Эдийн засаг
Дунзяны чөлөөт худалдааны бүсэд тээвэр, ложистикийн Монгол, Хятадын хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2019.04.23/ болж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Хуралдаанаар үндэсний хэмжээний дөрвөн хөтөлбөр баталсан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагаж гарах хууль, тогтоомжийн төсөл, ”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
“Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай“ Засгийн газрын 131 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын Албан даалгавар гаргаж, сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголын тариаланчдын үндэсний холбоонд хүргүүлэхээр болов. Тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашиж хамгаалах, бүс нутагт эрчимжсэн аж ахуй эрхлэхийг дэмжих юм.
“Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг сайд Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарт даалгав. Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлав. Улаанбаатар хотод 2017 онд осолд орж хохирсон иргэдийн 60 орчим хувь нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол орон нутгийн замд осолдсон иргэдийн 80 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч болон жолооч байжээ. Нийт ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна.
“Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөрийг 2019-2021, 2021-2023 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг БНХАУ-ын холбогдох компанитай хамтран байгуулахаар болов.
“Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэргүүлэх салбар, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт дэвшүүлсэн байна.
БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай хэлэлцээрийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг сайд Б.Энх-Амгаланд зөвшөөрөв. Энэ хөрөнгөөр Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барина.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.