Эдийн засаг
“Тавантолгой” ногдол ашиг тараана

Монгол Улсын нүүрсний салбарын ууган үйлдвэр болох Орон нутгийн өмчит “Тавантолгой ” ХК-ийн энэ оны хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 29-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт боллоо.
“Тавантолгой” компани өнгөрсөн онд 1.8 сая тонн нүүрс борлуулсан байна. Энэ нь өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улс төр болон бусад гадаад дотоод орчны нөлөөлөлд өртөж ашиг, орлого бууралттай байсан ч 53 жилийн туршлагаар цаг үеийн хүндрэлийг давж, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан хэвээр байна. Мөн орон нутаг болоод улсын төсөвт өнгөрсөн онд 173 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж ногдол ашиг тараажээ. Үүнээс Өмнөговь аймгийн төсөвт 65 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, бүтээн байгуулалтад зориулагдаж үр шимээ өгсөн байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн хугацаанд тус компани төсөвт 830.2 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 423 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. “Тавантолгой” ХК нь 23 улсын хувьцаа эзэмшигчтэй олон улсын нээлттэй компани билээ.
Хурлаар компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тавьсан юм. Тайланд хийсэн ТУЗ-ийн дүгнэлтийг ТУЗ-ийн дарга С.Мөнхбаяр танилцууллаа. 2017 оны ногдол ашиг хуваарилалтын тайлан, 2018 оны ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийн тухай түүнчлэн 2019 оны ТУЗ-ийн төсвийг батлах гишүүнийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.
“Тавантолгой” ХК 2018 оны ногдол ашгийг нэгж хувьцаанд 853 төгрөг байхаар ашгийн 85 хувь хүртэлхийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран “Сайн засаглал” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Энэ онд эднийх 6.0 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.