Дэлхий дахинд
Д.Трамп Ерөнхий прокурор Жефф Сешнсийг ажлаас нь чөлөөлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхий прокурор Жефф Сешнсийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Д.Трамп өөрийн твиттер хуудсаараа “Ерөнхий прокурор Жефф Сешнсний гүйцэтгэсэн үйл хэрэг, хичээл зүтгэлд бид талархаж байна. Түүнд сайн сайхныг хүсье” гэж жиргэжээ.
Мөн тэрбээр, Жефф Сешнсний үйл хэргийг түүний ажлын албаны дарга Мэтью Уитакер түр орлон гүйцэтгэх болно гэж мэдэгдэв.
Харин Жефф Сешнс албан тушаалаасаа огцрох өргөдөлдөө “огцрох шийдвэр өөрийнх нь биш байсан” гэдгийг дурдсан ажээ.
Тэрбээр, “ноён Ерөнхийлөгчөө таны хүсэлтийн дагуу би албан тушаалаасаа огцрох өргөдлөө өргөн барьж байна. Хамгийн чухал нь АНУ-ын Ерөнхий прокуророор ажиллаж байх хугацаандаа би хуулийг дээдэлж явсан” гэж бичжээ.
Цагаан ордны албаны хүмүүсийн мэдээлснээр, Д.Трамп завсрын сонгуулийн үр дүнгийн талаархи хэвлэлийн бага хурал хийхийн өмнөхөн түүний ажлын албаны дарга Жон Кэлли Ерөнхий прокурор Жефф Сешнснийг дуудсан ажээ.
Эх сурвалж: ВАШИНГТОН. /ВВС/