Нийгэм
Сэлэнгэ, Дорнод, Булган аймагт гарсан түймрийг унтраахаар 300 гаруй хүн ажиллаж байна

2019 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 33 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1.1 мянган га ой, 1.8 мянган га хээрийн талбай, нийт 2.9 мянган га талбай шатжээ.
Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 1,590 гаруй хүн, 2 нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикл, 54 морьтойгоор ажилласан байна.
Харин өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Могод суманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум, орон нутгаас нийт 300 гаруй хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.