Улс төр
АСЕМ-ийг ашигласан Ц.Элбэгдоржийн пиар, албатуудынх нь мөнгө завших өгөөш 290.8 тэрбумын үнэд хүрсэн үү

Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалт буюу АСЕМ өнгөрсөн 2016 оны долоодугаар сарын 15-ны өдөр эхлэхтэй зэрэгцэн улаанбаатарчууд төдийгүй монголчууд бүхэлдээ уг хурлаар амьсгалж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэлхийд өргөгдсөн нэр хүндийг шагшин магтаж байлаа. Тэр дундаа, улаанбаатарчууд сайн дураараа замын хөдөлгөөнд хоригдож, оюутан залуус сайн дурын заавар зөвлөхийн албанд цаг наргүй, үнэ хөлсгүй зүтгэж, эгээтэй л Ази-Европын холбох их гүүр болсон мэтээр сэтгэлийн өндөр хөөрөлд өдөр хоногуудыг өнгөрүүлж байв.
Энэхүү сэтгэл хөдлөлийг нь ашигласан улстөрчид, төрийн албаныхан ч “Монгол Улс хоёр тивийг холбох гүүр гэдэг нь батлагдлаа. АСЕМ-ийн дам нөлөөгөөр худалдааны эргэлт сайжирлаа. Ам.доллар орж ирлээ. Хятад, Япон, Солонгос улсаас буцалтгүй тусламж, дэмжлэг АСЕМ-д зориулан өгч байна” гэх мэтээр гоё ганган үг урсгасан.
Гэсэн ч уг хуралдаан өндөрлөж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний албатууд ажлаа өгөхтэй зэрэгцэн Үндэсний аудитын газраас “АСЕМ-тай холбоотой 290.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, уг зөрчилтэй холбоотой нэр бүхий 17 албан тушаалтныг шалгуулна” гэж мэдэгдсээр хагас жил орчмын хугацаа өнгөрчээ. Тэгвэл асуудал хаанаа гацав, уг зөрчлийн ард хэн хэний нэр бичигдсэн бэ гэдгийг дэлгэрэнгүй мэдээлье.
Тэдний тэргүүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх, өдгөө Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн алба хашиж буй А.Ганбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ийн БАА-ын дарга Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга асан Б.Бадрал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар байгаа аж.
Тэгвэл тэд юуны учир шалгагдах болов. Хариулт нь тун энгийн. Хүн бүр дээр нь түүвэрлэж харах нь ээ, ямарваа нэгэн сонгон шалгаруулалтгүй шууд олгосон гүйцэтгэлүүд байх бөгөөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн чиглэл өгсний дагуу гэсэн хэд хэдэн ажлын гүйцэтгэл ч байх аж. Асуудлыг тодруулбал, зөвхөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Г.Баярсайхан нарын нэр дээр гэхэд 79.2 тэрбум төгрөгийн үр ашиггүй зарцуулалт бичигдсэн байх жишээний. Гэтэл энэ мөнгөөр 100 хүүхдийн орон тоотой 80 цэцэрлэг барих боломжтой.
Үүнийг хүүхдийнх нь тоогоор үржүүлэхээр 8,000 хүүхэд цэцэрлэгтэй, харах хяналттай, дулаан байртай болох боломжтой байж. Харамсалтай нь, энэ мөнгө АСЕМ нэрийн дор үр ашиггүй, тодорхойгүй байдлаар зарцуулагдчихсан. Үүний 35.7 тэрбум нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн эрх мэдлээр зарцуулагдсан гэдгийг тодотгох хэрэгтэй. Мэдээж энэ бол Үндэсний аудитын газрын дүгнэлт. Хэрвээ үгүйсгэх буюу тайлбар хийх ёстой бол тэд бидэнд бус харин Үндэсний аудитын газарт хандах хэрэгтэй. Гэхдээ тусгай хэвлэмэл байдлаар бэлтгэгдсэн материалыг нь үзэх нь ээ, нүдэндээ ч итгэмгүй, ер нь бол төсөөлөгдөмгүй тийм мэдээлэл ч олонтоо таарах юм билээ.
ЖИШЭЭ-1 БУЮУ БЭЛЭГ
Анхандаа буюу 2016 оны тавдугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуяг АСЕМ-ийн зочдод өгөх бэлэг дурсгалын зардлыг 215.6 сая төгрөгөөр батлуулсан байгаа юм. Гэтэл энэ зардал нь сүүлдээ 981.4 сая төгрөгт хүрч, өссөн байх жишээний. Зөвхөн дээд хэмжээний уулзалтад ирсэн нэг төлөөлөгчийн бэлэг гэхэд 6.7 сая төгрөгт хүрсэн баримт бий. Балыг нь гэхэд Япон улсад тусгай захиалгаар хийлгэсэн гээд бод.
Тэр дундаа, тус бүрийг нь 1.5 сая төгрөгөөр хийлгэж, нийтдээ 82.5 сая төгрөг болсон эмээл хазаарыг нь нийлүүлэх гэрээ байгуулсан “Аз билэг Ерөө” компани нь улсын бүртгэлд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тэмдэглэгээгүй байх жишээний.
ЖИШЭЭ-2 БУЮУ НҮҮДЭЛЧДИЙН НААДАМ
АСЕМ-ийн уулзалтад оролцсон төлөөлөгчдөд зориулсан “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд 738.6 сая төгрөгийн зардал гаргахдаа шууд гэрээ байгуулсан.
ЖИШЭЭ-3 БУЮУ АРХИ ДАРСНЫ НИЙЛҮҮЛЭЛТ
“Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд зарцуулсан зардлыг эзлэх хувийн жингээр нь авч үзэхэд уг арга хэмжээний нийт зардлын 40 хувь буюу 315.7 сая төгрөг нь хоол, ус, архи, шар айрагны үнэ болон сүүдрэвчийн зардалд зарцуулагдсан байна. Ингэхдээ зочдын тоог 500 гэж үзээд нэг хүн тус бүрт 1.1 литр архи, 9.6 литр ундаа, 5.5 литр ус, 25.1 литр шар айраг байхаар тооцож, нийлүүлэлт хийгджээ. Ямар үхэр, үнээ биш дээ гэж бодмоор энэхүү 315.7 сая төгрөгийн зарцуулалтыг яаж ч бодсон 500 зочид төлөөлөгчдийг идсэн уусан гэж бодож боломгүй. Үүнийг Үндэсний аудитын газрын дүгнэлтэд “Төсвийг бодитой биш, үндэслэл муутай төлөвлөсөн” хэмээн дүгнэсэн байна билээ.
Мэдээж албаны дүгнэлтийг ингэж хийж болох ч эргээд бодоход, үлдэгдэл нь хаашаа орсон бэ гэдэг эрэл хайгуул үүний араас гарах нь зүй ёсны хэрэг биз ээ.
ЖИШЭЭ-3 БУЮУ ИНЕГ
Тус байгууллага АСЕМ-тай холбоотойгоор хэрэгжүүлсэн 25.1 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээний зарим гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа мөн л хуулийн дагуу ажиллаагүй нь дээрх дүгнэлтэд үлджээ. Тэдгээрээс түүвэрлэвэл,
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигч үйлчилгээний танхимуудын өргөтгөл засвар, техник хэрэгсэл худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа үнэлгээний хороо байгуулалгүй, ажлын хэсэг байгуулах замаар “Анхууш” ХХК-тай 1.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг компаниас гүйцэтгэлийн баталгаа шаардаагүй нь анхаарал татна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын перроны өргөтгөлийн ажлын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа үнэлгээний хороо байгуулалгүй, мөн л ажлын хэсэг байгуулах замаар “Рэс” ХХК-тай 7.1 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд мөн дээрхийн адил уг компаниас гүйцэтгэлийн баталгаа шаардаагүй байна.
ЖИШЭЭ-4 БУЮУ ХОТ
Нийслэлд АСЕМ-ийн хүрээнд 35.7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг зохион байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга нийслэлийн харьяа газруудад шилжүүлж, тэр бүх арга хэмжээний гүйцэтгэлийг сонгон шалгаруулахгүйгээр шууд гэрээ байгуулсан байна.
Тухайлбал, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлэг тохижилтын ажлын хөрөнгөөс “АСЕМ”-ийн бэлтгэл ажлын хүрээнд гурван тэрбум төгрөгийн ажлын Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар захиалагчийн тогтоосон чадавх шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримт, үнийн санал зэргийг харгалзаж үзэхгүй шууд 35 компанитай гэрээ байгуулсан.
-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах хүрээнд хийгдсэн 21 төсөл арга хэмжээний 2.3 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй.
ЖИШЭЭ-5 БУЮУ ЗАМ
АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн автозам, замын арчлалтад нийслэлээс 13.8 тэрбум, Хөгжлийн банкны концессын 6.9 тэрбум гээд нийтдээ 20.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 187 төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг шууд сонгон гэрээ хийж, санхүүжилтийг олгосон байдаг. Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийг шалгаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зөв гэж үзсэн.
НЗД-ын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто зам барихад саналаа ирүүлсэн “Готик голд” компанийг санхүүгийн чадамжгүй хэмээн үзэж гэрээ байгуулах боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан атлаа ердөө дөрвөн өдрийн дараа буюу мөн оны гуравдугаар сарын 29-ний өдөр уг компанитайгаа 958.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж орхижээ…
ЖИШЭЭ-6 БУЮУ СҮҮДРЭВЧ
“Их мандах-Очир” ХХК-тай 165 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулж 15 байршилд сүүдрэвч, хогийн сав, цэцгийн мандал хийлгүүлжээ. Нэг бүр нь 11 сая төгрөгийн үнээр хийлгэсэн уг сүүдрэвчийнх нь дүр зураг энэ. Хэрэв жирийн иргэн байсан бол 11 сая төгрөгөөр хангалттай жижиг гэлтгүй өвөл, зуны байшин барьж дөнгөх нь тодорхой.
АСЕМ-тай холбоотой Үндэсний аудитын газрын дүгнэлтийг энэ мэтээр жагсааж, эргүүлж тойруулан мэдээлэхэд нэг өдөр хангалтгүй. Иймд бид цаашид үргэлжлүүлэх болно. Гол нь, энд тодотгох ёстой сэдэв өнцөг бол Ази, Европын улс орнуудын удирдагчийг Монгол эх орондоо сайндаа урьж, хуралдуулсан бус харин мөнгө завших шалтгаан болгосон уу гэх хардлага. Тэр дундаа, хурдан хугацаанд ажлыг амжуулах нэрийн дор бүхий л шаардлагатай гэх зарцуулалтыг ямар ч сонгон шалгаруулалтгүй, шууд сонгож байсан тухай тэмдэглэл, аудитын дүгнэлт.
Тиймээс ч тухайн үед нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн пиар Монгол Улсын төсвийн энтэй байж болох уу гэдэг асуудлыг сэтгүүлчид хөндөн бичиж байсан. Олон нийтийн хувьд ч энэ бол зүй ёсны асуулт байсан. Гэтэл энэ нь зөвхөн пиар байгаад зогсохгүй түүний албатуудын мөнгө завших өгөөш арай 290.8 тэрбум төгрөгт хүрсэн юм биш байгаа. Мэдээж энэ бол шалгагдах ёстой сэдэв. Тодруулах ёстой өнцөг. Мөн та бидний асуух ёстой асуулт. Гагцхүү Ерөнхий прокурорын газар хэзээ шургаж, асуудлыг эцэслэн, хариултыг нь өгөх вэ гэдэгт л хүлээлт үүсгэх нь бидний үүрэг биз ээ. Тиймээс ч тайлан дүгнэлтийг цаашид үргэлжлүүлэн хүргэхээ илэрхийлье ээ. Бид бичлээ гэхэд тэд шалгасан цагт үнэн илүү тод харагдах учраас тэр ээ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.