Эдийн засаг
Ц.Баттуяа: Мөнгөө алдсан цочролоос үүдэн нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа

Капитал банканд хадгаламж эзэмшиж байсан иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийж, гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулснаа албан ёсоор зарлалаа. Тус ТББ-ын тэргүүн н.Ханджамц “Дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон байхад Монголбанкнаас цаг тухайд нь татан буулгаж, арга хэмжээ аваагүйгээс үүдэн Капитал банканд харилцах болон хадгаламжийн данстай 1,200 орчим иргэн нийт 260 тэрбум төгрөгөөр хохироод байна.
Хэрэв хуулийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол байдал ийм хэмжээнд хүрэхгүй байсан. Тухайлбал, хохирогчдын 90 хувь 2017 онд хадгаламж нээлгэсэн ахмад настнууд” хэмээв. Мөн хохирсон иргэдийн төлөөлөл Ц.Баттуяа “Илүү гарсан мөнгөө биш өөрөөсөө харамлан байж цуглуулсан мөнгөө алдсан нь хүмүүст маш хүндээр тусаж байна. Хоёр хоногийн өмнө нэг хохирогч маань мөнгөө алдсанаас үүдсэн цочролоосоо болж нас барсан харамсалтай хэрэг боллоо. Мөн нэг иргэний бие хүнд байдалд байна” гэлээ.
Түүнчлэн Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8.1-д Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө хэмээн заасан нь иргэдийг хохирсон дээр нь дахин хохироож буй үйл явдал хэмжээн тэд үзэж буй юм.
Тиймээс энэ хуулийг засаж залруулахыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт хүргүүлжээ. Үүний зэрэгцээ Капитал банкны 99.7 хувийг эзэмшиж байсан гэх УИХ-ын гишүүн Б.Ундармаад хариуцлага тооцохыг шаардсан байна.
Мөн н.Ханджамц “Одоогийн байдлаар манай холбоонд 400 орчим хүн бүртгүүлсэн. Үүнд хамгийн багадаа 30 сая төгрөгийн хадгаламжтай иргэн байгаа бол хамгийн ихдээ нэг тэрбум гаруй төгрөгийн хадгаламжтай иргэн байгаа” гэв.
Уг хэвлэлийн хурлын дараагаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга О.Дамба-Очир, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нарт хандан иргэдийн хохирлыг барагдуулах тухай нээлттэй сонсгол хийх, дээрх хуулийг засаж залруулах, УИХ-ын гишүүн Б.Ундармаа хариуцлага тооцож, огцруулахыг шаардсан бичгийг хүргүүлэх аж.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарт мөн дээрхийн ижил утгатай албан бичгийг хүргүүлэх юм байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.