Улс төр
Д.Батбаатар: Намын нэрээр албан тушаалд томилогдож сонгогдох гишүүнд ёс зүйн дүгнэлт гаргадаг болно

МАН-ын Хяналтын ерөнхий хороо (ХЕХ)-ны дарга Д. Батбаатартай ярилцлаа.
-Өнгөрсөн оны наймдугаар сард МАН-ын ХЕХ-ноос тогтоол гаргаж, намаас томилогдож сонгогдсон улс төрийн өндөр албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг чангатгаж эхэлсэн. Зарим албан тушаалтантай ч хариуцлага тооцлоо. Энэ ажил одоо хэр эрчтэй өрнөж байна вэ?
-Таны хэлсэн “Намын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгах тухай” МАН-ын ХЕХ-ны 16 дугаар тогтоол нь ерөнхийдөө нийгмийн захиалгаар гэж хэлж болохоор намын нийт гишүүдийн хүсэл шаардлагад тулгуурлаж гарсан шийдвэр юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард Намын хяналтын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг хийж, тэдний санал бодлыг сонсоход нэг л зүйлд тухайлбал, намын гишүүдээс эхлээд удирдлагын сахилга хариуцлагыг чангатгахад онцлон төвлөрч байлаа.
Сүүлийн 20-оод жил бүх зүйл “найзан дундаа” явж, популизм гээч юм утга учраа алдлаа. Намын дүрэм хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй болж байна гэх агуулгатай санал, шүүмжлэл их гарч, дээр нь “60 тэрбум”-ын, офшорын, авлигын гэх олон асуудлыг гишүүд хөндөж шүүмжилсэн. Тиймээс бид тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, намын доторх уур амьсгал зэргийг үнэлж дүгнээд дээрх тогтоолыг гаргасан юм. Үүний дагуу үйл ажиллагаа ч эрчимжиж, намын нэрээр улс төрийн болон төрийн өндөр албанд томилогдож сонгогдсон зарим хүнтэй хариуцлага тооцож эхэлснийг намын хамт олон, нийт иргэд эергээр хүлээж авсныг та бүхэн мэдэж байгаа.
Үүнээс хойш хуралдсан МАН-ын III Бага хурлаас намын дүрэмд өөрчлөлт оруулж, хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгоход анхаарсан. Үүгээр намын гишүүдэд хариуцлага тооцох хамгийн дээд хэлбэр болох тухайн гишүүнд намаас дэмжлэг үзүүлэхгүй байх, намаас гарсанд тооцох зэрэг асуудлыг ХЕХ шийдвэрлэж байхаар тогтоосон. Энэ шийдвэрийн нөлөөгөөр намын бүх шатны байгууллагад намын Их хурлаас дэвшүүлсэн зорилтын биелэлтийг хангах, намын дүрмийн шаардлагыг гүйцэлдүүлэх, өмнө дурдсан намын Хяналтын Ерөнхий Хорооны тогтоолын хэрэгжилт зэрэг дээр ахиц дэвшил гарч байна.
-Танай хяналтын ерөнхий хороо “Цахим нам” хөтөлбөрийн хүрээнд цахим хяналтыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар арай дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
-Мэдээллийн технологи манай иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон өнөө үед бид хяналтын ажлыг цахим хэлбэрт шилжүүлж байна. Ийм байдлаар хяналт шалгалт нарийсч, гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлж эхэлсэн, дэвшил гарч байгаа.
МАН-ын XXVIII Их хурлаас нийгэмд шударга ёс тогтоох явдлыг гишүүдээсээ эхэлье, хариуцлага тооцъё, илүү чанга хатуу шаардлага тавьж ажиллая гэсэн зорилт тавьж, манай ХЕХ-ны дотоод бүтцэд Ёс зүйн хороог байгуулсан. Тиймээс бид намын дүрмийн шаардлагын хүрээнд гишүүдийн ёс зүйн асуудал, намын дүрмээр хүлээх үүргийн биелэлтэд хяналт тавьж, ажил үйлсийг нь дэмжиж байгаа юм л даа. Тэр нь намаас сонгогдож томилогдсон гишүүнийг дэмжиж ажиллах, намын эв нэгдлийг хангах, цөөнхөө хүндэтгэж олонхоор гаргасан шийдвэрийг даган биелүүлэх гэхчлэн цөөн хэдэн асуудал байдаг юм. Үүнд л ХЕХ болон Ёс зүйн хороо анхаарлаа хандуулж, цахим бүртгэлийн системийг ашиглаж тэдгээр асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэрээ гаргаж ажиллах болж байгаа.
-Энэ асуудлын хүрээнд та саяхан орон нутагт ажиллаад ирсэн. Намын ажил амьдрал аймаг, сумдад ямар түвшинд явж байна вэ?
-Жил гаруйхны дараа УИХ болон бусад шатны сонгууль болно. МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангахын тулд намын байгууллага, нэгжүүд чармайн ажиллаж байна. Саяхан МАН-ын Удирдах Зөвлөлийн ажлын албаны Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар болон миний бие, холбогдох албаны хүмүүстэй хамт Говь-Алтай, Завхан аймагт ажиллаад ирлээ. Намын анхан шатны байгууллагын ажилтай танилцаж, намын гишүүд дэмжигчидтэй уулзаж байхад анхаарч шийдэх хэд хэдэн асуудал ажиглагдсан. Дээрх хоёр аймгийн хувьд орон нутгийн намын байгууллагын болон өөрөө удирдах ёсны байгууллагын дарга нарын хоорондын үл ойлголцлоос шалтгаалан аймгийн намын хорооны гишүүд нь талцсан, сөргөлдсөн зэрэг ёс зүйн зөрчил илэрснийг таслан зогсоож, намын нэр хүндэд сэв суулгасан нэр бүхий албан тушаалтанд намын дүрмийн дагуу хатуу арга хэмжээ авч, намын нийт хамт олонд нь мэдээлж анхааруулсан. Орон нутагт гарч буй намын дүрэм илт зөрчсөн энэ мэт дутагдлыг ойрын хугацаанд МАН-ын удирдлагын түвшинд ярилцаж, нэг талд нь гаргах болно.
-Та Говь-Алтай, Завхан аймагт ажиллахдаа орон нутаг дахь намын байгууллагын удирдлагад ямар арга хэмжээ авсан бэ?
-Сонгуулийн жил ойртож байгаатай холбогдуулан аймаг, орон нутгийн намын байгууллагын ажил байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ авч байна. Цаашид бүх аймагт очно. Говь-Алтайн хувьд аймгийн Засаг даргад хариуцлага тооцсон намын байгууллагын шийдвэрийг дэмжлээ. Намын нэрээр Засаг даргын албанд очсон МАН-ын гишүүнд намын байгууллагынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадаагүй, идэвх санаачилга гаргаагүй гэх үндэслэлээр “намаас гарсанд тооцох” шийтгэл хүлээлгэсэн. Үүнийг бид дэмжиж, цаашид хариуцлага алдсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болж байна. Иймээс аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаж таарна.
Завхан аймгийн МАН-ын даргыг ч ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Намын хамт олныг талцуулж, намын бодлогыг сөрж, өөрийнхөө нэрийг дэвшүүлдэг хувиа хичээж, довоо шарлуулсан зарчимгүй гишүүдэд намын байгууллагаас дэмжлэг үзүүлэхгүй гэдгийг албан ёсоор хэллээ. Бид цаашид гишүүдийнхээ ёс зүйн зөрчил, сахилга хариуцлагад онцгойлон анхаарна.
-Хөдөө орон нутагт байгаа намын анхан шатны байгууллага төдийгүй бүх түвшинд сахилга хариуцлагыг чангатгахын тулд цахим бүртгэлийн системийг ашиглан нийслэл, дүүргийн НАШБ, дарга нарын ажлыг дүгнэж байхаар болсон гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-МАН-ын цахим бүртгэлийн системд намын хяналт давхар орж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хуралдсан хурлаар нэг шийдвэр гаргасан нь намаас улс төрийн албан тушаалд томилогдож сонгогдсон гишүүдийн манлайллыг цахимаар бүртгэж дүгнэх болсон явдал юм. Энэ ажлыг намын Бага хурлын гишүүдээс эхэлж байгаа. ХЕХ-ноос гишүүдийн манлайллыг дүгнэх 12 зүйл бүхий 100 онооны шалгуур үзүүлэлтийг гаргасан. Түүнд намын дүрэмд заасан шаардлагаас гадна гишүүдийн идэвх оролцоо, аймаг орон нутагт хийж буй ажил гээд цөөнгүй асуудал бий. Үүнээс гадна МАН-ын дүрэмд намын гишүүдийг шилж сонгон шалгаруулж албан тушаалд томилох тухай заалт байдаг. Тэднийг сонгон шалгаруулахад ХЕХ-ны санал дүгнэлтийг заавал харгалзаж үзэх тухай дүрмийн заалтад өнгөрсөн долоо хоногт бид тайлбар гаргасан. Үүнийг намын хамт олонд хүргүүлж байгаа бөгөөд сахилга хариуцлага сайжрах, манлайлал өсөхөд тодорхой хөшүүрэг болно гэж үзэж байна. Энэ нь боловсон хүчний сонголт талдаа нэлээд чухал алхам болох учиртай.
-Танай хорооны дотоод бүтэц дэх Ёс зүйн хороо сүүлийн үед олон нийтийн анхаарал татсан хэрэг зөрчилд нэр нь холбогдсон МАН-ын гишүүдтэй хариуцлага тооцох, үүний тулд тэдэнтэй тулж уулзах ч юм уу судлах ажил хийх эрх мэдэл бий юү?
-Хууль хяналтын байгууллага тодорхой дүгнэлт гаргаагүй байхад бид түрүүлж дуугарах, аливаа шийдвэр гаргах эрх байхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар асуудлыг намын дүрмийн хүрээнд хянаад явж байна. Цаашдаа намын гишүүдийг ямар нэг зөрчилд оруулахгүйн тулд “ёс зүйн торгон хил хязгаарыг тогтоож” өгөх ёстой юм байна. ХЕХ энэ талаар нэлээд анхаарч “ёс зүйн торгон хил”-ийг давсан гишүүн хэн ч байсан цаашид намаас дэмжлэг авах, нийт гишүүд дэмжигчдийн итгэлийг хүлээх боломжгүй болж байгаа гэдгийг хатуу анхааруулж байгаа.
-Энэ хатуу чанга анхааруулгаас өмнө МАН-ын дотор нэр нөлөө бүхий зарим эрхмийг намаасаа хөөсөн нь танай ХЕХ-ны шийдвэр байв уу, намын удирдлагын түвшинд шийдсэн асуудал уу?
-Энэ нь цэвэр ХЕХ-ны шийдвэр байсан. Үүнд намын удирдлагын зүгээс зааж чиглүүлсэн зүйл байхгүй. ХЕХ гэдэг намын Их хурлаас МАН-ын удирдлагатай зэрэгцэн сонгогдож ажилладаг бүтэц юм. Тиймээс бид намын дүрмийн дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргах боломжтой байдаг. Энд бас нэг зүйлийг тодотгоход, намын дүрэм ёсоор хариуцлага хүлээлгэдэг дээд хэлбэр нь “намаас гарсанд тооцох” явдал. Үүнийг бусад намынхан, иргэд ч зөвөөр ойлгодог баймаар юм. МАН-ын дүрэм нь Үндсэн хуульд нийцүүлж боловсруулсан баримт бичиг гэж ойлгож болно. Учир нь, бид тухайн хүнийг үзэл бодлоор нь ялгаварлахгүйгээр зөвхөн намын бодлого шийдвэртэй нийцэхгүй байна гэдэг үүднээс дэмжлэг үзүүлэхээ зогсоож, намаас гарсанд тооцдог. Алдаа дутагдалдаа дүгнэлт хийгээд ахин намдаа хүчээ өгөөд улс төрд явах нь нээлттэй. Энэ утгаараа МАН-ын дүрэмд гишүүнээ эгнээнээсээ шууд хөөх тухай заалт байдаггүй юм. Үүнийг ялгаж салгаж ойлгоосой гэж бодож байна.

Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
2 | Хууль зүйн байнгын хороо | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
3 | Эдийн засгийн байнгын хороо | “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Үндсэн хууль” |
4 | Хууль зүйн байнгын хороо | Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | “Их засаг” |
5 | УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан | Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
6 | УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан | Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.30 | 214 тоот |
Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм12 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь