Дэлхий дахинд
Хятад улс Антарктидад байнгын нисэх буудал барина
Хятадын эрх баригчид хэдэн жилийн дараа өмнөд туйл Антарктидад байнгын нисэх буудал барихаар төлөвлөж байна. Энэ нь шинжилгээ судалгааний ангиуд болон аялагч жуулчдыг ирж очиход үйлчилнэ гэснийг эрдэм шинжилгээний Keji Ribao хэвлэл дамжуулсан байна.
“Энэ байгууламж нь онгоц бууж хөөрөх зурвас, зорчигчдын буудал байх юм. Нисэх буудал барих газрыг сонгоод төлөвлөгөө баталсан. Харин хэрэгжүүлэхэд хэдэн жил хүлээх хэрэгтэй байна гэж хэвлэлийн эх сурвалж хэлжээ.
Эх сурвалжийн хэлснээр бол нисэх буудлыг Антарктидын мөсний газаргуу дээр шууд барих юм байна. “Жилийн өмнө бид ирээдүйн нисэх буудал барих газраа сонгохоор яг хаана мөсний зузаан даац ямар байгааг судалж үзсэн” гэж тэр хэлсэн байна.
Үүний өмнө Хятад 2009, 2010 онуудад Антарктид дахь өөрийн “Куньлунь” баазаасаа баруун зүгт гурван км- ийн зайд нислэгийн зурвас, дахин цэнэглэх станц бүхий хоёр ч түр нисэх буудал байгуулсан юм. Харин одоо мөсөн тивийн энэ хэсэгт байнгын нисэх буудал барих шаардлага бий болоод байна гэж эх сурвалж хэлжээ.
Бээжин өмнөд туйлыг судлах ажлыг 1984 оноос эхлэн ихээхэн ач холбогдол өгч өнөөдөр тэнд хятадын судалгаа шинжилгээний “Чанчэн”, “Чжуншань”, “Куньлунь”, “Тайшань” гэсэн дөрвөн ч станц ажиллаж байна. Ойрын ирээдүйд Хятад тэнд тав дахь станцаа байгуулах мэдээ бий.