Нийгэм
Цахилгаан машин цэнэглэх станцыг авто зогсоолуудад суурилуулж эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн “Ногоон хот” зорилтын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх алхмууд хийгдсээр байна. Өнөөдөр цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил албан ёсоор эхэллээ.
Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, тэмдэгжүүлэх, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх урилгыг хоёр удаа нээлттэй зарласны дагуу “Глобал моторс” ХХК, “Номин ойл” ХХК, “Топологи” ХХК-иуд санал ирүүлсэн юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, 2018 онд багтаан цэнэглэгчүүдийг ашиглалтад оруулах үүрэг хүлээж байгаа бөгөөд манай улсын хувьд шинэ тутам энэхүү үйлчилгээтэй холбоотой аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг ил харагдахуйц, энгийн ойлгогдохуйц байдлаар хийж байрлуулах, цахилгаан машины хэрэглээг сурталчлах ажлыг давхар хийж гүйцэтгэнэ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байгаа автомашины яндангаас гарах хорт утааг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй, стратегийн ач холбогдолтой цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөөд байгаа билээ.
Цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ дэлхий нийтэд 2008 оноос эрс нэмэгдсэн ба түлшинд зарцуулах эдийн засгийн хэмнэлт, байгаль орчны хүчин зүйл, нийгмийн эерэг өөрчлөлт, нэр хүндийн баталгаа болдог зэрэг шалтгаан нь иргэдийн худалдан авалтад гол нөлөө үзүүлж байна. 15-20 жилийн дараа томоохон автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэх автомашины 90 хувийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг. Дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох БНХАУ шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж буй бол Энэтхэг улс 2030 он гэхэд бүх автомашиныг цахилгаан хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Их Британи болон Франц улсууд ойрын 20 жилийн дотор бензин болон дизель түлшээр ажилладаг автомашины худалдааг зогсоохоо мэдэгдээд байгаа билээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, цахилгаан автомашин, түүний сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгчдийн төлөвлөлтөөс үзэхэд 2025 он гэхэд цахилгаан машины хэрэглээ 40-70 саяар нэмэгдэх хандлагатай байгаа. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлах цэнэглэгч станцын тоо жилд 72 хувиар, цахилгаан машины үйлдвэрлэл 60 хувиар өсч байна. Үүнд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хэрэглээний өсөлт, цэнэг хураагуурын технологийн шинэчлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Манай улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хамгийн чухал эдийн засгийн ач холбогдол нь импортоор авдаг шатахууны зардлыг бууруулж, вальютын нөөцийг хэмнэн, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах явдал юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.