Энтертайнмент
Б.Амарсайхан: Бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг болохын цагт хүн өөрийгөө олно
Жүжигчин Б.Амарсайханы продюсераар ажиллаж, гол дүрд нь тоглосон “Mongolian Connection” action кино тавдугаар сарын гуравны өдөр Казахстан улсад нээлтийн улаан хивсний ёслолоо хийж, тус улсын нийт 77 кино театрт “Кровавый транзит” нэртэйгээр гарч эхэлжээ. Түүнтэй Монголын кино урлаг Дэлхийн зах зээлд нэвтрэх боломж хийгээд хувь уран бүтээлчийн дотоод ертөнцийг тольдон ярилцлаа.
– Юуны өмнө Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээл буюу Казахстан улсад киногоо нээсэнд баяр хүргэе! Энэ зам хэр хол, хэцүү байсан бэ
– Баярлалаа. Анх 2016 оны намар найруулагч Дрю Томас адал явдалт, тулаант кино хийх санал тавьж байлаа. Кино зохиолын анхны хувилбарыг хүлээн авч, киног бүтээх төсвийг тооцоолоод зөвхөн Монголоос энэхүү хөрөнгийг босгож, хөрөнгө оруулагчидад ашигтай байдлаар буцаан төлөхөд их өндөр байсан тул Казахстан улсад мөн Монголтойгоо адилхан кинотеатраар гаргах санааг гаргаснаар 2017 оны зун Алматад очиж байсан юм. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл жүжигчидээ сонгох, зах зээлийг нь судлах, дистрибьютерүүдээс сонголтоо хийх, тэдний шаардлагад тэнцэх зэрэг ажлаар Казахстан руу 4 удаа, Америк руу яг энэ киноныхоо пост продакшн буюу эвлүүлэг, өнгө, дууны шүүлт дээр ажиллах зорилгоор 3 удаа тус тус томилолтоор явсан юм байна. Нэлээд хичээл зүтгэл гаргаж байж шинэ зах зээл рүү нэвтэрч чадлаа.
– Казахстанд хүмүүс киног нь хэр хүлээж авсан бэ? Мөн “Mongolian Connection” нэрээ “Кровавый транзит” болгож өөрчилсөн нь хэний санаа байв, яагаад ингэж өөрчилсөн бэ?
– Казахстаны нээлтийн ёслолд ирсэн зочид маань ихэвчилэн кино уран бүтээлчид болон бизнесменүүд байсан. Хэдийгээр нээлтээ хийхээсээ өмнө дистрибьютер, кино театрын үзлэгийг хийж, сайн кино болсон байна гэсэн үнэлгээг авсан байсан ч нээлтэн дээрээ зочидоо кинондоо оруулсны дараа тэд хэрхэн хүлээж авах болоо гэсэн догдлол, сандрал байсан ч тэдэнд кино маань маш их таалагдаж, алга ташилт, олон сайхан урмын үгээр манай хамт олон мялаалгасан баяртай явдал болсон. Энэ хүмүүс хэрхэн хүлээж авах нь бидний хувьд их чухал байсан л даа. Учир нь Казах үзэгчидийн төлөөлөл болсон эдгээр хүмүүст уран бүтээл маань таалагдвал үзэгчид ч мөн сайн хүлээж авна гэж дистрибьютер маань хэлж байсан. Манайхаас ялгаатай нь тэд киногоо театраар цацаж эхэлдэг өдрөө нээлтээ зэрэг хийдэггүй 7 хоногийн өмнө нээлтийн ёслолоо хийгээд бүх кинотеатруудаар үзэгчидийн хүртээл болсон нь 5 сарын 9-ний өдөр юм.
Киноны нэрний тухайд манай киног албан ёсоор Казахстанд дистрибьютерлэж байгаа “Меломн Афиша” компанийхан 3 сард урьдчилсан үзлэг хийж, киног маань үзсэний дараа тэдний санал болгосноор Проюдсерийн багийн гаргасан шийдвэр. Орос хэлтэй орнууд гадны хэл дээр хийгдсэн бүх киног өөрийн зах зээлд гаргахдаа дабб буюу ам барилтыг хийдэг стандарттай юм байна лээ. Тиймээс манай кино 100% орос хэл дээр ам барилт хийгдсэн тул цаашдаа Станы орнууд болон Оросын зах зээл рүү бол энэ нэрээрээ дистрибьютерлэгдэх болно. Харин бусад зах зээлүүд рүү бол “The Mongolian Connection” нэртэйгээр гарах юм.
– Казахстан улсын зах зээл Монгол улстай харьцуулбал хэр том бэ? Мөн өөр ямар ямар зах зээл рүү гаргах төлөвлөгөөтэй болон энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
– Казахстаны хүн ам 18 сая гаран, улс даяараа нийт томоохон 80 кинотеатртай юм байна лээ. Өнгөрөгч оны хамгийн өндөр орлоготой кино нь 2.2 сая долларын орлого олсон гэсэн. Тэгэхээр зах зээлийн багтаамжийг нь эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгээд баримжаалвал Казахстан улс Монголоос маань 6-7 дахин том зах зээл юм уу даа. Бид цаашдаа АНУ, Хятад, Зүүн өмнөд азийн орнууд болон Европын орнууд руу киногоо борлуулах зорилготой ба ирэх намраас Sales agency-гээ сонгох ажлаа дуусган, олон улсын дистрибьютерүүдэд борлуулах ажил маань эхлэнэ.
Ямар ч байсан одоо ярихад арай эрт байгаа ч тухай бүрд нь мэдээлэлээ хүргээд явнаа. Бидний хувьд анхнаасаа төслөө эхлүүлэхдээ хамгийн чухал бодит зах зээлийг Казахстан гэж зорьсон тул ямар ч байсан энэ ажлынхаа үр дүнг харах нь нэгдүгээрт байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд олон улсын кино уран бүтээлчидтэй танилцаж, тэднээс туршлага судлах тусам гадаадын зах зээлүүдэд киногоо борлуулна гэдэг нь дотоодын зах зээл шиг киногоо хийлээ, театраар гаргалаа, IPTV рүү орууллаа, гадаадад байгаа Монголчууддаа үзүүлсний дараа тухайн киноноос олж болох орлогын үе шат дуусдагтай огт адилгүйг ойлгосон. Олон улсад киногоо борлуулья гэвэл дор хаяж кино дууссанаас хойш 2-3 жилийн хугацаанд үргэлжилдэг процесс юм байна.
Бид энэ оны 4 сарын дундуур л дөнгөж олон улсад гаргах хувилбараа бүрэн дуусгасан. Тэгэхээр зорилгодоо хүрэхэд дээр дурдсан шиг хугацаа зарцуулагдахаар харагдаж байгаа. Монголынхоо зах зээлд ирэх намрын сүүлээр продюсерын эвлүүлэг буюу олон улсын зах зээлд гаргаж буй хувилбараараа Юнивишн, Look TV, ДиДиш сувгуудаар гаргах болно.
– Зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад борлуулагдахуйц кино бүтээх эрмэлзэл сүүлийн үед Монголын кино уран бүтээлчидээс нийтлэг мэдрэгдэх болсон. Та түүчээлээд гадаад зах зээлийг бодитойгоор нээгээд явж байгаагийн хувьд Монгол киночидод олон улсад гарах боломж хэр их байгаа вэ?
– Байлгүй яахав. Одоо л жинхэнэ цаг нь ирж байна. Гадагшаа гарахад, Англи хэлтэй байх нь бүр зайлшгүй шаардлага. Ганц Холливуд гэж харалгүй бусад олон улсын зах зээлийг харж, тийшээ гарахад чиглэгдсэн санааг хөгжүүлж, арга зам, шат дараалалыг нь суралцах нь маш чухал байна бидэнд. Ерөөсөө зориг гарган, эрсдэл хүлээж “Монголиан коннекш”-г хийсэн зорилго нь гадныханд сонирхолтой байх ядаж нэг кинотой байж, тэрийгээ бариад кино зах руу явж, бодит туршлага судлах байсан. Бусдаар бол ингэдэг гэнэ, тэгдэг гэнэ гэж сураг сонсохоос цаашгүй байдаг байлаа, мянга эрмэлзэл нь байгаад. Энд нэг зүйлийг хэлэхэд зүгээр надад ийм санаа байна ч гэдэг юм уу зүйлийг яриад хэчнээн мундаг гадаад уран бүтээлч, салбарын хүмүүстэй уулзаж, ярилцсан ч тэд ихийг бидэнд хэлдэггүй, хаанаас ч авч болох ерөнхий мэдээлэл өгдөг юм байна гэдгийг ойлгосон.
Харин өөрсдийнхөө хэмжээнд дуусгасан кино зохиолтой, эсвэл зураг авалт нь дууссан ч пост продакшн нь хийгдээгүй ч хамаагүй үзүүлэх зүйлтэй цаашлаад тэдний сонирхолыг татаж чадах киногоо хийчихсэн байхад гадны уран бүтээлчдийн ярих зүйл, өгөх мэдээлэл шал өөр түвшинд болдог юм байна лээ. Олж авч байгаа туршлагаараа цаашдаа ч мөн олон улстай ко-продакшн, ко-продюсинг чиглэлээр дотоод, гадаадын аль аль зах зээл дээр амжилттай байхуйц уран бүтээл хийхийн төлөө бүхнээ зориулах болно. Эргээд тэр туршлагаа бусад уран бүтээлчидтэйгээ хуваалцах хүсэл байдаг. Учир нь кино бол багийн ажиллагаа, би ганцаараа ойлгоод юу ч өөрчлөгдөхгүй, хамтдаа илүү сайн уран бүтээл гарах болно.
– Та саяхан болсон “Синема авардс 2019” кино наадмаас “Шилдэг продюсер”-ын шагналыг “Монголиан Коннекшн” киногоороо хүртсэн. Цаашдын зорилго тань жүжигчинээс гадна продюсерээр ажиллах сонирхол түлхүү байгаа юу?
– Хувь уран бүтээлчийн минь амбиц зөвхөн жүжигчинээрээ ажиллах байдаг юм. Гэхдээ өнөөдөр би Холливуд юм уу өөр том зах зээлтэй, салбарын оролцогчид бүгд юуг яаж хийх нь тодорхойлогдсон оронд ажиллаж, амьдарч байгаа уран бүтээлч биш. Монголд маань кино урлагийн салбар урлаг болон бизнесийн тэнцвэрийг нь олж хөгжих гэж дөнгөж хөгжилийнхөө эхлэлийн үе шатандаа явж байгаа гэж би хардаг учир зөвхөн жүжигчинээ хийгээд явах боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн продюсерийн хэрэгцээ, шаардлага улам ихэсч байгаа тул өөрийгөө хөгжүүлж, илүү сайн продюсер болох эрмэлзэл надад бий.
– Ямар хүн ер нь жүжигчин болдог юм бэ?
– Хүн бүхэн бага насандаа урлагийн хүн болъё гэж мөрөөдөх нь олонтаа. Нийтлэг хэллэг байдаг л даа. Жүжигчин хүн баримлын шавар шиг байх ёстой. Найруулагчийн өмнө зураг зурахад бэлэн раманд татсан зотон даавуу шиг байх ёстой ч гэдэг юм уу. Гэхдээ, жүжигчин хүн эхлээд хүн байх ёстой. Гэдэг нь ёс зүй, гоо зүй, сахилга баттай зан чанараар эхлээд өөрийгөө төлөвшүүлсэн байгаад дээр нь мэдрэмж, авьяас цогцолсон байх ёстой болов уу. Энэ бүгд дээр суурилаад хамгийн чухал нь жүжигчин хүн хүүхэд шиг итгэмтгий зангаар дүрдээ болон бүх зүйлд хандах хэрэгтэй гэж би боддог. Нас бие гүйцэх тусам бид хүүхдийн гэнэн итгэмтгий зангаа гээж байдаг. Харин жүжигчин хүн тэр зан чанарыг авч үлдэж, тухайн өгөгдсөн нөхцлийг мэдэрч, үнэн амьдарснаар тухайн дүр амьтай, сүнстэй болдог.
– Амьдрал дээр Та хэр итгэмтгий хүн бэ?
– Би маш итгэмтгий хүн. Бид угаасаа нэг нэгэндээ итгэхгүй бол амьд явахын нэг сайхан зүйл нь үгүй болно. Хүнд итгэж байж хүнээс итгэл авна. Бүх юмыг болохоос нь өмнө тооцоолоод байвал хүн олон юмыг өнгөрөөх эрсдэлтэй.
– Итгэмтгий байдлаасаа болоод алдаж хохирч байсан уу?
– Хохирох үе байнаа. Гэхдээ эд материал гэхээсээ илүүтэй итгэл эвдэнэ гэдэг нь сэтгэлийн гарз хохирол байдаг. Саад бэрхшээл, асуудал бол боодолтой бэлэг гэдэг үг байдаг даа. Хэдэн жилийн өмнө би ийм нөхцөлд гомддог байлаа. Одоо бол талархдаг болсон. Учир нь ямар ч асуудалд тэвчих, уучилах хоёр хамгийн чухал байдаг юм байна. Уучилна гэдэг их хэцүү л дээ, гэхдээ хүний оронд өөрийгөө тавьж үзээд ойлгож ухаарах чадвар хүнд ихийг өгдөг. Итгэл алдаж байгаа нэгнийг би шүүхгүй, цаг хугацаа шүүнэ. Хичнээн миний зөв байсан ч би бууж өгнө гэдэг хэцүү ч ийм дадал суугаад ирэхээр амьдралд амар тайвнаа алдахгүй, хатуужилтай болдог.
– Тэсвэр хатуужлыг яаж өөртөө бий болгодог вэ?
– Аливаа сорилтноос айдаггүй байх хэрэгтэй. Сорилтонд нээлттэй, бэлэн байх хэрэгтэй. Хүсч байгаа зүйлээ зүрх алдалгүй үзээд алдах, эцсийг нь харах зүтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Хүн дотор талдаа тэсч, өөрийгөө дотроо л ялчих юм бол гадна талдаа бүгдийг хийж чадна.
– Таны бодлоор, өөрөөрөө байх, өөрийгөө таньсан хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?
– Хүн өөрийнхөө дотоод мөн чанарыг бүрэн танина гэж бараг байхгүй байх. Харин урсан өнгөрч буй цаг хугацаа, туулж буй амьдралынхаа явцад хүн өөрийн дотоод мөн чанар, зан төлөв, хандлагаа бүтээж байдаг юм болов уу. Яах гэж, юу хийх гэж энэ дэлхий дээр ирснээ ойлгож ухаарсан, хаана хүрч чадахаа мэдсэн хүнийг өөрийгөө таньсан хүн гэж би хэлнэ. Өөрийгөө таньсан хүн бусдыг танина. Үүний адил бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг болохын цагт хүн өөрийгөө танина.
– Энэ дэлхий дээр ирсэн утга учир, зорилгоо олж чадахгүй бол яах вэ?
– Хүний төрөлх натур нь их аймхай байдаг юм болов уу. Тиймээс танихгүй шинэ орчин, чадахгүй байгаа зүйл, тав тухгүй байдал, шийдлийг нь олоогүй асуудлууд гэх мэт зүйлстэйгээ нүүр тулахаас үргэлж хойш сууж байдаг. Хүсэл мөрөөдөл, утга учиртай амьдралын тухай өөрийн асуултдаа хариултаа олоогүй байгаа бол олохын тулд хүссэн хүсээгүй одоогийн байгаа байдлаасаа эрсдэл гаргаад ч хамаагүй гарах зоригтой байх хэрэгтэй. Тэгж чадвал дараа дараагийн алхамууд аандаа бүдэг ч хамаагүй олддог.
– “Итгэл” киноны зохиолыг та өөрөө бичсэн. Таньд кино зохиолч болох зорилго байна уу?
– Зорилго бол байхгүй, гэхдээ яалт ч үгүй шаардлага байна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд Холливудын кинонуудыг харвал “story by”, “screenplay by” гэсэн хоёр тусдаа тайтлууд явж байдаг. Эхнийх нь киноны санааг гарган, ерөнхийлөн үйл явдлын дараалал зэргийг харуулсан зохиол гэж ойлгож болно. Хоёр дахь тайтл нь кино зохиолыг харилцан яриа, үйл явдал, цаг хугацаа, дүрийн үр гэх мэт яг киноны төсвийг гаргах, зураг авалтын хуваарийг бэлдэх, жүжигчид болон продакшны бүх багийнхны дунд хэрэглэгдэж байдаг кино зохиол гэж ойлгож болно.
Манайд эхний төрлийн зохиолчид бол байна. Харин хоёр дахь хэсгийг ихэвчилэн Найруулагчийн зохиол гэж нэрлэн Найруулагчид нь голцуу хийсээр ирсэн. Гэтэл хоёр дахь төрлийн кино зохиолч манайд дутагдалтай тул өөрөө ажиллахаас өөр аргагүй байна. Хамгийн чухал нь энэ зохиолыг үндэслэн Продюсерууд кино бүтэх зардлыг тооцоолж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг босгодог.
– Та Монголын Академи Авардсаас “Бодлын хулгайч” кино Гантулгын дүрээр “Шилдэг эрэгтэй дүр”-ын шагналыг авахдаа тайзан дээр Д.Намдаг гуайн хэлсэн “Авъяас бол агуу их эмзэглэл юм” гэдэг үгийг иш татан хэлж байсан. Танд одоо уран бүтээлээрээ дамжуулж дуугарах эмзэглэл тань юу байна вэ?
– Ямар кино хийх вэ, ямар сэдвийг сонгож нийгэмдээ хүргэх вэ гэдэг нь тухайн улсынхаа хөгжилийн түвшинтэй хамаатай байдаг. Жишээ нь Баруун Европ, Япон, Хойд Америк ч гэдэг юм уу өндөр хөгжилтэй орнуудад нийгмээ соён гэгээрүүлэх гэхээсээ илүүтэй хувь кино уран бүтээлчийн ертөнцийг үзэх үзэл, өнцөгийг харуулсан кино хийх эрмэлзэлтэй байдаг бол манайх шиг хөгжиж буй орны хувьд кино урлагаараа дамжуулан ард түмнийхээ үндэсний бахархлыг төрүүлж, нийгмээ соён гэгээрүүлж, залуу үеэ сурган хүмүүжүүлэх, бүх зүйлд ёс зүйтэй хандах зөв зан чанарыг уриалсан кино хийх нь яг энэ цаг үед ажиллаж амьдарч байгаа кино уран бүтээлч бүрийн үүрэг гэж би боддог.
Миний дараагийн хийх кино манай нийгмийг цочроож байгаа асуудал болох хүүхдийн хүчирхийлэл, гэр бүл салалтын эсрэг чиглэгдсэн уран бүтээл байгаа.
– Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.