Нийгэм
Д.Мөнх-Эрдэнэ: Баянзүрх дүүргийн хувьд ОНХС-ийн хөрөнгөөр өнгөрсөн онуудад олон ажлыг хийсэн
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ирэх онд хийгдэх ажилд иргэдийн саналыг авч байгаатай холбогдуулан БЗД-ийн ЗДТГ-ийн Орон нутгийн хөгжил, Хөрөнгө оруулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.
– Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдээс Smart UB аппликейшнийг ашиглан санал авч байгаа. Тэгэхээр Орон нутгийн хөгжлийн сан гэж чухам юу вэ? Уг сангийн эх үүсвэр хэрхэн бүрддэг вэ?
– Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодод хүн амын тоо, нягтралшил, газар нутгийн хэмжээ болон бусад үзүүлэлтийг харгалзан хувиарласан төсвийн хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сан гэдэг. Товчхондоо иргэн таны татварт төлсөн хөрөнгөөс буцаагаад таны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон нутагт нь дахин хуваарлаж байгаа хөрөнгийг хэлж байгаа юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэр нь НӨАТ, Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр мөн ОНХС-д зориулсан олон улсын байгууллага, гадаадын хандив тусламж зэргээс бүрддэг.
– ОНХС-гийн хөрөнгөөр ямар ямар ажлууд хийгдэх боломжтой вэ?
– ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой ажил мөн хориглосон чиг үүргийг журамд тодорхой заасан байдаг. Иргэдээс санал авахад тулгамдаж байгаа олон асуудал, саналуудыг ирүүлдэг. Жишээ нь сургууль, цэцэрлэг барих, дахин төлөвлөлтөд оруулах, авто зам тавих, орон сууц барих зэрэг саналууд ихээр ирүүлдэг. Гэхдээ эдгээр ажлуудыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх боломжгүй юм. Учир нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэл, дүүргийн нэгдсэн санд, нийслэл дүүргийн сангаас хороодод задарч хувиарлагдаж ирэхдээ томоохон бүтээн байгуулалт хийх хэмжээний төсөв хуваарилагддаггүй.
Тэгэхээр ОНХС-ийн хөрөнгөөр хороодод хийх боломжтой ажлууд гэвэл гэрэлтүүлэг, камержуулалт, явган хүний зам, тоглоомын талбай, тохижилтын ажлууд зэрэг яг иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэгдсэн ажлуудыг хийх боломжтой. Өөрөөр хэлбэл яг таны амьдрах орчин нөхцөлд шаардлагатай тохижилтын ажлуудыг хийнэ гэсэн үг. Тэгэхээр иргэн таны эрүүл аюулгүй, амьдрах орчин нөхцөлд шаардлагатай ажлуудыг хийдэг учир ОНХС-ийн санал асуулгад иргэдийн идэвх оролцоо, санал санаачлага маш чухал байдаг.
– Баянзүрх дүүргийн хувьд өнгөрсөн онуудад ОНХС-ийн хөрөнгөөр ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
– Баянзүрх дүүргийн хувьд ОНХС-ийн хөрөнгөөр өнгөрсөн онуудад олон ажлуудыг хийсэн. Өнгөрсөн 2018 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 1,082 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гэмт хэрэг зөрчил ихээр гардаг 14 байршилд нийт 438 ширхэг гэрэлтүүлэг, мөн иргэдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэхээр 7 байршилд нийт 8,000 мкв талбайд хүүхдийн тоглоомын талбай, явган зам талбайн тохижилт нийт 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласан.
Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 244 дүгээр тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл арга хэмжээг төлөвлөхөд нийт 28 хорооны 94 мянга гаруй өрхөд саналын хуудсыг хүргүүлж 79.4%-тай санал асуулга авах ажлыг амжилттай зохион байгуулсан. Иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн тохижилтын 14, гэрэлтүүлгийн 26 байршилд зураг төсвийн ажил хийлгэхээр Дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд захиалга хүргүүлж шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
2019 онд Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.78 тэрбум төгрөгийн 22 төсөл арга хэмжээ, Орон нутгийн хөгжлийн сангийн хэмнэсэн хөрөнгөөр 5 төсөл арга хэмжээг 178.5 сая төгрөгөөр тус тус хэрэгжүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар батлуулаад байна.
– Өмнө нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг цаасаар авдаг байсан. Энэ жилийн хувьд Smart UB аппликейшнийг ашиглан санал авч байгаа. Ийнхүү санал асуулгыг цахимаар авах нь ямар ач холбогдолтой вэ?
Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын 228 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн журамд санал асуулгыг жил бүр явуулна гэж заасан байгаа. Ингэхдээ санал асуулгыг саналын хуудсаар, бүлгийн ярилцлага буюу хэлэлцүүлгийн аргаар мөн цахимаар гэсэн үндсэн 3 хэлбэрээр явуулахаар заагдсан байдаг. Энэ жилийн хувьд ОНХС-ийн санал асуулгыг цахимаар буюу Smart UB аппликейшн ашиглан авч байгаагаараа онцлог юм. Өмнө нь цаасаар авдаг байсныг шинэчлэн ухаалаг утсандаа SMART UB аппликейшн суулгаад санал асуулгад оролцох боломж бүрдээд байгаа юм. Иргэд цахимаар саналаа өгсөнөөр иргэдийн ОНХС-ийн ойлголтыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үргүй зардлыг бууруулах, санал авах зардлыг хэмнэх түүнчлэн хороо, дүүргийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зэрэг олон ач холбогдолтой. Цахимаар санал авах ажил энэ жил нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд хэсэгчлэн явагдаж байгаа юм.
– Баянзүрх дүүргийн хувьд хэдэн хороодод цахим санал асуулга явагдаж байгаа вэ?
Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн 2 хороонд Smart UB аппликейшнээр санал авах ажлыг амжилттай зохион байгуулсан. 2019 онд дүүргийн нийт 28 хороондоо Smart UB аппликейшнээр санал авахаар төлөвлөсөн ч шинэ техник, технологи учраас систем ачааллах, хороодын техникийн хүчин чадал, хөрөнгө мөнгөний боломж зэргээс шалтгаалж Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 6, 7-р хороо гэсэн 5 хороодод цахим санал асуулгыг явуулж байгаа. Ийнхүү цаасаар биш цахимаар авч байгаа нь нэгдүгээрт маш эко арга гэж бодож байна.
Мөн хэсгийн ахлагч нарын ажлыг хөнгөвчилсөн, төсвийн зардлыг хэмнэсэн зэрэг олон давуу талтай. Энэ жилийн санал асуулга Баянзүрх дүүргээс гадна Чингэлтэй дүүргийн 1-ээс 19-р хороо, Налайх дүүргийн 1-ээс 7-р хороо, Багануур дүүргийн 1-ээс 5-р хороо, Багахангай дүүргийн 1, 2-р хороо, Хан-уул дүүргийн 4, 6, 9, 17-р хороо тус тус хамрагдаж байна. Санал асуулга дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ныг хүртэл явагдаж байгаа.
Эх сурвалж: Цэгц Медиа
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.