Нийгэм
“Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг хаагаагүй, түдгэлзүүлсэн”
АТГ-аас сар бүр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Д.Батбаяртай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. Энэ талаар тодруулна уу.
-Бусдыг залилсан гэх гомдлыг ирүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон ЦЕГ-т шилжүүлэх санал хүргүүлсэн.
-Арбитр дээр Эрдэнэтийг санаатайгаар ялагдуулсан гэх гомдол танай дээр ирсэн гэсэн. Энэ талаар. Мөн “Жаст” групптэй холбоотой хэрэг ямар шатанд байгаа вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд баталгаа гаргаж Монгол Улсад хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа. “Жаст” групптэй холбоотой хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх шатанд байгаа тусдаа хэрэг.
-ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэргээр 14 гишүүний хэргийг хаах санал хүргүүлсэн гэсэн. Мөн гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон гэсэн. Нэрсийг нь хэлнэ үү?
-Дэмжих бичиг хийж өгсөн гэх УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг тусгаарлан шалгаж байна. Үүнээс зээл нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа төслүүд дээр зарим хэргийг нь хаах санал гаргасан.
Таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бол үүнээс гурван гишүүнд нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас үндсэн хэргээс нь тусгаарлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.
-Прокуророор ажиллаж байсан Цэрэнсодномтой холбоотой асуудал юу болж байна вэ?
-Тухайн хүнтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байсныг харьяалал тогтоож цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
-Дубайн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогтыг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу. Дубайн гэрээний шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байна вэ?
-Дубайн гэрээ, Оюу толгойтой холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны тухайд нотлох баримт цуглуулахаас эхлээд өргөн хүрээнд ажилладаг. Олон нийтийн хүлээлт их байгаа учраас удааширч байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа хууль дүрмийнхээ дагуу явагдаж байгаа.
-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг ямар шатандаа байна вэ?
-Шалгагдаж байна.
-АСЕМ-ын хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шалгагдаж байгаа. АСЕМ-д хэдэн төгрөг зарцуулагдсан, үүнээс хэд нь зөв зүйтэй зарцуулагдсан бэ, хэд нь үр ашиггүй зарцуулагдсан бэ зэргээр их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгахад цаг хугацаа их шаарддаг.
-Шалгалтын хугацаа ийм удаан байхад хөөн хэлэлцэх хугацаа дуусах асуудал гарахгүй юу?
-Одоо шалгагдаж буй хэргүүд хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа.
-ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй гэх хүмүүсийг танайхаас шалгаж байгаа юу. Эдгээр хүн хилээр гарсан хэмээх мэдээлэл байгаа?
-Эдгээр хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.
-Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг танайх шалгаж байсан. Одоо шалгаж байгаа юу?
-Энэ хэргийг прокурорын байгууллагаас тодорхой үндэслэл гарган түдгэлзүүлсэн. Түүнээс биш хаагаагүй.
-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг танайхаас шалгаж байсан. Түүнийг хэзээнээс эхэлж шалгасан бэ?
-ТЕГ-ын даргатай холбоотой асуудлаар 2018 оны 12 дугаар сард нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоож ирүүлсэн.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байх хугацаанд буюу өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт нийслэлийн Прокурорын газраас хэргийг татаж хянаад тухайн хэргийг шалгах харьяалал цагдаагийн байгууллага гэж тодорхойлон цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.