Нийгэм
Станцаа өргөтгөхийг хүсч, хүлээсэн ахмад буурлууд

Дулааны хоёрдугаар цахилгаан станцын ахмад ажилчид энэ үеэр хүрэлцэн ирсэн байлаа. Тэд ажил амьдралын гараагаа станцтай хэрхэн холбосон, ирээдүйн төсөөлөл, өнөөгийн байдлын талаархи өөрсдийн бодол санаагаа бидэнтэй хуваалцсан юм.
Базарын Цэрэнхүү /ахлах инженер асан
-Манай станц чинь Монгол Улсын цахилгаан дулааны түүхийн эхлэл гэхэд болно. Нэгдүгээр станцын дараа нийслэлийн баруун бүсийг эрчим хүч дулаанаар хангаснаар түүхэн замнал нь эхэлсэн юм. Миний хувьд оюутан ахуйгаасаа л ажиллаж эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үед МУИС-ын эрчим хүчний факультет гэж байлаа. Бүтээн байгуулалт хийгдэж, техникийг хэрхэн ажиллуулах зааварчилгаа, сургалт хийж байсан хятад ажилчдыг буцаах хугацаа болчихсон учир биднийг түргэн хугацаанд дадлагажуулах асуудал тавигдсан. Ерөнхийдөө 2-3 сарын хугацаанд машинустуудыг дагалдаад л бүх зүйлийг сурсан юм. Ингээд л ажил амьдралын нэг хэсэг болсон станцтайгаа 1962 оноос холбогдсон доо.
-Станцын өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Уулын бугыг харж унасан морио хаялаа гэдэг үг л санаанд ордог юм. Одоогийн том станцыг бий болгох суурь болж байсан ДЦС-2 мартагдах шахаж байна. ТЭЦ-3 болон ТЭЦ-4-ийг бий болгох үндэс суурь болж байгаа манай станцыг өргөтгөх бүрэн боломжтой, зай талбайнаас их зүйл алга. Хоёр томыг нь өргөтгөж байна гээд л шавуулаад байгаа нь жоохон тиймхэн л санагддаг. Уг нь, энэ станцыг 100-200 мвт-аар нэмчихвэл ажиллах хүч, инженер техникийн ажилчид нь бэлэн л байгаа.
Долгорсүрэнгийн Цэгмид /Боловсон хүчин нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан
-Өмнөговь аймагт арван жилийн боловсрол эзэмшиж 1963 онд төгсөөд, хөдөөний бор хүү ЗХУ-ын Политехникийн дээд сургуульд хуваарилагдан очсон. Тус сургуульд дөрвөн жил сураад эрүүл мэндийн шалтгаанаар буюу 1969 онд эх орондоо ирсэн цагаас л ажилласан. Дулааны хоёрдугаар цахилгаан станцынхаа гуравдугаар зуухны туслах машинчаар ажилласан тэр л цагаас хөдөлмөрийн гараа маань эхэлсэн юм. 1971 оноос ээлжийн инженерийн дагалдангаар нэг жил ажиллан 1972 оноос үйлдвэр техникийн хэлтсийн дарга, 1979-1983 онд ерөнхий инженерээр ажилласан даа. Энэ станцтайгаа хүйн холбоотой л гэж бодогддог юм. Миний хувьд 30 жил ажилласан байдаг. Хамгийн сүүлд Боловсон хүчин нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн.
-Станцыг өргөтгөх, шинэчлэх ажил өмнө нь явагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, шахмал түлш боловсруулах үйлдвэр байгуулах?
-Оросуудын байгуулж өгсөн 75 зуухыг түшиглэн байгуулах санаатай байсан гэдэг. Гэвч 17 тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөг хүртэл ашиглаж чадаагүй. Салхинд хийсгэчих шиг болов уу гэсэн харамсал төрдөг. Нэлээд хэдэн жил уг зуухыг ашиглахгүй байсан ч сүүлийн хоёр жилд эргүүлэн ашиглалтат оруулж, хэвийн ажиллагаатай болсон байгаа. Ер нь, нэгэнт хөрөнгө мөнгө зарсан бол түүнийгээ ашиглах л хэрэгтэй. Төр засаг станцын талаар тодорхой бодлого барьж өргөтгөх сайхан мэдээ ч дуулдах болж. Удахгүй ажил нь эхлэх байх гэсэн итгэл найдвар тээн хүлээж л сууна.
Навааны Дагвадорж /Зуухын мастер асан/
-Миний хувьд энэ станцтайгаа ажил амьдралаа холбож, насны тэтгэвэртээ суусан. Хүмүүс станц гэхээр л бохир заваан орчин гэж л хардаг байх. Тэгвэл ДЦС-2 бол шал өөр. Цэвэр цэмцгэр орчинтой, хариуцлагыг өндөрт тавьдаг, соёлч хамт олонтой гээд олон давуу, сайн тал бий. Удирдлагын баг ч мундаг ажиллаж байгаа. Цахилгаан станц гэхээр л сүүлд баригдсан хоёр том станцыг төсөөлдөг болсон байна. Тэгвэл энэ цахилгаан дулаан үйлдвэрлэгч байгууллага тэдний үүсэн бий болох нөхцөл бололцоог бүрдүүлж, ажиллах хүчнийг нь сургаж бэлтгэсэн газар. Боловсон хүчин бэлтгэх гол цэг нь манайх байсан юм. Бидний сургаж хүмүүжүүлсэн хүмүүс л гурав, дөрөвдүгээр станцыг хөдөлгөгч хүч болон ажилласан гэхэд нэг их буруудахгүй байх.
-Олон жил ажилласан тоноглолтой станцын байдал хүндрэлтэй байгаа юу?
-Миний харж байгаагаар тийм асуудал огт алга. Бүрэн хүчин чадлаараа л ажиллаж байна. Огт асуудал байхгүй. Харин ч 60 орчим жил ажилласан техникээ засч сэлбээд хэвийн ажиллуулж, доголдол үүсгэхгүй явааг сайшаах хэрэгтэй. Тийм ч асуудал ийм ч зүйл болохгүй байна гэж гомдол тавихгүй. Өөрсдийн хүчээр бүх асуудлаа шийдэж, засч байгаа. Ийм л чадвартай инженер техникийн ажилчидтай газар. Тиймээс цаашид өргөтгөх асуудлыг яаравчилж, чадвартай боловсон хүчнүүдийн гарт өгчихөд цааш нь саадгүй аваад явчихна даа. Өдгөө 57 жилийн настай цахилгаан дулаан үйлдвэрлэгч станц маань дахиад арав, хорин жил ч ажиллах болно.
Ёндонгийн Сүхбаатар /ДЦС-2-ын Ахмадын холбооны дарга/
-Миний хувьд 1974 оноос хойш станцтай хувь заяагаа холбосон нэгэн. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймагт байх Политехникумын дээд сургуулийг дүүргэж ирээд ажлын гараагаа эндээс эхэлсэн юм. Сургууль төгссөн нөхдүүдийг эхлээд яам руу, дараа нь систем дээр хуваарилдаг байлаа. Төгссөнөөс хойш хэд хоног хаана хуваарилагдах бол гэж хүлээнэ. Тухайн үед би ДЦС-2 дээр очих юмсан гэж л мөрөөдөж байсан. Үүнийгээ илэрхийлээд амжсан ч таны асуудлыг дараа болно гээд халгаагаагүй. Гэтэл хувь зохиол гэлтэйгээр хуваарилалт хийхэд би хүсч байсан хоёрдугаар станцид таарсан. Ингээд баяр хөөртэйгөөр ирээд Турбин цехийн туслах машинистаар ажилд оров. Машинист, ээлжийн даргаар есөн жил орчим ажиллаж байгаад 1982 оноос жижүүрийн инженер буюу диспетчерээр 30 жил ажилласан. Биднийг сургаж байсан. Багш нар маш өндөр шаардлага тавьдаг байлаа. Аливаа зүйлийг эхлээд мэдэж, өөрийн болгосны дараа албан тушаалд томилох, үндсэн ажилтнаар ажиллуулах шийдвэр гаргана. Үүнээс л хариуцлага гэж зүйл болсон хэрэг. Би 39 жилийн хугацаанад дандаа ээлжинд ажилласан нь бас их онцлогтой шүү.
-Ирээдүйг хэрхэн харж байгаа талаархи таны бодол?
-Мэдээж хэрэг гэрэлтэй сайхнаар л төсөөлж суудаг. Станц маань өргөжин тэлж, өргөтгөлийн ажил хийгдэн, ирээдүйд 200 байтугай мвт хүчин чадалтай болно гэж боддог. Ийм чадлаар ажиллах хүч байгааг түрүүн ахмадууд маань хэлсэн. Өнөөдөр энэ станцаас насны тэтгэвэртээ суусан 165 ахмад ч үүнийг хийгээсэй гэж хүлээж байгаа. Гурав, дөрвөдүгээр станцуудыг өргөтгөх ажил олон удаа хийгдсэн. Одоо дахин өргөтгөх асуудал яригдаж байна. Яагаад хоёрдугаар станцынхаа бааз суурийг ашиглахгүй явсаар байгааг гайхдаг. Мэргэжлийн сайдтай өнөө цагт л өргөтгөх ажлаа хийж, гүйцэтгэвэл сайн байх. Ер нь, улс төргүйгээр л асуудлаа шийдчихвэл цахилгаан дулаан үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэнэ. Тиймээс манай станцын хүний нөөц, дэд бүтэц, зай талбайг ашиглавал илүү үр дүнтэй л гэж хэлмээр байна.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.