Эдийн засаг
“Эрдэнэс-Тавантолгой” эдийн засаг, бизнесийнхнээ өнгөлөв

Өнгөрсөн долоо хоног Монголын бизнесийн салбарынхны хувьд онцлог өдрүүд байлаа. Учир нь Монголдоо эдийн засаг, бизнесийн хамгийн нэр хүндтэй шагнал болох ТОП-100 болон Bloomberg Tv Mongolia Awards 2018 шагнал гардуулах ёслолууд өнгөрсөн долоо хоногт боллоо.
ТОП-100 аж ахуйн нэгжийг МҮХАТ Засгийн газартай хамтран шалгаруулдаг. Татвар, борлуулалтын орлого, ашиг, хөрөнгө, ажиллагсадын тоо гэсэн 5 үзүүлэлтээр эрэмбэлж, ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг.
Эрдэнэт үйлдвэр энэ жил ч мөн ТОП-100 компанийг тэргүүлсэн бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдахь жилдээ удааллаа. Ашиг ба хөрөнгийн хэмжээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК Эрдэнэт үйлдвэрийн өмнө орсон. Эндээс үзвэл тус компани яах аргагүй бизнесийн салбарт тэргүүлэгч болон өндийж иржээ. Үүнийг “Bloomberg Tv Mongolia Awards-2018” баталсан үйл явц ч давхацлаа.
Тус шалгаруулалтын хамгийн гол номинаци буюу “Шилдэг менежмент” шагналд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Анд глобаль” ХК-иуд нэр дэвшин өрсөлдсөнөөс “Эрдэнэс-Тавантолгой” ХК шалгарсан байна. “Шилдэг менежмент” номинацид нэр дэвшиж өрсөлдсөн “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын хувьдзэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүргэсэн Монголын эдийн засгийн гол багана гэдгийг Монгол хүн бүр мэднэ.
Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ удаа менежментийн үйл ажиллагаагаар давамгайлж, хүч түрэн гарч ирснээр цаашид ч гол өрсөлдөгч гэдгээ харуулсан үйл явдал байлаа. Компани2018 онд1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажиллахдаа борлуулалтын төлөвлөгөөг 240 хувиар давуулан биелүүлж, нүүрсний үнийг тогтмол өсгөж чадсан нь голлох нөлөөг үзүүлсэн талаар эдийн засагчид онцолсон байна.
Дэлхий даяар сүлжээтэй, эдийн засаг, бизнесийн толь болсон Bloomberg ийнхүү гол шагналаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өгсөн нь санамсаргүй хэрэг биш, “ирэх жилүүдэд Монголын №1 компани Эрдэнэс-Тавантолгой болно шүү” гэсэн битүүхэн мессэжийг гадаад ертөнцөд өгчихлөө гэж судлаачид дүгнэж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Bloomberg awards” гардаж авах үедээ “Төр муу менежер биш гэдгийг манай хамт олон, уурхайчид амжилтаараа харуулж чадлаа” гэж хэлсэн нь Засгийн газраас бизнес, санхүүгийн салбарт баримталж байгаа бодлого зөв байсны илэрхийлэл гэж үздэг хүмүүсийн байр суурийг баталлаа. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой компани дэд бүтцийн том төслүүдээ хэрэгжүүлж эхлээгүй байхдаа зөвхөн олборлолт, борлуулалтын ашиг орлогоороо бизнесийнхнийг тэргүүлсэн нь цаашид төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, цахилгаан станцаа ашиглалтад оруулж чадвал ямархуу хэмжээний өндөр ашиг, орлоготой ажиллаж, төрд, иргэдэд тэр хэмжээгээрээ хувь хүртээх боломжтойг илтгэсэн сайхан ирээдүйн дүр зураг ажиглагдаж байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.