Эдийн засаг
Уул уурхайн салбарын орлого эхний улиралд ямар байв?

Мал аж ахуйгаас хамаарч байсан Монгол Улсын эдийн засгийг өдгөө уул уурхайгаас салгаж ойлгох, тайлбарлах, төсөөлөх аргагүй болсон. Учир нь манай улсын экспортын 90 хувийг энэ салбар эзэлж байна. Уул уурхайн томоохон төсөл болох Оюутолгой хэрэгжиж эхлэх цагт улсын эдийн засаг 17.5 хувиар өсөж, шуугиулж байсан бол тэрнээс тав хүрэхгүй жилийн дараа буюу 2017 онд үзүүлэлтүүд хасах цикл рүү орж, төр, түмэнтэйгээ модоо барихдаа тулсан. Харин өнгөрсөн онд нүүрсний экспорт төлөвлөснөөс давж, дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, төсвийн орлого давж биелсэн. Уул уурхайн салбараас Монгол Улс 1.7 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн нь 1.9 их наяд болж өссөн. Тиймээс бодлого боловсруулагчид уул уурхайн салбарын орлогыг өнгөрсөн жилийнхээс гурав орчим хувиар нэмж, 3.1 их наяд байхаар тооцсон. Энэ нь Улсын төсвийн гуравны нэг нь юм. Шинжээчид үүнийг хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж үзэж байгаа бол зарим нь төсвийн орлого төсөөлсөн хэмжээнд хүрэх боломжтой гэдэг тайлбарыг өгөөд буй. Тиймээс энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспорт ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе. Гаалийн ерөнхий газар болон Уул уурхайн яамны өгсөн мэдээллээс харахад тус салбарын бүтээгдэхүүний олборлолт, экспорт нэмэгдсэн байгаа юм.
Нүүрсний орлого 171 сая ам.доллараар өсчээ
Эхний дөрвөн сарын байдлаар манай улс 961.0 сая ам.долларын 11.4 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 171 сая ам.доллараар өссөн дүн юм. Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж, их наядын орлого олохоор төлөвлөөд байгаа. Ингэхдээ тонн нүүрсний үнийг дунджаар 80 ам.доллар байхаар тооцсон юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нүүрсний хилийн дундаж үнэ 84 ам.доллар байна. Өнгөрсөн оны энэ үед үнэ 77.8 ам.доллар байсан юм.
Зэсийн экспортоор 30.5 мянган тонноор нэмэгдсэн
Энэ онд манай улс зэсийг тонн тутамдаа 6272.2 ам.доллар, экспортын хэмжээг 1.4 сая тонн байхаар тооцож, 1.3 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр болсон. Он гарснаар эхний дөрвөн сарын байдлаар 489.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 мянган тонноор их байгаа юм. Ингэснээр зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 672.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 701.4 сая ам.доллар болжээ. Нэмж мэдээлэхэд, өнөөдрийн байдлаар Лондонгийн металын бирж дээр зэсийн ханш 6135 ам.доллар байна.
Газрын тосноос 47.5 тэрбум төгрөгийн орлого олов
Энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлон, экспортод гаргахаар төлөвлөсөн. Ингэснээр Улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого оруулах юм. Үүнээс өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2.4 сая баррель буюу 320.6 мянган тонн газрын тос олборложээ. Харин үүний 304.9 мянган тонныг экспортолж, Улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого олжээ.
2.8 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ
Төмрийн хүдрийн экспорт 2.8 сая тонн буюу 159 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 806.4 мянган тонноор, үнийн дүн нь 66.5 сая ам.доллараар өсжээ. Тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 56.0 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 ам.доллараар өссөн байна.
Цайрын баяжмалын орлого 78.7 сая ам.доллар болсон байна
Цайрын баяжмал 54.1 мянган тонныг экспортолсон бөгөөд дундаж ханш нь 1455 ам.доллар байжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 349.5 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 78.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 3.5 сая ам.доллараар нэмэгджээ.
55 сая ам.долларын жонш экспортлов
Он гарснаар 55 сая ам.долларын 151.8 мянган тонн жонш экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 37.9 мянган тонноор, үнийн дүнгээр 18.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 362.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.7 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 34.9 хувь ОХУ-д, 64.4 хувь БНХАУ-д ногдож байгаа юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.