Нийгэм
Хүүхэд амиа хорлосон бол эцэг эхийг нь шийтгэе

Хүүхэд гэмтсэн, бэртсэн, өвдсөн, амиа алдсан, тамлуулж зодуулсан, хүчир-хийлүүлсэн, амиа хорлосон мэдээ сонсох бүрт нийтээрээ бид хэдэн өдөртөө сэтгэл тайван бус, ухаан ундуй сундуй явцгаах юм. Гэвч дахиад л хүүхэд амиа хорлож өөрийгөө егүүтгэсэн хэргүүд. Өдөр бүр хүүхэдтэй холбоотой энэ мэт бараан, харамсалтай хэргийн дүн нэмэгдэж тоо нь ахисаар.
Гэтэл байх л ёстой үзэгдэл шиг, ингэх л ёстой амьдрал шиг, жамаараа л явчхаж байгаа юм шиг томчууд чимээгүй харсаар сууна. Ер зогсоож болохгүй тавилан уу, ерөндөг байхгүй үхэл үү. Үүний жишээ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт 15-хан настай хүү энэ сарын 19-ний өдрийн 21:00 цагийн үед өөрийн амьдардаг байшингийнхаа хөндлөвч модноос хүзүүгээ боочихжээ. Талийгаач хүү өөрийн өмсөж явсан шар өнгийн дурдан бүсээрээ дээд тэнгэр рүү дэвших шат хийчихжээ.
Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс гадны нөлөөтэй эсэхийг нь шалгаж байна гэх мэдээлэл ирэв. Яагаад тэр вэ. Амиа хорлох сэдэл юунаас үүдэв. 15 настай хүүхэд гэдэг зүүж яваа бүсээрээ хоолойгоо боох нь бүү хэл хар дарсан зүүднээсээ айж уйлаад аргадуулдаггүйсэн билүү. Ямар гээчийн зовлон, бэрхшээл байгаад үхлээс өөр зам сонгох боломжгүй болтол нь зоригийг нь хурцлав.
Томчууд ч бай, хүүхэд ч бай өөрөө өөрийгөө егүүтгэнэ гэдэг бол асар их зориг гаргахыг шаардахаас гадна, гарцаагүй шалтгаант нөхцөл үүссэн байдгаас үүдэлтэй болов уу. Үхэл рүү түлхсэн гарцаагүй шалтгаан нь юу байв. М хүүгийн хувьд хөдөөгийн буйдхан суманд амьдардаг. Угтаа бол хөдөөд хамгийн жаргалтай өсөж, хамгийн налгар, тайван байдаггүйсэн билүү.
М хүүгийн амиа хорлосон гэх мэдээ гол гогодож зүрх, тархи тайвширч амжаагүй байхад эцэг эхийнхээ маргааныг өөрийн халуун амиар эцэслэж дахин нэг хөөрхөн охин зурвас үлдээгээд амиа хорлочихлоо. Охины үхлийн шалтгаан нь эцэг эхийнх нь эцэсгүй хэрүүл маргаан байв. Биеэ хэлэхгүй муухайгаар хэлж аав, ээж гэдгээ умартталаа хэрэлддэг тэдний харилцаа, хандлагаас залхсан охин эцсийн мөч хүртлээ өөрөө өөрийгөө буруутгасаар энэ амьдралаас явжээ. Ивий хөөрхий минь.
Ээж, аав гэх эх захгүй хэрүүлийн алим хуваалцсан хоёртоо охин “Манай гэр бүл мөнхийн хэрүүлтэй байдаг нь надаас болсон. Аав ээж хоёрын хэрүүлийг тэвчиж чадахгүй нь, өдөр бүр хэрүүлтэй байхыг би хүсэхгүй байна. Аав аа та ээжийг 10 жилийнх нь уулзалтад хэрүүл хийлгүй явуулаарай” гэх захиа үлдээгээд өөрөө бидний дундаас явчихжээ. Охин 15 настай. Тавдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт уг хэрэг гарчээ.
Юутай их эмгэнэл вэ. Юутай их шаналал вэ. Томчуудын эх захгүй, зах замбараагүй хар бараан, хүйтэн цэвдэг харилцааны золиос хүүхэд байх ёстой гэж үү. Эцэг эх гэгдэх гэр бүлийн хүмүүжилгүй, сэтгэлийн боловсролгүй, гэр бүлийн харилцааны мэдлэггүй тамлагчдын дунд хүүхэд амиараа дэнчин тавьж зовж, жаргах ёстой юу. Асран халамжлагч аав, ээжийнхээ дэргэд байгаа хүүхэд амиа хорлосон бол харж хандаж, анхаарч, хянаж чадаагүй эцэг эхэд нь хариуцлага хүлээлгэе.
Хүүхэд хохирогч болсон энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг ажиглаад байхад эцэг эх гэх хууль ёсны асран хамгаалагчдын буруутай үйлдлээс болж хүүхэд амьдралаас залхсан байдаг нь элбэг. Тэгвэл хүүхдийнхээ сэтгэл зүйг хянаж, тэдэнтэй ярилцаж давж туулж чадахгүй гацчихаад байгаа асуудлыг нь ойлгуулах, ойлголцоход гар бие оролцоогүй эцэг эхчүүдийг буруутан болгоё. Хүүхдээ үхлээс өөр зам сонгох боломжгүй болтол нь ганцаардуулсан, шаналгасан, гадуурхсан, хүчирхийлсэн, тамлаж зодсон зэрэг олиггүй, хүйтэн хандлага үзүүлсэн эцэг, эх байх эрхгүй хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэе. Тэгвэл дээрх хоёр хүүхдийн адил үхэхэд ойрхон нөхцөлд дахиад хэдэн хүүхэд амьдарч байгаа юм бэ.
НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн тайланд 2018 оны байдлаар Монгол Улсад 3,122 бүтэн өнчин хүүхэд, 74 хараа хяналтгүй, 33,322 хагас өнчин, 11,435 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 495 хөдөлмөр эрхлэгч хүүхэд, асрамжийн байгууллагад байгаа 1,034 хүүхэд, гэмт хэргийн хохирогч болсон 1,688 хүүхэд, сэжигтэн яллагдагч болсон 956 хүүхэд, хуулиар шийтгүүлсэн 295 хүүхэд, хүнийг болгоомжгүй байдлаасаа болж хохироосон гэх 10 хүүхэд байдаг гэх судалгаа гарчээ.
Энэ бол өнөөдрийн Монгол Улсад амьдарч байгаа бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань нөхцөл боломжийн судалгаа. Хамгийн сэтгэл түгшээсэн бас нэгэн судалгаа нь гэр бүлийн орчин нь эрсдэлтэй бүлэгт багтсан 20 мянган гаруй хүүхэд байна. Өөрөөр хэлбэл, эдгээр 20 мянга гаруй хүүхдийн амьдарч өдөр хоногийг өнгөрүүлж буй гэр бүлийн орчин нь эрсдэлтэй байгааг тогтоочихжээ. Одоо тэгвэл хутганы ирэн дээр амьдарч байгаа эдгээр 20 мянган хүүхдээ яах вэ, Монгол Улс. Үүнд хариулт өгөх томчууд байна уу. Өдөр өдрөөр амиа хорлохыг нь, хэн нэгний гарт үхэхийг нь хараад, дуугүй тоолоод л суух уу. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ.
Юу хийвэл бид 20 мянга гаруй бяцхан иргэнийхээ сэтгэл зүрхийг тайван амгалан орчинд амьдруулж чадах вэ. Энэ бол бидний хийж чадахгүй, хяналтаас гарчихсан нөхцөл байдал, тоон мэдээ юм уу.
Хүүхдээ анхаарч, хянаж, хамгаалж чаддаггүй улс байгаад яах юм бэ. Хүүхдэд анхаарал хандуулъя, зөв тусгал болъё гэх зэргээр цагдаагийн байгууллага тодорхой ажил хийж, нийгмийг сэнхрүүлэх хэд хэдэн аян зарлалаа. Гэлээ гээд ганцхан байгууллагын хичээл зүтгэлээр хүүхдээ ялгаварласан нийгмийн гажиг сэтгэл зүй илааршихгүй нь мэдээж. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч болсон томчуудыг татан оролцуулъя. Тэдний оролцоог ахиулъя. Ингэхдээ хуулийн хүрээнд асуудалд хандъя. Тэгэхгүйгээр чимээгүй өнгөрөөж хүүхэд амиа алдсан мэдээг тоолж суусаар байтал хүүхдийн төлөө цохилох зүрхтэй, зовох сэтгэлтэй хүмүүс сэтгэлд гутралд автах нь ээ.
Гэр бүлийн маргаан, архинаас үүдэлтэй хардалт, хүчирхийлэл хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдгээс гадна айдас түгшүүр бий болгодог нь харилцааны хууль. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлдэг, өөрсдийн харилцаа хандлагаа аврах ажил өрнүүлье. Хүүхэд мөрөөдөж аав ээжийнхээ хайранд эрхэлж ирээдүйн Монгол Улсын ажиллах хүч болон өсөх ёстой болохоос өөрийгөө егүүт-гэх боломж эрэлхийлсэн гунигт тавиланг гараараа зурах ёсгүй ээ.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Улс төр24 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Эдийн засаг2 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм3 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь