Эдийн засаг
Д.Сумъяабазар салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 4 дүгээр сарын 16-ны өдөр салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайдыг хүлээн авч, ахмадуудынхаа үгийг цаг гарган сонсож байгаад талархаад салбарын ачааг үүрч байсан хүмүүсийн хувьд уул уурхайг зөв талаас нь олон нийтэд ойлгуулах, өөрсдийн чадах зүйлээр туслах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлсэн юм.
Мөн “Уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж, чухал шийдвэрүүдийг гаргаж явсны хувьд мэргэжлийн хүмүүсийн нүдээр харахад салбарын ажил сүүлийн жил гаруйн хугацаанд эрчимтэй явж, томоохон төслүүдийг урагшлуулах, сайжруулахаар олон ажил хийж бүтээж байна. Түүнчлэн сайны хажуугаар саар гэгчээр салбарын нэр хүндийг харлуулах олон мэдээлэл гарч байгаад сэтгэл дундуур байна. Иймээс уул уурхайн салбарын үйл ажиллагааг эерэг талаас нь сурталчлан таниулах, уурхайчдын бодит амьдралыг олон түмэнд ойлгуулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй.
Оюутолгойн гэрээний тухайд эргэн харж, засч сайжруулах хэрэгтэй. Харин хааж боох зүйл бий болвол салбар зогсох аюултай” хэмээн захиасаа хэлсэн юм. Ахмадуудын хувьд салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өмнө нь гарсан алдааг дахин давтахгүй байх, тухайн үед салбарт ажиллаж байхдаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг өнөөдөр шийдвэрлэх талаар зааж зөвлөх хүсэлтэй байгаагаа хэлж байв.
Өдгөө Маркшейдерийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн албыг хашиж буй Д.Дондов гуай “Томоохон уурхай болгон маркшейдертай байх ёстой. Ийм зүйл байхгүйгээс “Эко Алтан заамар” компанид гарсан харамсалтай үйл явдал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй” гэлээ. Тэрбээр мөн Багануур, Шарын голын уурхайд үүссэн лицензийн давхардлын асуудалд шүүмжлэлтэй хандаж байв.
Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар аливаа салбар залуу, дунд, ахмад үе дээрээ тогтож байдгийг уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.
Сайд Д.Сумъяабазар салбартаа бодлого гаргах түвшинд ажиллаж байсан ахмадууд зорин ирж, салбарын үйл ажиллагаатай холбоотой өөрсдийн санал бодлоо хэлж байгаад талархсанаа илэрхийлэв. Тэрбээр салбартаа хийж байгаа Тавантолгой төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, салбарын хууль тогтоомж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар танилцуулан, харилцан санал солилцсон юм. Мөн Алт цэвэршүүлэх үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойг тойрсон нүүрс баяжуулах болон коксын үйлдвэр, Цахилгаан станц байгуулах, нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөнөө хэлэв.
Уулзалтын төгсгөлд ахмадуудынхаа зүгээс уламжилсан мэргэшсэн зөвлөх инженерийн зэрэг олгох талаар болон салбарын ахмадуудын санг байгуулах зэрэг саналуудыг дэмжиж ажиллахаа салбарын сайд илэрхийллээ.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.