлийн жил гаруйн хугацаанд идэвхтэй ярьж хэлсэн. “Мөнгө олж ир, дотоод активаа сайжруул, болохгүй бол дүрмийн сандаа өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагч олж банкаа өөд нь татаж ав” гэж сануулсаар байсан. ОУВС-аас ч энэ талаар сануулсан. Эцэст нь Монголбанк арга хэмжээ авч, Хяналтын зөвлөл нь хуралдаад эрх хүлээн авагч томилох буюу дампуурлыг нь зарлалаа. Монголбанкны тухай хуульд өнгөрсөн жил өөрчлөлт оруулснаар хоёр шатлалаар шийдвэр гаргадаг болсон. Үүний хүрээнд “Капитал” банкинд хагас жилийн өмнө төлөөлөгч томилсон. Монголбанкнаас гаргасан төлөөлөгч элдэв гүйлгээг хянадаг буюу хяналтын зарчмаар ажиллаж байсан гэсэн үг.
-Банк дампуурахад хадгаламж эзэмшигчдийн хохирол, төрийн сангийн мөнгө гээд олон эрсдэлүүд дагуулж байна. Хохиролгүйгээр барагдуулах боломж бий юу?
-Мэдээж хамгийн түрүүнд хадгаламж эзэмшигчдийг ярих учиртай. Эхний ээлжид 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн мөнгийг даатгалаас шууд гаргаж өгнө. Хадгаламжийн даатгал гэж байдаг. Үүнд “Капитал” банк 43 орчим тэрбум төгрөгийг хуримтлуулсан юм билээ. Тиймээс 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс санаа зовох зүйлгүй. Түүний дараа 20-оос дээш сая төгрөгийн хадгаламжийг гаргана. Гуравдугаарт, төрийн мөнгийг барагдуулна. Капитал банкинд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал гээд төрийн 400 гаруй тэрбум төгрөг бий. Үүний дараа буюу дөрөвдүгээрт томоохон аж ахуйн нэгжүүдийн өрийг барагдуулна. Шат дараатайгаар л төлнө гэсэн үг. Зээл авсан хүмүүсээс юм уу барьцаа хөрөнгө, банкны эзэмшлийн газар, байшинг хүртэл зарж борлуулах замаар шаардлагатай мөнгийг гаргаж авах учиртай. Үүний дараагаар аж ахуйн нэгж болон бусад хүний төлбөр, зээлийг барагдуулах хэрэг гарна.
-“Капитал” банкны томоохон хадгаламж эзэмшигчдийн нэг нь Г.Алтан. Энэ хүн мэдээлэлтэй байсан учраас тус банкин дахь 70 орчим тэрбумын хадгаламжаа татаад 20 саяар тарааснаар гэх мэдээлэл гараад байгаа?
-Г.Алтан гэдэг хүн энэ банкны бараг хамгийн том хадгаламж эзэмшигч юм билээ. Ойролцоогоор 80 гаруй тэрбумын хадгаламжтай. Харин энэ мөнгөө хувааж татсан эсэхийг сайн мэдэхгүй байна.
-Банк дампуурсан учраас эздэд хариуцлага тооцох, хяналт тавих ёстой төр хариуцлага хүлээх үү гээд олон асуудал үүсэх байх ?
-Мэдээж банкны эзэд хариуцлагаа хүлээх ёстой. Монголбанкны зүгээс шаардлагатай хяналтаа тавьсаар ирсэн. Эдийн засгийн байнгын хорооноос ч энэ талаар байнга ярьсаар өдийг хүрсэн. Бид шат дараатай арга хэмжээ авсаар энэ хүрсэн. Хуулийн дагуу, банк санхүүгийнхээ системийн дагуу төрөөс шаардлагаа тавихаас өөрөөр дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй шүү дээ.
-Банкуудыг активаа нэмэгдүүлэх чиглэлийг ОУВС-аас өгөхөд төрөөс зарим банкийг санхүүжүүлнэ гэсэн хардлага гарч байсан. Хууль хэлэлцэх үеэр ийм зүйл яригдсан уу?
-2012-2016 онд Н.Золжаргалын үед Төвбанкнаас арилжааны банкуудад мөнгө олгож байсан юм билээ. Тиймээс ийм хардлага үүсч байсан. Тийм ч учраас УИХ-аас Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль баталж, арилжааны банкуудын хариуцлагыг нэмэгдүүлсэн юм. Тухайн үед 4-5 банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байсан. Үүний дагуу
Худалдаа хөгжлийн банк хамгийн их буюу 240 гаруй тэрбумыг оруулах ёстой байснаа оруулсан. Голомт банк 170 гаруй тэрбумыг бас оруулсан. Мөн Хаан, Хас банк ч оруулах шаардлагатай байсан хөрөнгөө оруулсан. Жижиг банкууд ч мөн шаардлагатай хөрөнгөө оруулсан.
Капитал банкны хувьд нэмж оруулах шаардлагатай хэмжээнд хүрээгүй ч тодорхой хөрөнгө олж ирэх нь ирсэн. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч олж ирэх оролдлого хийсэн ч чадаагүй. Гэхдээ их хэмжээний өглөгтэй байсан учраас банкинд үлдэх эргэлтийн хөрөнгө гэж байхгүй болчхоод байсан учраас аргагүйн эрхэнд Төвбанкнаас дампуурлыг нь зарлаж байгаа юм.
-АТГ- аас ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар шалгалт явуулж буй. Нэр бүхий гурван гишүүний хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан гэсэн. Тэр гурван гишүүний нэг нь та?
-Хуулийн байгууллагын томилгоотой холбоотой асуудал ярихаар л энэ асуудлыг гаргаж ирдэг. Миний хувьд ЖДҮ авсан зүйл байхгүй. Эрдэнэтийн нэг компанийг зээл авахад нь дэмжиж бичиг хийж өгсөн төдий. Авсан гишүүд уучлалт гуйж, хэргээ хүлээгээд байгаа шүү дээ. Миний бичиг хийж өгсөн нь буруудсан байх. Миний гаргасан бичиг дотор “Хэрвээ энэ компани нь үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээж болно” гэсэн өгүүлбэр оруулснаас болж намайг түдгэлзүүлэхээр оруулж ирж буй гэж хууль хяналтынхан тайлбарласан. Миний нэр хүндэд халдсан. Хууль хяналтын байгууллагын асуудлаар хуулийн төсөл оруулангуут мэдэгдэл хийж, ийм асуудал ярьдаг.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.