Эдийн засаг
Ш.Батхүү ямар хөрөнгөтэй вэ?

Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн өрийг үйлдвэрийн Нөөцийн сангаас гаргуулж, 40 сая ам.долларыг төлсөн. Энэ мөнгийг Ш.Батхүүгээр төлүүлнэ гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байсан юм. Одоогоор Ш.Батхүү ямар нэгэн өр төлбөр төлөөгүй ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэр хохирогч болсон. 40 сая ам.долларын хохиролд орчихсон байхад Ш.Батхүүгийн хэргийг хааж болохгүй. Засгийн газраас комисс томилж байгаа. Яаралтай 40 сая долларын өрөө барагдуулахыг шаардана. Чадахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хариуцлага тооцно.
Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэдэг үндэсгүй мэдээ байх. Бидэнд ирсэн мэдээллээр Ш.Батхүүд 40 сая долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө байгаа. Есөн сарын дотор “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох тал дээр шахаж ажиллаж байна. Бидэнд ирж байгаа мэдээллээс 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний мөнгө байгаа. Энэ хөрөнгө 3-4 хүний нэр дээр шилжсэн. Ямар хүмүүс рүү шилжсэн бэ гэдэг дээр л асуудал байгаа юм. Хууль хяналтын байгууллагын шалгалтын дүн эцэслэгдээд ирэхээр тодорхой болох байх” гэсэн юм.
“Жаст”-ын Ш.Батхүү 2013 оноос өмнө өөрийнхөө хөрөнгийг нааш, цааш нь шилжүүлсэн байдаг. Тэрбээр Дийлэнхийг нь бэлэглэлийн гэрээгээр зарсан бөгөөд зарим хөрөнгийг нь “Хадгаламж” “Зоос” зэрэг банкны өрөнд хурааж авчээ. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгөөс 40 сая ам.долларыг төлөх боломж бүрэн бий гэдгийг ч улс төр, эдийн засгийн хүрээнийхэн хэлдэг. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн хэн хувааж идсэнийг шалгана” гэж мэдээлж байсан ч одоогоор таг чиг болсон.
Ш.Батхүү зээл авах үедээ “Олон овоот”, Хадгаламжийн банк, Жаст группын хувьцааг эзэмшдэг байсан. Тэрбээр “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-оо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэсэнээ сэтгүүлчдэд мэдээлж байсан билээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.