Эдийн засаг
Нөөцийн махны эрэлт их, нийлүүлэлт бага байна

Энэ жил махны үнэ өмнөх оноос даруй нэг дахин үнэтэй байгаа нь хаврын тарчиг цагт иргэдийг бухимдуулаад байна. Мөн үүний зэрэгцээ хямд үнэтэй нөөцийн мах олдоц бага байгаа нь асуудал дагуулсаар байна. Хэдийгээр нөөцийн махыг Нийслэлийн 67 цэгт худалдаалж буй мэдээллийг салбарын яамнаас өгсөн ч ердөө цөөн хэдхэн цэгт өдөрт бага тонноор худалдаалж байгаа аж.
Манай сурвалжлах хэсэг 32-ын тойрогт байрлах “Сансар” худалдааны төвд энэ сарын 9-ны өдрийн өглөөний 10:00 цагийн үед очиход мах нь дууссан байв. Өдөрт ирж байгаа мах нь тухайн нутаг дэвсгэрийн худалдан авагчдад хүрэлцэхгүй эхний хэдэн хүмүүс худалдаж аваад дуусдаг гэж худалдагч нар, махгүй хоцорсон иргэд ярьж байлаа.
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баасандулам “Нөөцийн мах худалдаанд гарсан гэсэн. Ер тааралдахгүй байна. Хаагуур борлуулагдаж байгааг нь мэдэгдэхгүй байна. Сая энд ирсэн дууссан гэж байна” гэв. Өнгөрсөн онд 12 мянган тонн мах нөөцөлсөн бол энэ жилийн тухайд гурав дахин бага буюу 4,000 тонныг бэлтгэсэн нь ийнхүү олдоц бага, нийлүүлэлт муу байна.
Бид Баянзүрх дүүрэгт байрлах “Тэнгэр” бөөний худалдааны төвд очиж, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Эднийд өглөөний 08:00 цагаас оройн 19:00 хүртэл нөөцийн мах зарж байгаа цөөхөн газрын нэг гэнэ. Харин хямд маханд дугаарласан иргэдийн дараалал үүссэн байлаа. 1990 оны үеийн картын бараанд дараалалд зогсож буй дүр зураг харагдсан юм.
Иргэд ярихдаа “Энэ жил нөөцийн мах ховор байна. Баянгол, Сүхбаатар, дүүргээс хайж явсаар энд худалдаалж байгаа гэхээр нь ирлээ. Энд дараалалтай ч хоёр уут махыг 26 орчим мянган төгрөгөөр авч байна. Хөргүүр, хөргөчиндөө нэлээн нөөцөлсөн хангалттай байх шиг байна. Гэхдээ хотын нэг захаас нөгөө зах руу ирж авч байгаа нь хүндрэлтэй байна” гэж байв.
Энд нөөцийн үхрийн мах кг 7,200, хониных 6,000, ямааных 5,500 төгрөгийн үнэтэй байна. “Тэнгэр” бөөний төв долоодугаар сарын 15-ныг хүртэл нөөцийн мах борлуулна гэлээ. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” компаниуд нийт 4,000 тонн мах бэлтгэсэн байна.
Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван кг-аар ангилан савласан байв. Энэ нь бөөнөөр авах боломжийг хаасан аж. Үхрийн ястай махыг 7,200, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр зургаан дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөж 67 цэг болгожээ.
Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна. Үхрийн ястай махыг 2,442, хонины ястай махыг 2,734, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус зах зээлийн үнээс хямд борлуулж байгаа аж. Нөөцийн мах хямд болохоор орлого багатай иргэдэд боломжийн үнэтэй, амт чанар сайн байна гэв. Гэхдээ махны үнэ буурахад нөөцийн мах нөлөөлөхгүй байгааг иргэд шүүмжилж байв.
Харин салбар яамнаас энэ тухай тодруулахад нөөцийн мах хэвийн нийлүүлэгдэж байгаа. Гэхдээ махны нөөц бага байгаа учраас 4, 5, 6, 7 дугаар сард хувааж гаргах хуваарьтай байгаа тул нэрлэсэн цэгүүдэд нийлүүлэлт бага байгаа гэсэн юм. Өнөөдөр үхрийн мах бусад газруудад ястай, цулаас хамаарч 9,500-13,500 төгрөгийн үнэтэй байна.
Ийнхүү нөөцийн мах зарж буй цэгүүдэд нөөцийн мах бага нийлүүлж өглөөнийн 10:00 цаг гэхэд дуусдаг бол зарим газарт нь хуваарийн дагуу ирэх саруудад нийлүүлэгдэх бол заримд нь 19:00 цаг хүртэл борлуулж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.