Энтертайнмент
Роуэн Аткинсон: Мистер Бинээ хөгшрүүлэхгүйн тулд орхисон

Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд дэлгэцэнд гарч эхэлсэн ”Агент Жонни Инглиш 3,0” уран сайхны киноны гол дүрд тоглосон Роуэн Аткинсон энэ Инглишийгээ мистер Биний халаа гэж үзэж байгаагаа болон осолд орохоос айдаггүй зэргээ сэтгүүлчид ярьсан байна.
Мистер Бин, Блэкэддер, Жонни Инглиш гээд Аткинсоны дүр бол дэлхийг байлдан дагуулсан. Гэхдээ л мистер Бинийг бол хэнтэй ч зүйрлэх аргагүй. Ингээд жүжигчин Аткинсонтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
– Таныг тэртэй тэргүй ганцхан дүрээр тань л мэднэ. Уг нь та кинонд өөр зүйл хийх байсан биз дээ? Энэ нь танд төвөгтэй байдаг уу?
– Мистер Бин бол намайг үнэхээр алдаршуулсан л даа. Өнөөдөр гудамжинд ч намайг тэгэж л дууддаг. Энэ чинь амьдралд садаа болохгүй. Харин ч “Мистер Бин”-ийг үзүүлсний хувь нь өнөө ч миний дансанд ордог юм.
– Энэ дүрийн амжилтын нууцыг та гэх вэ?
– Би өөрөө ч сайн ойлгодоггүй л юм. Гол нь Бин ярьдаггүйд л байгаа болов уу. Энэ хошин шог Бастер Китоны шог шиг ярихгүйгээр үйл хөдлөлөөр санаагаа ойлгуулдаг.
– Өөрийнхөө мистер Бинтэй хаана ер бусын байдалтай учирсан бэ?
– Нэг удаа би Өмнөд Африкийн Сафарид явж байлаа. Бедуинуудын тосгон ус цахилгаан юу ч байхгүй, ёстой тохигүй. Хар цагаан телевизор батейгаар ажиллана. Гэтэл нутгийнхан сувгаа тохируулсаар мистер Бинийг гаргачихсан. 1990-ээд оны сүүлчээр энэ цуврал хаа сайгүй тархаж байсан болохоор надад ч нэг их гайхаад байх зүйлгүй байсан л даа.
– Харин яагаад та мистер Бинээ үргэлжлүүлэхгүй тайван орхичихов?
– Түүнийг хөгширсөн байхыг би харахыг хүсээгүй юм. Тэр урьдынхаараа л 30-40 настай хэвээрээ үлдэг. Нийт 15 цуврал гаргасан л даа. Бид энэ төсөл дээр тун сайн ажилласан, дараагийнх нь өмнөхөө бататгаад л. Одоо би уран бүтээлч хүний хувьд ярьдаг дүрд тоглох сонирхолтой байна. Бүх насаараа нэг дүрд тоглож, амаа жимийж баймааргүй байна гэх үү дээ.
– Та мистер Бинээ санаж байна уу?
– Үгүй, үгүй. Тэр чинь дэлхийн хамгийн аятайхан залуу биш шүү дээ. Би л лав түүнтэй хамт дарс уухаар явахгүй. Тэр намайг бодвол ганцаардмал хүн.
Би залхуу хүн
– Та үг яриатай дүрд тоглохыг хүсдэг юм бол “Жонни Инглиш” киногоо яагаад 7-8 жил завсарласан юм?
– Нэгдүгээр би залхуу хүн. Бусад шиг тэгж их хөдөлмөрлөж яах юм. Нэг хоёр жилийн дараа найруулагч зохиолоо авчрахад нь би хүлээхээр шийдсэн. Өөр нэг зүйл бол би Жеймс Бондын тухай кинотой өрсөлдөхийг хүсээгүй. Энэ онд Жеймс Бондын кино гарахгүй болохоор бид тохиромжтой цаг гэж үзээд киногоо хийсэн.
– “Жонни Инглиш”-ийн хувьд та зөвхөн жүжигчин байв уу, бусад ажилд нь оролцсон уу?
– Би үргэлж, өөрийнхөө зургийг үзэх дургүй гэж ярьдаг. Тэгээд ч эвлүүлгийн үед өөрийгөө зурган дээрээс харж амждаггүй. Энэ бол хатуу үнэн.
– Зураг авхуулж байх үе танд таалагддаг уу, тэгвэл?
– Ээ бурхан минь. Киноны зураг авхуулна гэдэг ёстой тамын ажил, бөөн бухимдал. Энэ үед би ёстой ууртай, бүр муу байдаг юм.
– Яагаад?
– Муу бүтээл төрөх вий гээд л…өөрийгөө хянаад л.
– Та өөрөө өөртөө хяналт тавих дуртай гэж үү?
– Тэгэлгүй яахав би бүхнийг хянаж байх дуртай. Миний хүүхдүүдээс асуу л даа. Зохиол гараад ирэхэд би бүхнийг урьдчилаад нягталдаг. Ингэхэд хаана нь юу нэммээр байна, яаж сайжруулах вэ гэдгийг тооцох боломжтой болдог.
– Жишээлбэл таны дискон дээрх галзуу бүжиг ямар вэ?
– Манай охин энэ хэсгийг үзээд “ааваа, найзуудтайгаа уулзах нэг ч уулзалтад таныг урихгүй” гэж хэлсэн. Аймаар юм, үнэхээр би тэгэж бүжиглэсэн л дээ.
Хуучин сургууль
Аткинсон бүр хүүхэд байхаасаа л электрон тоног төхөөрөмжид сонирхолтой бүр 10 настайдаа индүү угсарчихаж байж. Иймдээ ч тэрээр цахилгааны инженер мэргэжилтэй болсон хүн.
– “Агент Жонни Инглиш” дээр дэлхий дахинд кибер аюул тулгарч байгаа гардаг. Тэгээд мэргэжилтнүүд ийм багаж дээр ажиллаж байсан тэтгэврийн өвгөн Инглишийг урьж байгаа гардаг..?
– Тийм, энэ бол хуучин сургуулийн үнэ цэнэ. Заримдаа хуучин, шалгагдсан зүйл чинь хамгийн сайн арга байдаг юм шүү дээ.
– Та гар утастай хэр харьцдаг вэ?
– Тун болгоомжтой
– Тийм үү, цахилгааны инженер хүнд сонирхолтой биш үү?
– Залуу байхдаа бол би бүхнийг гараараа оролдож, цуглуулж, угсардаг байлаа. Өнөөдөр хүмүүс гар утсанд хэт донтон, асар их мэдээлэл өгч байна.
– Танайх гэрэл чийдэнгээ дуу хоолойгоор удирддаг ухаалаг байшин биш юм аа?
– Ийм зүйлтэй би зочид буудалд л таарч байсан, би цочоод байсан л даа. Ер нь сэтгэл санаанд ч таагүй. Гэрэл гэдэг чинь унтрааж, асааж байх ёстойгоос биш өөр үүрэг байх ёсгүй.
– Амралтынхаа талаар ямар нэг зураг инстаграммд тавихгүй юм аа…?
– Яах юм, намайг гэртээ байхгүй байгааг хулгайчууд мэдчихнэ.
Ослоос айдаггүй
– Та 2011, 2013 онд хоёр удаа авто осолд орж байсан. Ослын дараа жолооны ард суух хэцүү байсан уу?
– Би нэг их айгаагүй.
– Одоо болтол энэ машинаа барьсаар л байна уу?
– Үгүй. Даатгалын компани намайг шинэ машин авах нь дээр юм гэхээр өнөөхөө хаягдал төмөрт өгчихсөн.
– Тийм аймшигтай ослоос удаа дараа мэнд гарна гэдэг. Яаж азаар ийм явдал тохиов оо?
– Ёстой аз тохиосон. Надад элдэв сэлбэг, түлхүүр багаж байсан тулдаа л оролдож байж гарсан. Ингээд л одоо жолоо барьж байгаа минь энэ.
– Интернетээс таны тухай хайхаар олигтой мэдээлэл бараг гарахгүй юм?
– Тиийм шүү, би хувийн амьдралынхаа тухай, хүүхдийнхээ, өөрийнхөө дадал зуршлын тухай нэг их ярьдаггүй. Харин машины тухай бол эцэс төгсгөлгүй ярьж чадна, Тийм ч болохоор жолооч нарт зориулсан “Top Gear” нэвтрүүлэг намайг урьсан. Би тэнд мэргэжлийн бусчуудын дунд хамгийн хурдан давхиж дээд амжилт тогтоож байлаа шүү дээ…..Бахадмаар байгаа биз.
– Жон Инглишийн машиныг та өөрөө сонгосон уу?
– Энэ чинь миний өөрийн машин. Актон Мартин ч сүүлийн кинондоо бас л миний цуглуулгаас 1981 онд худалдаж авсан машиныг минь сонгон хэрэглэсэн.
Роуэн Аткинсон
Төрсөн он: 1955 оны нэгдүгээр сарын 6-нд Английн Дарем гүнлэгт төрсөн.
Гэр бүл: Анхны эхнэрийнхээ 24 настай хүү Бенжамин, 22 настай охин Лилитэй хамт амьдардаг. Одоогийн эхнэр Луиза Форд 34 настай жүжигчин, тэдний дундаас 2017 онд анхны хүүхэд нь төрсөн.
Боловсрол: Ньюкаслын болон Оксфордын их сургууль дүүргэсэн
Карьер: 1979 онд BBC-ийн шог хөтөлбөрт оролцож эхэлсэн. 1990 онд “Мистер БИН”-ий анхны анги гарсан. Бүгд 15 цуврал гарчээ. Улмаар 1997 онд “Мстер Бин” уран сайхны кино гарсан.“Агент Жонни Инглиш” кионы анхых 2003 онд дэлгэцэнд гарсан.

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.