Дэлхий дахинд
Халдлагын улмаас амиа алдсан иргэдэд АНУ гурав хоног хүндэтгэл үзүүлнэ
Өмнөд Калифорнийн Таузанд-Окс хотын нэгэн бааранд гал нээсний улмаас 13 хүн амиа алдаж, ойролцоогоор 10 хүн шархадсан байна.
Халдлага орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 7-ны 23.20 цагт болсон аж. Үл таних, хар хувцастай эрэгтэй Borderline Bar & Grill бааранд орж, улмаар үйлчлүүлэгчид рүү гал нээжээ.
Энэ үед тус бааранд оюутнуудад зориулсан College Country Night үдэшлэг болж байсан учраас хэдэн зуун хүн тэнд цугласан байв.
Хэргийн гэрч ABC News телевизэд өгсөн ярилцлагадаа, хэрэгтэн гар буугаар хэд хэдэн удаа гал нээсний дараагаар утаа ялгаруулагч бөмбөг шидсэн тэгээд дахиад л гал нээж эхэлсэн гэв.
Хэрэгтэн 30 гаруй удаа гал нээсэн бөгөөд 13 хүн амиа алдсан байна. Тэдний дунд цагдаагийн түрүүч Рон Гелус байсан ажээ. Цагдаагийн түрүүч Гелус шархаа даалгүй эмнэлэгт өөд болсон аж. Амиа алдсан бусад хүмүүсийн талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа ажээ.
Вентура тойргийн цагдаагийн ажилтнууд хэрэгтэн газар дээрээ нас барсан гэж мэдэгдэв. Түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэж таамаглаж, террорист бүлэглэлтэй холбоотой байсан эсэхийг нь шалгаж байгаа аж.
Хэрэгтнийг Ян Дэвид Лонг гэдэг бөгөөд тэрээр 28 настай байсан юм байна. Тэр 2008-2013 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж, 2010-2011 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан ажээ.
Болсон халдлагатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсын далбааг гурав хоног буулгах тушаал гаргасан байна.
Ерөнхийлөгчийн тушаалын дагуу Цагаан ордон, төрийн болон цэргийн байгууллагууд, усан онгоц болон хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд арваннэгдүгээр сарын 10 хүртэл төрийнхөө далбааг буулгаж, амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх ажээ.
А.АНИР