Эдийн засаг
Ноолуурын салбар дахь Монголын боломж

Ноолуур нь дээд зэрэглэлийн тансаг материалд тооцогддог. Эрхэмсэг, зөөлөн мэдрэмжийг төрүүлж, эдэлгээ даах чанартай учир олон арван жилийн турш хувцас загварын салбарт эрэлттэй материал байсаар иржээ. Дэлхийн ноолуурын зах зээлийн 90 хувийг Монгол, Хятад улс хангадаг. Монгол Улс нь жилд 19,8 сая ширхэг нэхмэл, ноолууран бүтээгдэхүүн экспортлох нөөц боломжтой ч хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна. Хэрэв дээрх хэмжээний бараа бүтээгдэхүүнийг жилд үйлдвэрлэж чадвал Монгол Улс экспортоос 1,78 тэрбум ам.долларыг олох боломжтой. Гэвч бид ноолуурынхаа 80 гаруй хувийг экспортлоод үлдсэнээр нь дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол Улсын Засгийн газраас ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн боловсруулалтын түвшнийг 60 хувьд хүргэж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2017 оны байдлаар нийт ноолуурын экспортын 20 хувийг бэлэн бүтээгдэхүүн эзэлж байсан бол 2021 онд 60 хувьд хүргэхээр зорьж байна. Өдгөө ноолуур нь Монголын эрдэс баялгийн бус экспортын бүтээгдэхүүний 40 орчим хувийг бүрдүүлдэг.
ЭЕРЭГ МЭДЭЭ
Хятадаас экспортлох ноос, ноолууран бүтээгдэхүүнд АНУ импортын тариф тогтоогоод байгаа юм. Улмаар АНУ-ын хууль санаачлагчид Монголын ноолуурыг татваргүй экспортлох “Гуравдагч хөршийг дэмжих тухай хууль”-ийн төслийг конгресст хоёр ч удаа өргөн барьж, батлах шатандаа явж буй. Энэ нь манай үндэсний брэндүүд АНУ-д өрсөлдөгчгүй үйл ажиллагаа явуулах боломжийг нээхээс гадна тус салбар дахь урд хөршийн хэт нөлөөг буруулах давхар ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ ноолуурын салбарыг хөгжүүлэхийн төлөөх олон улсын байгууллагууд дэлхийн угаасан болон бохир ноолуурын хоёр дахь том экспортлогч орон болох Монгол Улсад гол анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, ноолуур нийлүүлэлтийн сүлжээг дагнасан “Тогтвортой утасны холбоо” ашгийн бус байгууллагаас Монголд “Ноолуурын салбарын бага хурал-2019”-ыг зохион байгуулжээ. Монгол Улсын ноолуурын ямааны тоо толгой 30 сая дөхсөн нь 1990-ээд онд тавхан сая байсантай харьцуулбал зургаа дахин өсчээ. Улмаар манай улсын ноолуур үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 9400 тоннд тооцогдож байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олон улсын болон орон нутгийн байгууллагуудтай хамтран малчдад зөвлөгөө, тусламж хүргэх замаар бэлчээр ашиглалтыг зөв зохистой болгох, тооноос илүү чанарыг чухалчлахыг сурталчлах үйл ажиллагаа явуулахыг зорьж байна.
СӨРӨГ МЭДЭЭ
Гэтэл үүнтэй зэрэгцэн АНУ-д төвтэй амьтны эрхийг хамгаалах “PETA” байгууллагаас ямааны ноолуурыг уламжлалт аргаар самнаж боловсруулах технологийг маш бүдүүлэг, тухайн амьтныг хүчирхийлж, өвтгөж зовоон, эрхэнд нь халддаг учир ногоон бизнес биш гэх ташаа мэдээллийг барууны ертөнцөд түгээх болсон юм. Улмаар тус байгууллагын лоббид өртсөн дэлхийд нэр хүнд бүхий “H&M”, “Channel” болон “ASOS” зэрэг брэндүүд 2020 он гэхэд уламжлалт аргаар самнаж боловсруулсан ямааны ноолуурыг ноолууран эдлэлийн үйлдвэрлэлдээ ашиглахаас татгалзах шийдвэр гаргажээ. Тус байгууллагаас ноолууран хувцас, эдлэл худалдан авах юм бол эдгээр орнуудад харгислалд өртсөн амьтадынх байх магадлалтай хэмээн лоббидох болсон аж. Нэг ямаанаас жилд дунджаар 250 грамм ноолуур самнадаг. Тиймээс нэг цамц үйлдвэрлэхэд зургаан ямаанаас самнасан ноолуур хэрэглэгддэг байна.
Үүний зэрэгцээ ноолуурын ямааны тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн талхал, цөлжилт нэмэгдэж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулдаг. Ямаа нь өвсийг үндсээр нь зулгааж иддэг тул ургамлыг төлжин ургах нөхцөлгүй болгож, хөрсний доройтолд хүргэдэг аж. Нэг ямаа өдөрт биеийн жингийнхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний өвс иддэг байна. Өдгөө Монголын газар нутгийн 70 орчим хувь нь хөрсний доройтолд орж, нийт нутгийн 90 хувь нь цөлжих аюулд орсон хэмээн судлаагчид бичжээ. Улмаар Монголын шороон шуурга Хойд Америкт хүрч шуурч, их хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг гэжээ.
БРЭНДҮҮД
“Говь” компани 2018 оны эхний найман сард нийт 93.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсний 35.8 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. “Говь” компани жил бүр гадаад зах зээлд цар хүрээгээ тэлж, 13 орны 34 хотод нийт таван салбар дэлгүүр, 53 сүлжээ дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. ГОВЬ ХК болон ГОЁО ХХК нь хөгжлийн стратеги төлөвлөгөөнийхөө дагуу ойрын 3 жилдээ тус бүрдээ 2,000 тонн түүхий эд бэлтгэх бөгөөд нийтдээ 2000 тонн утас ээрэн, 7 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттойгоо ажиллаж байна. Энэ нь Монгол улсын ноолуурын түүхий эд бэлтгэлийн 50%, дэлхийн 20%-ийг дангаар бэлдэнэ гэсэн үг. Үүний зэрэгцээ Лондонд хувцас загварын чиглэлээр суралцдаг Жаргалсайханы Мандхай бүсгүй өөрийн нэрийн ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулсан нь дэлхийн алдартнуудын дунд нэр хүндтэй байна. Түүний брэндийн ноолууран хүрмийг загвар өмсөгч Жижи Хадид таашаан хэрэглэх болсноор олонд танигдах болсон. Мөн АНУ-ын хөрөнгө оруулалттай “Наадам” брэнд Монголын малчдаас ноолуурыг худалдан авч гадаадад 75 ам.долларын үнэтэй цамц үйлдвэрлэн худалдаалж эхэлжээ.
Ноолуураас гадна монгол залуус өнгөрсөн онд “Yakmere” брэндийн сарлагийн хөөврөн хувцсыг “Kickstarter”-т санал болгож, 16 мянган ам.долларын санхүүжилт татахаар болсон. Монгол сарлагийн хөөврийг ноолууртай дүйцэхүйц бүтээгдэхүүн болгож, дэлхийн зах зээлд экспортлох зорилттой ажиллаж байгаа энэхүү старт-ап компани бүтээгдэхүүнээ анх санал болгохдоо 10 мянган ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж байжээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.