Эдийн засаг
Хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны үнэ өсчээ

Ашигт малтмал, газрын тосны газраас “Газрын тосны салбарын өнөөгийн байдал хэтийн төлөв” хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.05.01/ Бишрэлт зочид буудалд зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлгийн үеэр холбогдох мэргэжилтнүүдээс шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааны талаар тодруулсан юм.
Одоогоос 20 гаруй хоногийн 40-50 төгрөгөөр нэмэгдээд байсан шатахууны үнэ өнөөдрөөс дахин 80 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Холбогдох мэргэжилтнүүд шатахууны үнийн нэмэгдлийг хилийн үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл шатахууны үнэ нэмэгдсэн нь гуравдугаар сард 30 гаруй ам.доллар, дөрөвдүгээр сард 71 ам.доллар, тавдугаар сард 53 ам.долларын үнэтэйгээр нийт бүтээгдэхүүнд нэмэлтээр шатахуун орж ирсэн. Үүний дагуу гадаад зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн гэдгийг албаныхан хэллээ.
Ц.ЭРДЭНЭБАЯР: МОНГОЛД “РОСНЕФЬТ” ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА ХИЙХ БОЛОМЖГҮЙ
Энэ талаар тус газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тайлбарлахдаа “ОХУ-ын хувьд дэлхийн 10 гаруй улсад шатахуунаа экспортоор нийлүүлдэг. Үүний тоонд Монгол Улс багтаж явдаг. Монгол Улс “Роснефть” компанитай шатахууны үнийг хэрхэн шийдвэрлэж, тавьдаг вэ гэхээр 2013 онд гэрээгээр хийдэг. Сая энэ таван жилийн хугацаатай гэрээг 2018 онд шинэчилж хийсэн байгаа. Уг гэрээнд Олон улсын Сингапур дахь бирж дээр брэнд төрлийн дэлхийн тосны үнээс үндэслэн сар тутамд хил үнээ тогтоож байгаа. Сая брэнд төрлийн тосны үнэ 70 гаруй ам.долларт хүрсэн учраас Монголд шатахууны үнэ өссөн. Энэ нь дэлхийн зах зээл дээрх биржийн үнээс шууд тооцогдоод, үнэ нь шууд тавигдаж байгаа юм. Ийм л зарчимтай явагддаг. Тухайлбал, тавдугаар сарын шатахууны хил үнэ өмнөх дөрөвдүгээр сарын 25-наас 30-ны хооронд шууд орж ирж байгаа гэсэн үг” гэв.
Тэрбээр мөн ”Монгол Улсын шатахууны үнийг бусад улстай харьцуулахад харьцангуй хямд үнэтэй байгаа. Мэдээж АНУ гэх мэт орнуудтай харьцуулахад өөр түвшинд байгаа л даа. Ер нь бид цаашдаа боловсруулах үйлдвэрт гол анхаарлаа хандуулж, ажиллана. ОХУ-ын “Роснефть” компанитай хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг салбар яамны харьяанд ажиллаж байна. Тухайн ажлын хэсгээс уялдаа холбоог сайжруулах, тээвэрлэлт, дамжуулах шугам хоолой, хайгуул хийх талбайн хөрөнгө оруулалт зэрэг ажлуудад хамтарч ажиллахаар ярьж байна. Харин “Роснефть” компанийн хувьд Газрын тосны тухай хуульд байгаа хориотой заалтаар “Тухайн улсад импортоор оруулж ирж байгаа нийт бөөний худалдааны 30-аас илүү хувийг хангаж байгаа бол жижиглэнгийн худалдааг хориглоно” гэж тусгасан байдаг. Тиймээс тус компани жижиглэнгийн худалдаа хийх боломжгүй” гэдгийг ярьсан юм.
Ч.ХИШИГДАЛАЙ: ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААР ИХЭНХ ШАТАХУУНЫГ ТЭГЛЭСЭН
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай мэдээлэл өглөө. Тэрбээр “Онцгой албан татвараар ихэнх шатахууныг тэглэсэн учраас зохицуулалт хийх боломжгүй болсон гэсэн үг. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нээс 29-ний өдрүүдэд Олон улсын Вальютын сангийн Техникийн туслалцааны ажлын хэсэг манай улсад ажилласан. Одоогоор тус ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох, томъёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулаад байна.
Шинээр байгуулж буй газрын тосны үйлдвэр маань 1.500-2 сая орчим мянган тонн хүчин чадалтай. Манай улсын дотоодын хэрэгцээ 1.500-1.800 мянган тонн учраас хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ. Сайншандад баригдаж буй үйлдвэрийн дэд бүтцийн ажлуудыг хийж байна. Одоогоор төмөр зам, авто замын тавих ажил удахгүй дуусна. Цахилгааны шугам татаж дууссан. Энэтхэгийн улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанитай гэрээ хэлцэл хийхээр ажиллаж байна. Үүний дараагаар лиценз,бусад техник үйлчилгээгээ оруулж эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангийн албан хаагчид болон төрийн өмчид компаниуд ажиллаж байна” гэв.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ШАТАХУУНЫ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 49 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ
Монгол Улсад 2017 онд нийт импортолсон бүтээгдэхүүн 1.400 гаруй мянган тонн байсан бол 2018 онд 1.800 гаруй мянган тонн шатахуун импортоор орж иржээ. Ойролцоогоор манай улсын шатахууны жилийн хэрэгцээ 1.800 мянган тонн. Нийт бүтээгдэхүүний хэрэгцээний 30 гаруй хувийг Аи-92, 60 гаруй хувийг дизель түлш эзэлж байдаг. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, барилга, газар тариалангийн салбарын үйл ажиллагаа өргөжиснөөр дизель түлшний хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс сүүлийн хоёр жилд гэхэд 300 орчим мянган тонн дизель түлш импортоор нэмж оруулж ирсэн тухай мэргэжилнүүд онцолж байв.
Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 472.3 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортолж, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангаж байна. Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобинзен 109, Аи-92 автобинзен 49, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.