Эдийн засаг
Б.Ундармаа “Капитал”-ын дампуурлаас “хуурай” гарах уу?

Банкны салбарын ердөө л 1.1 хувийг бүрдүүлсэн “Капитал” банкны алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, активынх нь 80 гаруй хувийг найдваргүй зээл эзэлснээр Монголбанкнаас албан ёсоор дампуурлыг нь зарласан билээ.
Энэ банкны 99.97 хувь нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нэр дээр байгааг 2018 оны албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Гэсэн ч тэрээр “Надад “Капитал” банкны ямар ч хувьцаа байхгүй. Энд улс төрийн асуудал байгаа” хэмээн мэдэгдсээр байгаа ч АТГ-ын мэдээлэл өөрийг хэлээд байна.
“Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламж эзэмшигчид өчигдөр Монголбанканд хохирлоо барагдуулах талаар шаардлагаа хүргүүлсэн юм. Энэ үеэр хадгаламж эзэмшигч П.Чогдон “Банкны дийлэнх хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа хариуцдаг гэж сонссон. Тэр 20 гаруй компанитай болохоор тэр хэмжээгээрээ эрсдэлийг даана. Биднийг хохиролгүй болгоно гэж ойлгож байгаа” гэсэн юм.
Тус банканд Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг байршиж байжээ. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг гэдэг нь ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг байжээ. Банкны тухай хуулийн 71.1-д зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлуудыг барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэл гаргах үүрэгтэй юм.
С.ЭРДЭНЭ: “КАПИТАЛ” БАНКАНД ХАДГАЛУУЛСАН МӨНГӨ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ
2014 онд тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөгийг “Капитал” банканд байршуулсан талаар мэдээлэл цацагдсан. Улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгийг арилжааны банканд байршуулсан нь хууль зөрчиж байсан. Тухайн банк ямар нэг эрсдэлд унавал Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгө “алга” болно гэсэн дүгнэлтийг Үндэсний Аудитын газраас хүртэл гаргасан нь бий. Тэгвэл энэ талаар С.Эрдэнэ “Капитал” банканд хадгалуулж байгаа мөнгө хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар өгч байлаа. Үүнээс улбаалаад зарим эх сурвалж С.Эрдэнийг өөрийн мэдлийн хөрөнгөөр “Капитал” банкийг дэмжсэн гэж ярьсан. Саяхан түүний зохион байгуулсан “АН-ын онц их хуралдай” жагсаалтай ч холбоотой байж мэдэх талаар нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж онцолж байлаа. Учир нь тус банкны аудитын тайлан дүн мэдээнд хэдэн сар дараалан “улаан” гэрэл асчихаад байсныг зарлаагүй хүмүүс энэ жагсаалын дараа гэнэт шуугиан болгосон байх талтайг эх сурвалж хэлж байгаа юм.
ДАМПУУРАЛ ДУУДСАН ЗЭЭЛДЭГЧИД ХЭН БАЙВ?
Энэ банкны дампуурлын үндэс нь чанаргүй зээлдэгчид. Тэд хэн болох, хэчнээн төгрөгийн барьцаа тавьсныг нийтэд зарлахыг хохирогчид шаардаж байна. Банкны алдагдал 380 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хохирлын хэмжээг илүү эрт зарлах боломж байсан. Монголбанк хяналтаа хангалтгүй тавилаа хэмээн хадгаламж эзэмшигчид шүүмжилж байв. Нийт хадгаламж эзэмшигчдийн 0.5 хувь буюу 800 гаруй хүн 20 сая болон түүнээс дээш хэмжээний мөнгөө тус банканд хадгалуулсан байжээ.
Г.АЛТАН ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАДГАЛАМЖАА БУСДЫН НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛСЭН ҮҮ?
“Алтжин” худалдааны төвийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар их хэмжээний хадгаламжтай байсан тухай хохирогчид хэлж байлаа. Банк татан буугдах сургаар тэд хадгаламжаа бусдын нэр дээр данс үүсгэсэн гэсэн мэдээлэл байгааг мөн зарлалаа. Иймд энэ тухай мэдээллийг ил тод зарлах ёстой гэж тэд үзэж байна.
АЛДАГДЛЫГ 50 ЭСВЭЛ 100 ТЭРБУМ БАЙХАД НЬ ЗОГСООХ БОЛОМЖТОЙ БАЙСНЫГ ЗАРИМ ХҮН САНУУЛЖ БАЙВ
“Капитал” банкны зээлийн төвлөрөл, эх үүсвэрийн төвлөрлийг нарийн шалгаж, тодорхой хязгаараас хэтэрсэн тохиолдолд шууд арга хэмжээ авах ёстой байсан гэж эдийн засагчид шүүмжилж байна. Эдийн засагч Б.Амгалан “Анхнаасаа энэ тухай мэдээллийг эртхэн мэдээлэх ёстой байсан. Монголбанк энэ тухай оройтож зарлалаа” гэж ярьсан юм. Магадгүй энэ алдагдлыг 50 эсвэл 100 тэрбум байхад нь зогсоох боломжтой байсан талаар зарим хүн сануулж байлаа. Түүнчлэн татвар төлөгчдийн мөнгийг цаашид эрсдэлд оруулахгүйн тулд төрийн сангуудын менежментийг хувьд шилжүүлэх ёстой гэж үзэх хүн олон байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.